Search

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас хамрын шүршдэг вакциныг аюулгүйд тооцож, хэрэглэх зөвшөөрөл олгосон

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1856

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хөөрхий хүүхдүүд тэнэг ээж ааваасаа болж амиа алдаж эсвэл аутизмтай болж байна. Хамраар шахдаг вакцин гарчхаж” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хамрын шүршдэг вакцины аюулгүй байдлыг судалгаа шинжилгээнд үндэслэн, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байна. Шалгасан мэдээлэлд буй “Вакцинаас болж аутизм үүсдэг” гэх ойлголтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас няцааж, шалтгаант холбоо байхгүй гэдгийг нарийвчилсан судалгааны дүнд нотолсон юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Handaa Byamba нэртэй хаягаас Namuuntsetseg Purevtseren гэсэн хэрэглэгчийн “Хөөрхий хүүхдүүд тэнэг ээж ааваасаа болж амиа алдаж эсвэл аутизмтай болж байна. Хамраар шахдаг вакцин гарчиж” хэмээх тайлбартай постыг зургаар нийтэлсэн байна. Уг пост 145 реакц, 24 сэтгэгдэл авч, 133 удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад 7NEWS Australia сувагт дөрөвдүгээр сарын 7-нд нийтлэгдсэн мэдээний хэсгийнх гэдэг нь илэрлээ. Тус мэдээнд Австралийн мужуудад 2-4 насны хүүхдүүд ханиадны эсрэг хамрын шүршдэг вакциныг үнэгүй хийж буй тухай өгүүлжээ. Дэлгэрүүлбэл, Тухайн улсад он гарснаас хойш “Super K” нэртэй вирусийн омог тархаж эхэлсэн байна. Тус халдвараас үүдсэн 100 гаруй нас баралт бүртгэгдээд байгаа аж. Иймд тус улсын засгийн газраас ханиадны хүнд үеийг давахын тул халдварт өртөмтгий бага насны хүүхдүүдийг дархлаажуулалтад үнэгүй хамрагдуулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ ПлуМист (FluMist) нэртэй шүршдэг вакцин ашиглаж байгаа юм.

Томуугийн вирусээс урьдчилан сэргийлэх ПлуМист вакциныг иргэд өөрсдөө бие даан хэрэглэхээр 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас зөвшөөрсөн байна. Энэ талаар АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны Биологийн үнэлгээ, судалгааны төвийн захирал Петер Маркс “Энэ зөвшөөрөл нь улирлын ханиадны вакциныг илүү хялбар, уян хатан, хүртээмжтэй байдлаар авах шинэ боломжийг бий болгож байна. Жил бүр вакцин хийлгэх нь ханиаднаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм” гэж мэдэгдсэн байна. Мөн шүршдэг вакцины аюулгүй, үр дүнтэй байдлыг олон жилийн турш судалж, сайжруулсаар ирсэн гэдгийг ч дурджээ.

Зургийн тайлбар: АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас хамрын шүршдэг ПлуМист вакциныг бие даан, гэрийн нөхцөлд хэрэглэхээр зөвшөөрсөн тухай мэдэгдэл

“Вакцинаас болж аутизм үүсгэдэг” гэх ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй, баталгаагүй мэдээлэл юм. Аутизм үүсэх шалтгааныг одоогоор бүрэн тогтоогоогүй байна.

“Вакцин аутизм үүсгэдэг” гэх батлагдаагүй ойлголт нь 1998 онд нийтлэгдсэн Британийн судлаач Эндрю Вэйкфилдийн судалгаанаас үүдэлтэй. Тэрээр 12 хүүхдийг хамруулсан жижиг судалгаандаа арга зүйн болон шинжлэх ухааны судалгааны алдаа гаргасан учир Lancet сэтгүүлээс түүний судалгааг эгүүлэн татаж байв. Энэхүү судалгаанаас вакцин нь аутизм үүсгэдэг гэх хуурамч мэдээлэл тарах болсон.

Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас эл ойлголт бодит эсэхийг олон тооны судалгаагаар шинжилж, вакцин болон аутизм хоорондоо хамааралгүйг тогтоосон байна. Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 11-нд ДЭМБ-ын вакцины аюулгүй байдлын шинжээчдийн хорооноос вакцин болон аутизм хооронд шалтгаант холбоо байхгүй болохыг дахин баталгаажуулсан тухай мэдэгдэл гаргасан. Судлаачид уг дүгнэлтийг гаргахдаа 2010 оны 1-р сараас 2025 оны 8-р сар хүртэл нийтлэгдсэн 31 судалгаанд (олон орны өгөгдлийг хамарсан) үндэслэсэн аж. Энэхүү судалгаагаар хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд хийдэг вакцинууд нь аюулгүй гэдгийг дахин баталж, аутизмтай ямар ч холбоогүй болохыг тодорхой харуулжээ.

Вакциныг олон шат дараалалтай судалгаа, туршилтын үр дүнд баталдаг учир ихэнх хүмүүст ноцтой гаж нөлөө үзүүлдэггүй. Зарим тохиолдолд тариа хийсэн газар өвдөх, хавдах, улайх, бага зэргийн халуурах, даарах, толгой өвдөх гэх мэт хөнгөн гаж нөлөө үзүүлж болно. Энэ нь таны бие өвчний эсрэг дархлаа (хамгаалалт) үүсгэж эхэлсний шинж тэмдэг юм. Вакцины хүнд хэлбэрийн гаж нөлөө маш ховор байдаг. Саяд нэг хувийн хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч болно. 

Дүгнэлт

Хамрын шүршдэг вакцины аюулгүй байдлыг судалгаа шинжилгээнд үндэслэн, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байна. Шалгасан мэдээлэлд буй “Вакцинаас болж аутизм үүсдэг” гэх ойлголтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас няцааж, шалтгаант холбоо байхгүй гэдгийг нарийвчилсан судалгааны дүнд нотолсон юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хөөрхий хүүхдүүд тэнэг ээж ааваасаа болж амиа алдаж эсвэл аутизмтай болж байна. Хамраар шахдаг вакцин гарчхаж” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document