Search

Казахстан усны нөөцөөр Төв Азийн орнуудын дундажаас өндөр хэвээр байгаа ба “уранд хордож, усгүй болсон” гэх судалгаа, баримт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1860

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“КАЗАХСТАН юун хөгжих! УРАНД хордож, усгүй баларч байгаа юм байна! Сүйрчихсэн юм байна! Хөөрхий” гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зэргээс шалгаалан дэлхий даяар усны нөөц буурч байгаа үзэгдэл Казахстанд мөн гарч байгаа ч Төв Азийн орнуудын дунджаас өндөр түвшинд байна. Олон улсын болон Казахстаны баримт, судалгаануудад “Казахстан уранд хордож усгүй болж байгаа” гэх мэдээлэл байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 3 дүгээр сарын 24-ны өдөр Мөнхсайхан Содномын (архивласан хувилбар) нэртэй хаягаас “КАЗАХСТАН юун хөгжих! УРАНД хордож, усгүй баларч байгаа юм байна! Сүйрчихсэн юм байна! Хөөрхий” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 173 реакц, 18 сэтгэгдэл авч, 429 удаа цааш түгээгджээ.

Мөн уг постыг 2026 оны 03 дугаар сарын 30-нд Khukhuu Khukhuu (архивласан хувилбар) нэртэй хаяг өөрийн хаяг дээр хуваалцсан нь нийт 130 реакц, 7 сэтгэгдлээр идэвхжүүлж, 123 удаа цааш түгээсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлээс дэлхий даяар усны нөөц хомсдож байгаа үзэгдэл Казахстанд мөн тулгарч байгаа ч бүс нутгийн дунджаас дээгүүр түвшинд байна

2024 онд Дэлхийн банкнаас “Казахстан – Усны аюулгүй байдлын ерөнхий үнэлгээ” гарчигтай судалгааны тайланг нээлттэй байршуулжээ. Тус тайланд Казахстан улсын усны аюулгүй байдлын нөхцөл байдлыг усны нөөцийн боломж, салбарын бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэл, үр дүн зэрэг хэмжүүрээр ерөнхий түвшинд авч үнэлсэн байна. Тодруулбал, Казахстаны усны аюулгүй байдлын үнэлгээнд:

  • уур амьсгалын өөрчлөлт
  • хуучирсан дэд бүтэц,
  • хүн амын өсөлт,
  • хөрш орнуудын усны хуваарилалтыг гол эрсдэл гэж тодорхойлжээ.

Уг судалгаанд “уранаас болж усны хомсдолд орсон” гэх агуулга, дүгнэлт огт байхгүй байна.

Түүнчлэн тус тайланд Казахстаны усны нөөц харьцангуй бага боловч бүс нутгийн дунджаас дээгүүр түвшинд байгааг онцолжээ. Тухайлбал,

  • “Food and Agriculture Organization (2020)-ын мэдээлснээр тус улсын сэргээгдэх усны нөөц жилд дунджаар 108 км³ бөгөөд энэ нь нэг хүнд ногдох усны хэмжээ 5,918 м³/жил болж, Төв Азийн орнуудын дунджаас (3,791 м³/жил) өндөр үзүүлэлт юм. Нийт сэргээгдэх усны нөөцийн 75% орчим нь гадаргын ус (ойролцоогоор 81 км³/жил), үлдсэн 25% нь газрын доорх ус (ойролцоогоор 27 км³/жил)-аас бүрддэг бөгөөд үүнд дотоодын болон хил дамнасан урсац багтдаг” гэжээ.

ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын хамтарсан хөтөлбөр” (JMP)-ийн мэдээллээр “ундны усны хүртээмж одоогоор харьцангуй боломжийн түвшинд байгаа бөгөөд хүн амын 89 хувь нь эрсдэлгүй, цэвэр ундны усаар хангагдаж байна. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт дэд бүтцийн төрөл, чанарын хүндрэл хэвээр байгааг” тус тайланд мөн дурджээ.

Түүнчлэн 2024 онд Казахстаны Засгийн газраас гаргасан “Усны шинэчлэлийн бодлого“-д дэд бүтцээ сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилт тавьсан байна. Уг баримт бичигт мөн “уранаас болж усны хомсдолд орж байгаа” гэх мэдэгдэл байхгүй байна.

Дэлхийн ураны нөөцийн 14 орчим хувь нь Казахстанд бий

Дэлхийн цөмийн холбооны сайтад мэдээлснээр Казахстан улсад ураны хайгуул 1948 онд эхэлж, 1970 онд газар дор уусган олборлох аргын (ISL) туршилт эхэлж, одоо ихэнх уран олборлолтыг газар доор уусган олборлох аргаар явуулж байна.

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зэргээс шалгаалан дэлхий даяар усны нөөц буурч байгаа үзэгдэл Казахстанд мөн гарч байгаа ч Төв Азийн орнуудын дунджаас өндөр түвшинд байна. Олон улсын болон Казахстаны баримт, судалгаануудад “Казахстан уранд хордож усгүй болж байгаа” гэх мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“КАЗАХСТАН юун хөгжих! УРАНД хордож, усгүй баларч байгаа юм байна! Сүйрчихсэн юм байна! Хөөрхий” гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document