2026 оны 04 дүгээр сарын 01-нээс “1072 хувьцаа өндөр үнээр худалдаж авна”, “1072 хувьцаа авна 10,720,000”, “Хувьцаа худалдаж авна. 1072-6.5 сая, 750-4.5 сая. Чатаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэх мэт постыг орон нутгийн болон зарын группүүдэд тасралтгүй түгээсээр байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-аас ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор 1072 хувьцаа ашиглан хуурамч мэдээлэл түгээж, залилах оролдлого ихээр гарч байгаа тул баримтаар шалгасныг хүргэе.
FACTCHECK:
Эрдэнэс Тавантолгой ХК-аас сэрэмжлүүлэг гаргажээ
2026 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК албан ёсны пэйжид “…1072 хувьцаа авна, зарна гэх мэт гэмт хэргийн шинжтэй залилан цахим орчинд үйлдэгдэж байгаа тул аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хууран мэхлэх, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү” гэж сэрэмжлүүлэг гаргасан.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь тусгай хууль тогтоомжийн дагуу зохицуулагддаг.
2012 оны Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд зааснаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэхээр зохицуулсан байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын зөвшөөрлөөр худалдах боломжтой бөгөөд хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй байгаа үед хувьцаа худалдаж, дурын үнэ тогтоох эрхгүй.
Хувьцааг өвлүүлэх боломж олгосон Засгийн газрын тогтоол гарсан ч энэ нь худалдах эрхийг нээсэн гэсэн үг биш
2026 оны 04 дүгээр сарын 29-ны Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хүргэх үед ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон “Эрдэнэс Тавантолгой ХК-ны хувьцааны талаар авах зарим арга хэмжээ”-ний тогтоол баталсан гэв. Тодруулбал, “…Энэхүү тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг хууль тогтоомжийн хүрээнд өвлүүлэх, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Ингэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй нас барсан 130 гаруй мянган иргэний хувьцаа, түүнд ногдох ашиг өв хүлээн авагч нарт шилжинэ. Иргэдэд мэдээлэл өгөх, зохион байгуулах аж ахуйн нэгжүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор тогтоолын хэрэгжилтийг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө” гэжээ.
- Энэ нь 1072 хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 130 гаруй мянган хүний хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэх тухай заалт. Харин худалдах, худалдан авах эрхийг нээсэн гэсэн үг биш.
Шалгаж буй мэдээллийг түгээсэн хаягууд нь нэр, зураг өөрийн биш, тодорхой мэдээлэлгүй хуурамч хаягийн шинжтэй. Мөн холбоо барих дугаар, нэмэлт мэдээлэлгүй зар байршуулж, зөвхөн чатаар харилцахыг тулгасан байна. Чатаар хандсан иргэний хувийн мэдээлэл, банкны дансны дугаар зэргийг авч, залилдаг.
Дүгнэхэд, өнөөдөр /04.29/ Засгийн газрын хуралдаанаар 1072 хувьцаатай холбоотой тогтоол гарсан ч энэ нь худалдах, худалдан авах эрхийн тухай биш, нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажиллагааг 06 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр заасан байна. Тиймээс одоогоор иргэн бүрт олгосон Эрдэнэс Тавантолгойн хувьцааг зарах боломжгүй хэвээр байна.




