Search

“Мэнгэ арилгах тос” гэх бүтээгдэхүүн арьсанд нөхөн сэргэхээргүй гэмтэл үүсгэх эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1862

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үү, мэнгэ, бор толбо, арьсны үрэвсэл арилгах байгалийн найрлагатай тос” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Үү, мэнгэ, бор толбо, арьсны үрэвсэл арилгах тос” нь мэргэжлийн байгууллагаар бүрэн батлагдаагүй, найдваргүй бүтээгдэхүүн юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсанд гэмтэл үүсгэж, түлэх эрсдэлтэй байдаг. Иймд арьсны эмч нар гэрийн нөхцөлд мэнгэ арилгах зорилгоор баталгаагүй бүтээгдэхүүн, нотлогдоогүй арга зэргийг туршихгүй байхыг сануулсан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Өдөр бүр үзэсгэлэнтэй, хөөрхөн байгаарай нэртэй хуудаснаас “Үү, мэнгэ, бор толбо, арьсны үрэвсэл зэргийг өвдөлтгүй, сорвигүй арилгах байгалийн найрлагатай тос. Зөвхөн 10 секундийн дотор жижиг хар толбонууд арилна. 20 секундийн дараа том толбонууд гуужиж эхэлнэ. Нэг долоо хоногийн дотор л нөсөө толбонууд мэдэгдэхүйц бүдгэрнэ. Гэртээ хэрэглээд хэдхэн хоногт үр дүнг мэдрээрэй” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг пост 572 реакц, 503 сэтгэгдэл авч, 387 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах аргуудыг ашиглав.

Хаягийг шалгасан нь

Уг хуудсыг шалгахын тулд Page transparency буюу хуудасны ил тод байдлын мэдээллийг нягталлаа. Шалгалтаар тус хуудас 2022 оны 10 дугаар сарын 25-нд “Trung Tâm Phân Phối Trường Xuân Vương Chính Hãng – Liên Hệ: 0339.211.199” нэртэй нээгдсэн, Вьетнамаас 8 админ удирдлагатай зэрэг мэдээлэл илэрсэн.

Үргэлжлүүлэн тус хуудсыг шинжлэхэд төрөл бүрийн бүтээгдэхүүний захиалга авах тухай мэдээлэл түгээдэг байна. Ингэхдээ зөвхөн холбоосоор дамжиж захиалга өгөхийг уриалдаг бөгөөд ямар ч холбогдох утас, хаяг байршил зэрэг нэмэлт мэдээлэл оруулдаггүй байна. Мөн найруулга, үг, үсгийн алдаатай тайлбар бичдэг. Энэ нь гаднын улсаас удирдлагатай хуурамч хаягуудад түгээмэл ажиглагддаг шинж чанарууд юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй тосны зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад Lazada, Taobao зэрэг онлайн худалдааны сайтаар борлуулагдаж буй илэрц гарч ирсэн. Гэвч уг бүтээгдэхүүний баталгаатай байдлыг илтгэсэн ямар нэг баримт байхгүй. Мөн бүтээгдэхүүний гол орц, найрлагын талаар ч тодорхой мэдээлэл илэрсэнгүй.

Харин бүтээгдэхүүний тухай түлхүүр үг ашиглан, агуулгаар хайхад хэрэглэгчид тус тосны найдвартай бус, эрсдэлтэй шинжийг дурдсан нийтлэлүүд илрэв. Уг асуудлаар Японы мэргэжлийн байгууллагаас анхааруулга гаргаж байжээ. Энэ талаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Японы томоохон өдөр тутмын сонины онлайн хувилбар болох The Mаinichi сайтад “Японы Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн үндэсний төвөөс мэнгэ, сэвх, үү арилгана гэх хятад тосноос болж 4 хүн арьсны гэмтэл авсан” гэж мэдээлсэн байна. Уг мэдээнд буй арьсны гэмтлийн тохиолдол нь химийн урвалаас үүдэлтэй түлэгдэлт гэж оношлогдсон. Учир нь эл тос нь маш шүлтлэг бөгөөд кальцийн исэл, натрийн гидроксид зэрэг идэмхий бодис агуулсан байж болзошгүй аж. Олон улсын химийн стандартын дагуу ийм найрлага нь арьсанд нөхөн сэргэхээргүй гэмтэл үүсгэх эрсдэлтэй гэж үздэг байна. Иймд тус төвөөс уг бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Зургийн тайлбар: Японы Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн үндэсний төвөөс “Tenshiko” нэртэй тосыг хэрэглэхгүй байхыг сануулж, арьсны гэмтэл үүсгэж буйг анхааруулсан нь

Гэрийн нөхцөлд мэнгэ, үү арилгах батлагдаагүй аргыг туршихгүй байхыг арьсны эмч нар сануулж байна.

Америкийн Арьсны эмч нарын академийн мэргэжилтнүүдийн “Мэнгэ арилгадаг гэх бүтээгдэхүүнүүд нь сорви, хонхойлт зэргээр арьсанд гэмтэл үүсгэж болзошгүй. Мэнгийг гэрийн нөхцөлд авах нь арьс гэмтэж сорви үүсэх, халдвар авах зэрэг эрсдэлтэй. Мөн тухайн мэнгэнд хорт эс агуулагдаж байвал цааш тархах аюултай” гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн мэнгийг арилгах үйл явц нь нарийн үзлэг, шинжилгээнд үндэслэн эмнэлгийн орчинд тусгай багаж, төхөөрөмж ашиглан мэргэжлийн түвшинд хийгдэх шаардлагатай эмчилгээ гэдгийг ч дурдсан байна. Иймд гэрийн нөхцөлд баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүйгээр шууд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Мөн АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас “Мэнгэ, арьсны ургацаг арилгах зорилгоор сурталчилдаг баталгаагүй бүтээгдэхүүнүүд нь арьсыг цочроох, гэмтээх, сорви үүсгэх зэрэг ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Энэ төрлийн баталгаагүй бүтээгдэхүүнүүд нь хортой найрлага ч агуулсан байж болзошгүй” хэмээн сануулсан байна.

Эдгээр баримтуудаас дүгнээд үзвэл, “Үү, мэнгэ, бор толбо, арьсны үрэвсэл арилгах тос” нь мэргэжлийн байгууллагаар бүрэн батлагдаагүй, найдваргүй бүтээгдэхүүн юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсанд гэмтэл үүсгэж, түлэх эрсдэлтэй байдаг. Иймд арьсны эмч нар гэрийн нөхцөлд мэнгэ арилгах зорилгоор баталгаагүй бүтээгдэхүүн, нотлогдоогүй арга зэргийг туршихгүй байхыг сануулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Үү, мэнгэ, бор толбо, арьсны үрэвсэл арилгах байгалийн найрлагатай тос” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document