Search

Вьетнамаас удирдлагатай хуудаснаас “Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1868

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос. Өвдөг, мөр, хүзүү, нурууны өвдөлтийг бууруулна. Хоол боловсруулалтыг сайжруулж, нойрыг сайжруулна. Цусны эргэлтийг дулаацуулж, сайжруулна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хоёр өөр төрлийн бүтээгдэхүүний зургийг ашиглан нэг ижил бүтээгдэхүүн мэтээр тайлбарлаж, “Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос” хэмээн сурталчилж байна. Тус мэдээллийг түгээсэн хуудас нь гаднын улсаас удирдлагатай, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг албан мэдээлэлгүй, баталгаагүй хаяг байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн мэргэжилтэн нэртэй хуудаснаас “Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос. Гаа, гавар, цагаан гаа, турмерикийн эфирийн тос гэсэн орц найрлагатай. Өвдөг, мөр, хүзүү, нурууны өвдөлтийг бууруулна. Хоол боловсруулалтыг сайжруулж, нойрыг сайжруулна. Цусны эргэлтийг дулаацуулж, сайжруулна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 311 реакц, 435 сэтгэгдэл авч, 394 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг нягтлахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах, зургаар хайх аргыг ашиглав.

Хаягийг шалгасан нь

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2024 оны 10 дугаар сарын 22-нд “Sanderma No 1 – Pakar Kulit Anda” нэртэй нээгдсэн нь илэрлээ. Тус хуудас нь нээгдсэнээсээ хойш 5 удаа нэрээ сольжээ. Мөн хуудасны админ удирдлага нь Вьетнам улсаас гэж харагдаж байна.

Цаашлаад тус хуудаснаас түгээсэн мэдээллийн шинж чанарыг шинжлэхэд орчуулгын программ ашигласан мэт үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Төрөл бүрийн барааны захиалга авч буй агуулгатай мэдээлэл түгээдэг ч холбогдох дугаар, хаяг байршил гэх мэт албан мэдээлэлгүй. Зөвхөн чатаар холбогдож, холбоосоор дамжихыг уриалдаг байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад ажиглагддаг түгээмэл шинж чанарууд юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг зургаар хайхад онлайн худалдааны сайтуудаар “өвчин намдаах массажны тос” гэж худалдаалагдаж буй нь илэрсэн. Гэвч уг тосыг итгэмжлэгдсэн, найдвартай бүтээгдэхүүн эсэх талаар ямар ч мэдээлэл олдсонгүй.

Мөн шалгасан мэдээллийн тайлбар хэсэгт байршсан холбоосыг нягталлаа. Уг холбоосоор хандахад түгээсэн бичлэгт харуулж буй бүтээгдэхүүнээс шал өөр төрхтэй тосны зургийг хавсаргажээ. Тус тосны зургаар хайхад онлайн зарын мэдээллээс өөр ямар ч нэмэлт мэдээлэл илэрсэнгүй. Энэ нь баталгаагүй бүтээгдэхүүний шинж юм. Өөрөөр хэлбэл, “Эрүүл мэндийн мэргэжилтэн” гэх хуудас нь Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос гэсэн тайлбартай хоёр өөр бүтээгдэхүүний мэдээлэл түгээж байна.

Гаднын улсаас удирдлагатай холбогдох утас, байршил тодорхойгүй хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүнийг эмчилгээний хэрэгсэл мэтээр тайлбарлах, холбоосоор хандахыг уриалах, нэр, тайлбарын зөрүүтэй зургаар захилга авахаар оролдох зэрэг нь залилангийн сэдэлтэй үүдэл тул дээрх шинж чанартай мэдээлэлд анхааралтай хандах хэрэгтэй.

Үргэлжлүүлэн тухайн мэдээлэлд хавсаргасан холбоосны шинж чанарыг олон нийтэд нээлттэй хэрэглүүрээр шалгав. Домэйн хаяг нягтлах Urlvoid хэрэглүүрээр дээрх хуудасны Buglobal.xyz холбоосыг шинжлэхэд 2024 оны есдүгээр сарын 18-нд үүссэн, Вьетнам улсаас удирдлагатай хаяг гэдэг нь илэрлээ.

Зургийн тайлбар: Шалгасан мэдээлэлд хавсаргасан домэйн хаягийг Urlvoid хэрэглүүрээр шалгасан нь

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл хүргэдэг Кливлэнд Клиник сайтад “Үе мөчний өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч шинж тэмдэг, зовуурийг намдаах боломжууд бий. Үүнд зориулалтын эм, тос, дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ, нэмэлт амин дэм зэрэг багтаж болно. Харин өвдөлт хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгэж, мэс заслаар шийдэх шаардлагатай” гэж мэдээлсэн байна. Нэг үгээр бол энгийн өвчин намдаах тосонд үе мөчний өвчин бүрэн эмчлэгдэхүй. Тиймээс цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгэх нь зүйтэй.

Дүгнэлт

Цахим орчинд гаднын улсаас удирдлагатай, баталгаагүй эх сурвалж бүхий хаягуудаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдаалах, захиалга авах нэрийдлээр хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчдийг залилдаг үзэгдэл бий. Тухайлбал, хоёр өөр төрлийн бүтээгдэхүүний зургийг ашиглан нэг ижил бүтээгдэхүүн мэтээр тайлбарлаж, “Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос” хэмээн сурталчилж байна. Тус мэдээллийг түгээсэн хуудас нь гаднын улсаас удирдлагатай, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг албан мэдээлэлгүй, баталгаагүй хаяг байна. Иймд цахим орчинд худалдан авалт хийхдээ хаягийн найдвартай байдлыг нягталж, баталгаагүй, тодорхой бус мэдээлэлтэй газраас захиалга хийхээс зайлсхийх хэрэгтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хонконгийн үе мөчний өвчин намдаах тос. Өвдөг, мөр, хүзүү, нурууны өвдөлтийг бууруулна. Хоол боловсруулалтыг сайжруулж, нойрыг сайжруулна. Цусны эргэлтийг дулаацуулж, сайжруулна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document