2026 оны 04 дүгээр сарын 19-нд Батзул Цэнд-Аюуш нэртэй Facebook хаягаас “Олон улсын сансрын станцаас буулгасан энэхүү гайхамшигт дүрслэлд өргөн уудам гол мөрдийн сүлжээний дээр хүчирхэг шуурганы систем дээш хөөрөн хөгжиж буй нь харагдана…” гэсэн тайлбартай зураг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 972 реакц, 22 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 137 удаа цааш түгээсэн байна.
Энэхүү зураг нь олон нийтэд шууд хор хөнөөл учруулахгүй ч хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг тайлбарлаагүй, хуурамч тайлбар оруулсан нь Мета компанийн журмыг зөрчсөн байна. Иймд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг оруулахдаа “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог тайлбартаа ашиглаж байгаарай. Энэ төрлийн зураг бичлэгийг нягтлах аргыг хуваалцлаа.
FACTCHECK:
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг эсэхийг шалгадаг хэрэглүүрээр шалгаж үзэх
Бид тус зургийг хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн зураг эсэхийг шалгадаг hivemoderation хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар үүссэн байх магадлал нь 99,9%, мөн gptimage1_5 моделийг ашигласан гэсэн үр дүн гарсан.

Мөн sightengine хэрэглүүрээр шалгахад мөн 99 хувьтай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.

Тухайн зургийн анхдагч эх сурвалжийг олох
Бид Google Lens хэрэглүүр ашиглан нягтлахад, шалгасан зурагтай төстэй зургийг анх 04 дүгээр сарын 15-нд Echoes of Unbound Curiosity нэртэй Facebook хаягнаас “Энэ бол 7 минутын өмнөх Дэлхий ертөнц сансраас харагдаж буй байдал” гэсэн тайлбартай нийтэлжээ.

Дээрх зургийг мөн хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн зураг эсэхийг шалгадаг hivemoderation хэрэглүүрээр шалгахад 94% хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарсан. Цаашлаад Echoes of Unbound Curiosity хаягийг нягтлан үзвэл, ихэвчлэн “…NASA-аас сансраас авсан шинэ зураг нийтэллээ…” гэсэн тайлбартай хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг болон бичлэг нийтэлдэг байна. Бид тус хаягаас 2026 оны 04 дүгээр 17-нд нийтэлсэн “NASA саяхан сансраас авсан Гранд Каньоны энэ гайхалтай шинэ зургийг хуваалцлаа” гэсэн тайлбартай зургийг шалгахад мөн 99,9%-тай хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа.


Мөн “Энэ бол 7 минутын өмнөх Дэлхий сансраас харагдаж буй байдал” гэсэн тайлбартай зургийн эх сурвалжийг “NASA / Олон улсын сансрын станц” хэмээн дурджээ. Гэвч NASA-ийн албан ёсны вэбсайтад дээрх түлхүүр үгсээр хайлт хийхэд, Олон улсын сансрын станцаас авсан гэх ийм агуулгатай ямар нэг мэдээлэл байршаагүй байна.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зургийг “Олон улсын сансрын станцаас буулгасан энэхүү гайхамшигт дүрслэл…” гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




