Search

Чанар аюулгүй байдал нь тодорхойгүй нүдний дусаалгыг сурталчлан борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1857

Ерөнхий агуулга

“ойрын харааг засах нүдний дусаалгуур” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай хуудаснаас чанарын баталгаагүй, орц найрлага нь тодорхой бус нүдний дусаалгыг сурталчлан борлуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 25-нд MedixCare Store Mongolia нэртэй хуудаснаас “ойрын харааг засах нүдний дусаалгуур” гэсэн тайлбартай бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус постыг 307 реакц, 240 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 221 удаа цааш түгээсэн байна.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.

Хаяг шалгах

Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2021 оны 08 дугаар сарын 31-нд “Lô Nga” нэртэй анх үүсгэж, 2025 оны 10 дугаар сарын 6-нд нэрээ “MedixCare Store Mongolia”  болгож өөрчилжээ. Уг хуудсыг Вьетнам улсаас 5 админ удирдаж байна.

Зургаар хайх

Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Amazon онлайн худалдааны сайтад “нүд улайх, тавгүй мэдрэмжийг намдааж, бүдэг хараа, загатнааг багасгана…” гэжээ. Харин Shopee онлайн худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг “Миопи болон катаракт буюу болор цайх, нүд хуурайшилтад зориулсан нүдний дусаалга, нүдний ядаргааг тайлж, харааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” гэж өөр өөрөөр тайлбарлажээ.  

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтад “нүдний глауком, катаракт, ретинопати, шар толбоны эмгэг зэрэг ноцтой нүдний өвчнийг эмчилнэ гэж жоргүй (OTC) бүтээгдэхүүн хэлбэрээр сурталчилдаг дусаалгуудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй, учир нь эдгээр өвчнийг эмчлэх батлагдсан жоргүй эмчилгээ одоогоор байдаггүй” хэмээн мэдээлжээ.

Агуулгыг нягтлах

Үйлдвэрлэгч байгууллагын мэдээлэл болон орц найрлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй байна.

Бид бүтээгдэхүүний савалгаа дээрх логоны хэсгийг томруулж, Google translate хэрэглүүр ашиглан англи хэл рүү орчуулахад “East China Pharmaceutical Factory” гэж гарч ирж байгаа боловч ийм нэр, логотой компанийн мэдээлэл байхгүй байна.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүн худалдаалж буй сайт руу орж үзэхэд гаднын улсаас удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн борлуулдаг хуурамч сайтын загвараар хийгджээ.

Тус сайтад байршуулсан гэрчилгээг шалгахад “Flood Myopia Liquid Eye Care Eyedrops” хэмээх бүтээгдэхүүнийг баталгаажуулсан сертификат биш цахилгаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын Wenzhou Liwei Electronic Technology Co, Ltd нэртэй компанийн Mindmagic LM-080 хэмээх бүтээгдэхүүний гэрчилгээ байна.

Түүнчлэн “Flood Myopia Liquid Eye Care Eyedrops” гэх бүтээгдэхүүний баталгаатай байдлыг итгэмжилсэн ямар нэг баримт илрээгүй юм.

Дүгнэлт

Чанар аюулгүй байдал нь тодорхойгүй нүдний дусаалганы талаар АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтад анхааруулсан байна. Тодруулбал, “нүдний дусаалга нь зарим тохиолдолд өвчний шинж тэмдгийг намдаах боловч жинхэнэ шалтгааныг эмчлэхгүй байж болно. Ийм үед тухайн өвчин хэвээр үлдэх эсвэл бүр дордож ч болзошгүй. Мөн “буруу төрлийн дусаалга хэрэглэвэл өвчнийг удаашруулах эсвэл улам хүндрүүлэх эрсдэлтэй. Нүд нь нян, хорт бодист маш эмзэг эрхтэн. Хэрэв хэрэглэж буй дусаалгад асуудал байвал нүд ноцтой хүндрэлд орох эрсдэлтэй” талаар мэдээлсэн байна.

Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хуудаснаас чанарын баталгаагүй, орц найрлага нь тодорхой бус нүдний дусаалгыг сурталчлан борлуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ойрын харааг засах нүдний дусаалгуур” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document