2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Yangir Yangiroutdoor нэртэй хаягаас “Хималайн уулнаас олдсон “Эрдэнэ”: Орос оюутан бүсгүй 4 жилийн дараа хийдийн сахиус болон тодорчээ 2021 онд Хималайн нуруунд ганцаараа аялж яваад сураггүй болсон Орос оюутан бүсгүйг дөрвөн жилийн дараа National Geographic-ийн сэтгүүлчид Непалын өндөр уулын нэгэн буддын хийдэд сахиус болон амьдарч байхад нь олжээ. Өдгөө 24 настай Алина Ветрова нь тухайн үед Аннапурнагийн үндсэн отгоос BC гараад эргэж ирээгүй байна. Эрэн хайх ажиллагаа гурван долоо хоног үргэлжилсэн боловч цасан нуранги буусны улмаас түүнийг амиа алдсанд тооцжээ. Новосибирск хотод байх эцэг эх нь түүнийг хөдөөлүүлэх бэлгэдлийн ёслол ч хүртэл үйлдсэн байв. Гэвч 2025 оны эхээр алслагдсан хийдүүдийн тухай баримтат кино хийж байсан зураг авалтын багийнхан далайн түвшнээс дээш 4,800 метрийн өндөрт орших нэгэн сүмд гэлэнмаагийн хувцастай, төвд болон непал хэлээр чөлөөтэй ярьдаг европ төрхтэй залуу эмэгтэйг олж харжээ. Алина уулын өвчнөөс болж ухаан алдаж унасан байхад нь даяанч лам нар олж, хэдэн сарын турш ургамлын ханд, эм тангаар асарч тэнхрүүлсэн байна. Түүнийг ухаан орох үед даваа гүвээнүүд хэдийн цасанд боогдож, зун болтол доошоо буух боломжгүй болсон байв. Эдгээр саруудад тэрээр Төвд анагаах ухаан, бясалгалд суралцаж эхэлжээ. Хийдийн хамбын хэлснээр: “Алинад нэгэн ховор авьяас байсан нь уулын эмийн ургамлыг үнэрээр нь алдалгүй таньдаг байв. Лам нар үүнийг ‘дахин төрсөн сүнсний шинж’ хэмээн үзжээ.” Түүнд Тэнзин Долма хэмээх нэр хайрлаж, сүүлийн 40 жилийн турш эзэнгүй байсан “Хийдийн эмийн сангийн сахиус” буюу залгамжлагчаар сургаж эхэлсэн байна. Өдгөө Алина 600 гаруй төрлийн өндөр уулын ховор ургамлын цуглуулгыг хариуцдаг. Тэрээр уламжлалт хүрэн улаан өнгийн орхимж өмсөж, үсээ хусуулсан бөгөөд бугуйндаа өөрийнх нь зиндааг илтгэх сарлагийн ясаар хийсэн зан үйлийн бугуйвч зүүдэг байна. Өглөө бүр зан үйлийн үеэр духан дээр нь гүргэмийн зуурмагаар тэмдэг тавьдаг. Сэтгүүлчид түүнээс нутаг буцах хүсэл байгаа эсэхийг асуухад, Алина орос хэлээр ялимгүй аялгатайгаар: “Би хэдийнээ гэртээ байна. Уулс өөрийн сонгосон хүмүүсээ хэзээ ч явуулдаггүй юм” хэмээн хариулжээ. Алинагийн эцэг эх хэдийнээ Катманду руу ниссэн бөгөөд энэ сарын сүүлээр уулзалт товлогдоод байгаа юм байна” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 615 реакц авч, 284 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр X платформд түгсэн нь илэрлээ. Гэвч тус постыг хиймэл оюунаар үүсгэсэн зурагтай, зохиомол түүх гэж үнэлжээ. Учир нь “National Geographic болон холбогдох байгууллагуудаас уг мэдээллийг баталгаажуулаагүй. 2021 онд Алина Ветрова алга болсон гэх ямар ч албан ёсны бүртгэл байхгүй” гэдгийг X платформын “Readers added context they thought people might want to know” цэсэд харуулжээ. Уг цэс нь Community Notes буюу хэрэглэгчдийн оролцоонд суурилсан системээр ажилладаг. Ингэхдээ маргаантай, олон нийтийн анхаарлыг татсан сэдэвт хүлээн авагчдын байр суурийг үндэслэж, нэмэлт мэдээлэл өгдөг функц юм.
Российская студентка,пропавшая в Гималаях в 2021 во время одиночного похода, спустя четыре года была найдена журналистами National Geographic в роли хранительницы высокогорного буддийского монастыря в Непале.
— Elena (@elena_p2017) April 25, 2026
Алина Ветрова,24 года,вышла из базового лагеря Аннапурны и не вернулась pic.twitter.com/EzriLg5VuX
Иймээс тухайн мэдээллийг баталгаажуулахын тулд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг шалгадаг хэрэглүүрүүдийг ашиглав. Хиймэл оюун таних Hive Moderation хэрэглүүрээр шалгасан мэдээлэлд буй зургийг нягтлахад, 99.9%-ийн зохиомол зураг гэж илэрлээ. Мөн тус зургийг бүтээхдээ seedream хиймэл оюуны хэрэглүүрийг ашигласан байх магадлалтайг ч харуулсан.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан өөр нэгэн зургийг тус хэрэглүүрээр шинжлэхэд, 99.9 хувь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, хуурамч зураг гэсэн дүн гарлаа. Тус зургуудыг нээлттэй хэрэглүүрээр нягтлахаас гадна нүдээр сайтар ажиглавал гэрэл сүүдрийн харьцаа алдагдсан, дагз, шилэн хүзүү хэсэгт илүү үс гарсан, хэт өөгүй арьс, орчинтой дүрслэгдсэн зэрэг хиймэл оюунаар бүтээгдсэн контентод ажиглагддаг нийтлэг шинж тэмдгүүдийг агуулсан нь анзаарагдаж байна.

Үүнээс гадна хиймэл оюун таних wasitai хэрэглүүрээр давхар шалгахад урьдын адил AI-аар бүтээгдсэн гэж илэрснээр шалгасан мэдээлэлд буй зургууд нь хиймлээр бүтээгдсэн гэдэг нь баталгаажиж байна.

Зургийн тайлбар: Шалгасан мэдээлэлд буй зургийг wasitai хэрэглүүрээр нягталсан үр дүн
Сүүлд нь National Geographic сайтаас шалгасан мэдээллийн агуулгыг “Alina Vetrova”, “Alina Vetrova AND Buddhist monastery AND Annapurna Base Camp” зэрэг түлхүүр үгээр хайхад ямар ч илэрц олдсонгүй. Энэ нь тухайн мэдээллийн баталгаагүй байдлын илрэл юм.
Дүгнэлт
Гаднын мэдээллийн хэрэгслээр түгсэн зохиомол түүх, хиймэл оюунаар бүтээсэн зурагтай хуурамч, баталгаагүй мэдээллийг орчуулан түгээжээ.
Ийм төрлийн мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлэхээс гадна хуурамч мэдээлэл улам хурдтай тархах нөхцөлийг үүсгэх эрсдэлтэй. Учир нь энэ төрлийн контентоор хандалт татсаны дараа санаатайгаар хуурамч мэдээлэл тараах үзэгдэл байдаг. Тиймээс хор хөнөөл багатай, хошин мэдээллийг ч баталгаажуулж, нягталдаг байх нь чухал юм.




