Search

Чихрийн шижин өвчнийг тос түрхэж эдгээхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1881

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Чихрийн шижинг эмчлэх, урьдчилан сэргийлэх, цусан дахь сахрын хэмжээг бууруулах тос” гэх бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Чихрийн шижин өвчний улмаас арьс хуурайшиж, хагарсан үед  түрхдэг тосыг “цусан дахь сахрын хэмжээг буруулна, чихрийн шижинг эмчилнэ, урьдчилан сэргийлнэ” гэж сурталчилж, төөрөгдүүлж байна. Тос түрхээд цусан дахь глюкозын хэмжээг бууруулах, чихрийн шижин өвчнийг эмчилдэг болохыг баталсан нарийвчилсан судалгаа, туршилт байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 04 дүгээр сарын 24-нд Биеэ хайрлая нэртэй хуудаснаас чихрийн шижингээс сэргийлэх, эмчилгээтэй тос гэх бүтээгдэхүүн сурталчилсан пост (архивласан хувилбар) оруулжээ. Тус постод “сахрын өвчнөөсөө танай тосыг тасралтгүй 3 сар түрхээд салж чадлаа… 𝐒𝐮𝐦𝐢𝐟𝐮𝐧 брэндийн 𝐃𝐢𝐚𝐛𝐞𝐭𝐢𝐜 𝐂𝐫𝐞𝐚𝐦 нь чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, өвчилсөн бол эмчилгээтэй хамтад нь хослуулан хэрэглэх тосон түрхлэг юм. Энэхүү тосон түрхлэг нь: Цусан дах сахрын хэмжээг бууруулах, урьдчилан сэргийлэх, чихрийн шижин өвчлөлөөр өвдөх эрсдэлийг бууруулах, Өвчилсөн хүмүүсийг хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зовуурийг багасгах, эмчлэх зориулалт бүхий тос” гэх агуулгыг дурдсан байна. Мөн уг мэдээллийг нийт 81 реакц, 62 сэтгэгдлээр идэвхжүүлж, 101 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад Amazon, Ebay, Alibaba, Walmart зэрэг худалдааны сайтад чихрийн шижингийн үеийн хуурайшсан арьсыг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй тос хэмээн тайлбарласан байна. Тодруулбал, АНУ-ын Walmart сүлжээ дэлгүүрийн сайтад шалгасан мэдээлэлд харуулсан бүтээгдэхүүнтэй ижил зурагтай ч өөр савлагаатай тосыг хуурайшиж, улайсан, хагарсан арьсыг чийгшүүлж, өвдөлтийг намдааж, тайвшруулах, зөөлрүүлэх үйлчилгээтэй гэж тайлбарлажээ. Харин чихрийн шижин өвчнийг эмчлэх, цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлэх тухай огт дурдаагүй байна.

Walmart худалдааны төвийн сайт дахь бүтээгдэхүүний мэдээлэл

Чихрийн шижин өвчний үед арьсны асуудал гарах нь түгээмэл үзэгдэл бөгөөд хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдгийн нэг юм.  Цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр биеэс илүүдэл сахрыг гаргах хангалттай шингэн ялгаруулахын тулд шингэн шимэгдэж, цусны эргэлт буурч арьс хуурайшиж, хагарч, загатнадаг. Энэ үед сайтар чийгшүүлж, тос түрхэх нь шинж тэмдгийг намдаах юм.

Тос түрхээд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах, чихрийн шижин өвчнийг эмчлэх эмчилгээний арга огт байхгүй бөгөөд энэ тухай хийсэн нарийвчилсан судалгаа, туршилт огт байхгүй.

Их Британийн чихрийн шижин судлалын хүрээлэнгээс гаргасан чихрийн шижин өвчний тухай мэдээлэлд “Чихрийн шижинг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. 1 болон 2 дугаар төрлийн чихрийн шижинг ялгаж ойлгох нь зүйтэй. 2 дугаар төрлийн чихрийн шижингийн үед жингээ зөв зохицуулах нь маш чухал. Жин хэвийн хэмжээндээ байх үед цусан дахь глюкозын түвшин ч тогтворждог. Гэхдээ энэ нь чихрийн шижин бүрэн эдгэчихнэ гэсэн үг биш. Тиймээс тогтмол эрүүл мэндийн үзлэгт орж, эмчийн хяналтад байх нь зүйтэй. Харин 1 дүгээр төрлийн чихрийн шижингийн үед дархлааны систем инсулин ялгаруулагч бэта эсүүдийг устгачихдаг учир дархлааны системийн дайралтыг сааруулах эмчилгээ хийдэг. Дэлхий даяарх маш олон судалгааны төв эмчлэх аргыг хайж буй ч бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй” хэмээн мэдээлжээ.

Калифорнийн Лос Анжелесийн Их сургуулийн анагаах ухааны их сургуулийн сайтад дотор гэмтэл, чихрийн шижингийн мэргэжилтэн доктор Обидиугву Дуру чихрийн шижин өвчний тухай дараах байдлаар тайлбарласан байна.

  • “Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин нь инсулины дутагдлаас үүдэлтэй байдаг. Нойр булчирхай цусан дахь глюкозыг эсэд нэвтрүүлж, энерги болгон хувиргахад хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чаддаггүй. Ийм оноштой хүмүүс инсулиныг гаднын эх үүсвэрээс (тариа болон бусад хэлбэрээр) авах шаардлагатай болдог. Голдуу аутоиммун дайралтаас (дархлаа тогтолцоо өөрийн эс рүү дайрч гэмтээх) үүсэх магадлал өндөр байдаг.
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн инсулины тэсвэрлэг чанарт хүргэдэг илүүдэл жингээс шалтгаалдаг. Ялангуяа хэвлийн хэсгээр хуримтлагдсан илүүдэл өөх буюу дотор өөхлөлт үүнд гол нөлөө үзүүлдэг. Ихэвчлэн илүүдэл жин, эрүүл бус хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх эсвэл удамшлаас үүдэлтэй” хэмээн тайлбарлажээ.

Дүгнээд хэлбэл, чихрийн шижин өвчний улмаас арьс хуурайшиж, хагарсан үед  түрхдэг тосыг “цусан дахь сахрын хэмжээг буруулна, чихрийн шижинг эмчилнэ, урьдчилан сэргийлнэ” гэж сурталчилж, төөрөгдүүлж байна. Тос түрхээд цусан дахь глюкозын хэмжээг бууруулах, чихрийн шижин өвчнийг эмчилдэг болохыг баталсан нарийвчилсан судалгаа, туршилт байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Чихрийн шижинг эмчлэх, урьдчилан сэргийлэх, цусан дахь сахрын хэмжээг бууруулах тос” гэх бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document