2026 оны 04 дүгээр сарын 18-нд CFLI FCIL Mongolia нэртэй хаягаас “Монгол өрх бүрт 5-100 сая төгрөгийн санхүүжилтийг үнэгүй олгоно. Олон улсын санхүүгийн байгууллага FCIL Монгол Улсын тэргүүлэгч банкуудын төлөөлөгчдийн олон улсын уулзалтын үр дүнд буурай хөгжилтэй тэмцэх үндэсний банкуудын хүчин чармайлтыг дэмжих ажлын хүрээнд Монгол Улсын 650 өрхөд санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Хэрэв та санхүүжилт авах боломжтой эсэхээ мэдэхийг хүсвэл мессеж илгээнэ үү” гэх текст бүхий зураг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 132 реакц, 181 сэтгэгдлээр идэвхжүүлж, 24 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Олны танил, албан тушаалтны зургийг ашиглаж, тэтгэлэг, санхүүжилт өгнө гэх нэрийдлээр хувийн мэдээлэл авах, цаашлаад санхүүгийн залилан үйлддэг байна. Иймд аливаа тэтгэлэг, урамшуулал, мөнгө өгнө гэх мэдээлэлд шууд итгэлгүй дараах аргаар шалгаарай.
Хаяг шалгах

CFLI FCIL Mongolia хуудас нь 2026 оны 04 дүгээр сарын 05-нд нээгдсэн ба нийт 6 дагагчтай байна. Мөн танилцуулга хэсэг хоосон, пэйжийг удирдаж буй админы мэдээлэл нээлттэй харагдахгүй байхгүй байна.
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбар 2025 оны 07 дугаар сарын 25-нд Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээ илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, тус зураг нь Ерөнхий Сайд асан Г. Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзаж байх үеийн зураг аж.

Агуулгыг нягтлах
Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд овог нэр, иргэний үнэмлэхийн зураг, дансны дугаар гэх мэт хувийн мэдээллээ бөглөж явуулахыг хүссэн. Аливаа залилангийн шинжтэй мэдээлэл нь “хүн бүр хамрагдах боломжтой, мөнгө авахын тулд чат бичээрэй, мөнгө шилжүүлээд өсгөж аваарай” гэх мэт агуулгатай түгдэг. Иймд их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.

Мөн дээрх агуулгад дурдагдсан “Канадын Орон нутгийн санаачлагыг дэмжих сан (CFLI)” нь иргэний нийгмийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлдэг бөгөөд орон нутгийн ТББ, олон нийтийн бүлгүүд болон ашгийн бус байгууллагууд санхүүжилтийн хүсэлт гаргах боломжтой байдаг байна.
Түүнчлэн Канадын Орон нутгийн санаачлагыг дэмжих сангийн албан ёсны сайтад “Монгол өрх бүрт 5-100 сая төгрөгийн санхүүжилтийг үнэгүй олгоно” гэсэн агуулгатай мэдээлэл огт байхгүй байна.
Дүгнэлт
Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас олны танил хүн, байгууллагын нэрээр залилан хийх гэж оролдох нь бий. Ингэхдээ олон нийтийн анхаарлыг татахын тулд “хандив өгнө”, “мөнгө тараана”, “бэлэг өгнө”, “тусламж үзүүлнэ” зэргээр ашиг хонжоо амалдаг. Мөн хуурамч дансны хуулга, бэлэн мөнгө, машин гэх мэт зургууд хавсаргаж, хүмүүст үнэмшилтэй харагдуулахыг хичээдэг. Иймэрхүү мэдээлэлд итгэж, хуурамч хуудаст хандах нь хувийн мэдээллээ алдах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн алдагдал ч хүргэх сөрөг талтай. Тиймээс энэ төрлийн мэдээлэлд хандахаасаа өмнө анхан шатны баримт шалгах алхмын дагуу нягталж сурах нь чухал юм.
Дүгнээд хэлбэл, хуурамч хаягаас “Монгол Улсын 650 өрхөд санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ” гэх залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Ингэхдээ Ерөнхий Сайд асан Г. Занданшатар, Канад Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Сандра Шуфаниг зэрэг хүний зургийг ашиглажээ.




