2026 оны 02 дугаар сарын 24-нд Эслэгээр детоксжиж Элитээр эрүүлжие нэртэй хуудаснаас тураах бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоол сойхгүй, эргэж таргалахгүй, нэг сар 10-15 кг хасна” гэж онцолсон. Бичлэгийг нийт 418 реакц, 1,500 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 64 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Тураах бүтээгдэхүүний орц найрлагыг хамтад нь хэрэглэх нь жин хасах нөлөөтэйг баталсан судалгаа, клиник туршилт байхгүй.
Шалгасан мэдээлэлд xaura брэндийн хар кофе, тураах коктейль болон BFI компанийн WSC брэндийн EPII эслэгийн зургийг оруулжээ. Бид өмнөх “Богино хугацаанд их жин хасах коктейль гэх мэдээлэл төөрөгдүүлсэн” баримт шалгалтаараа xaura брэндийн тураах коктейльд орсон орц найрлага жин хасахыг баталсан судалгаа, клиник туршилт байхгүй, зарим орц нь хүний биед сөрөг нөлөөтэй байж болзошгүйг анхааруулж байсан.
Xaura брэндийн албан ёсны сайт дахь хар кофены тухай мэдээлэлд бүтээгдэхүүнд найруулдаг кофе, рейши мөөг орсон гэж тэмдэглэжээ. Мөн тус сайтад “Манай бүтээгдэхүүнүүд эм биш, ямар нэг өвчний эмчилгээнд ашиглахгүй” хэмээн онцолсон байна. Бид өмнөх ““Моринга ургамал, рейши мөөгний найрлагатай тураах кофе” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн” баримт шалгалтаараа рейши мөөг нь жин хасахад бага зэрэг нөлөөтэйг харуулсан хулганад хийсэн туршилт, судалгаа бий ч клиник судалгаа, мета шинжилгээ, тойм судалгаагаар таргалалтын эсрэг нөлөөгүй хэмээн дүгнэсэн тухай мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, тураах үйлчилгээтэй гэж сурталчилж буй бүтээгдэхүүний гол орц найрлага нь клиник судалгаагаар батлагдаагүй, таргалалтын эсрэг нөлөөгүй юм.
BFI группийн сайтад байршуулсан EP II бүтээгдэхүүний товч мэдээлэлд хоол боловсруулалтыг дэмжиж, биеийн жинг хянахад тусална, хэмээн оруулжээ. Мөн орц найрлагад “пробиотик, моро улаан жүрж, ферментүүд, спирулина, ногоон кофены ханд, аскорбины хүчил буюу витамин С, кактусны ханд” зэрэг орсон гэж бичжээ. Иймд PudMed, Google Scholar, ResearchGate, Science Direct зэрэг нээлттэй судалгааны сангаас дээрх орц найрлагыг түлхүүр үгээр хайхад нэг дор туршиж, тураах үйлчилгээтэй эсэхийг баталсан судалгаа, туршилт огт байхгүй байна.
Пробиотик, фермент агуулсан бүтээгдэхүүнийг хүнсний эслэг бүхий нэмэлт бэлдмэл хэмээн төөрөгдүүлэн сурталчилж байна.
Пробиотик нь гэдэсний ашигтай бактерийг дэмжих, нэмэх замаар хоол боловсруулалтад сайн нөлөөтэй. Харин фермент нь хоол хүнсийг задалж, хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор бие мах бодид үүсдэг уураг бөгөөд ферментийн дутагдалтай хүмүүс жороор нэмэлт бэлдмэл, эм уудаг байна. Хэдий пробиотик, фермент нь хоол боловсруулалтыг дэмждэг ч богино хугацаанд их хэмжээгээр жин хасахад нөлөөгүй юм.
EP II бүтээгдэхүүний гол орц найрлагад пробиотик, фермент агуулагдаж байна. Гэвч шалгасан мэдээлэлд хүнсний эслэг мэт ойлголт өгч төөрөгдүүлжээ. Хүнсний эслэг нь хүний бие шингэдэггүй ургамлын гаралтай нүүрс ус бөгөөд ходоод, нарийн, бүдүүн гэдсээр дамжин биеэс гадагшилдаг байна. Эслэг хэрэглэх нь хоол боловсруулах хугацааг уртасгаж, цатгалан мэдрэмж өгөх, өтгөн хаталт, суулгалтыг намдаах, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулалтыг нэмэгдүүлдэг. Хүнсний эслэгийг усанд уусдаг болон уусдаггүй гэж хоёр төрөлд хуваадаг. Уусдаг эслэг нь усанд уусаж, ходоодонд гель бүтэцтэй болдог бөгөөд хоол боловсруулалтыг удаашруулах замаар холестерин, цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг байна. Овьёос, вандуй, шош, алим, лууван зэрэг орно. Уусдаггүй эслэг нь хоол боловсруулах системээр дамжих материалын хөдөлгөөнийг дэмжиж, өтгөнийг хэлбэржүүлдэг. Өтгөн хатдаг эсвэл тогтмол өтгөн гадагшилдаггүй хүмүүст тустай юм. Бүхэл үрийн гурил, буудайн хивэг, самар, шош, цэцэгт байцаа, төмс зэрэг хүнсний ногоо энэ төрлийн эслэгт ордог.
Шалгасан мэдээлэлд “дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй, эргэж таргалахгүй” гэх агуулгыг дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны арга болохыг АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулж, “зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй” тухай зөвлөсөн.
Богино хугацаанд ихээр жин хасах нь булчин сулрах, цөсний чулуу үүсэх, хоол тэжээлийн дутагдалд орох, бодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй. АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайтад 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөсөн байна.
Дүгнэлт
Богино хугацаанд их хэмжээгээр жин хасах нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэж судалсан судалгаа, туршилт огт байхгүй.




