2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр LUNA 66 нэртэй хуудаснаас “Тантай ингэж холбогдсонд уучлаарай; надад Мессенжерээр бичнэ үү” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 601 реакц авч, 40 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь
“LUNA 66” нэртэй пэйжийн ил тод байдлыг шалгахад, 2025 оны 12 дугаар сарын 2-нд үүсгэсэн, Бенин улсаас удирдлагатай хуудас гэдэг нь илэрлээ. Тус пэйж нь 54 дагагчтай бөгөөд хуудасныхаа танилцуулгыг “Community Center” буюу олон нийтийн төв гэж тодорхойлжээ. Уг хуудас нь мэдээлэл түгээхдээ холбоо барих дугаар, хаяг, албан ёсны вэбсайт зэргээ дурдахгүйгээр зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.

Зургаар хайсан нь
Шалгасан мэдээлэд буй зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад Freepik, Shutterstock, Envato зэрэг платформууд дээрх илэрц олдлоо. Тус платформууд нь мэргэжлийн зураг, дизайн, контент худалдан авах боломжийг олгодог юм.


Зургийн тайлбар: Freepik платформоос “Old person hospital bed Images” гэх түлхүүр үгээр хайхад илэрч буй зургууд
Үүнээс харахад, “LUNA 66” гэх хуудас нь зургийн платформууд дээр буй үнэгүй, бэлэн зургийг ашиглан хэрэглэгчийг хуурч байна.
Агуулгыг нягталсан нь
Үргэлжлүүлэн тус хуудас руу чатаар хандахад доорх мэдээллийг илгээсэн юм. Мэдээллийн шинж чанарыг ажиглахад орчуулгын программ ашигласан мэт ойлгомжгүй, найруулгын алдаатай өгүүлбэр бичсэн нь анзаарагдсан.

Хүний сэтгэлийг хөдөлгөсөн зохиомол түүх ашиглан олон нийтийн анхаарлыг татаж, улмаар хэрэглэгчдийг мэхлэх залилангийн хэлбэр түгээмэл болсон. Ийм төрлийн мэдээлэлд ихэвчлэн “хандив авах, өгөх”, “бэлэг тараах” зэрэг агуулгатай байдаг.
Ингэхдээ олон нийтийн нээлттэй орчноос гадуур, хувийн чатаар харилцахыг уриалж, баталгаагүй эх сурвалж, худал мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь элбэг. Ийм нөхцөлд аливаа мэдээлэлд шууд итгэхгүйгээр эх сурвалжийг нягтлах, хувийн мэдээллээ хамгаалж, хэрсүү байх хэрэгтэй. Учир нь энэ төрлийн мэдээлэлд итгэж, чатаар хандсанаар санхүү, хувийн мэдээллээ алдах эрсдэлд ордог.
Дүгнэлт
Интернэтэд буй бэлэн зураг ашигласан хуурамч хуудаснаас хэрэглэгчдийг чатаар холбогдохыг уриалж, зохиомол түүхээр урхидан залилахаар оролдож байна.




