2026 оны 04 дүгээр сарын 08-нд Ч.Пүрэвсүрэн (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Заа Ираны бүх иргэд хотуудынхаа том талбай гудамжинд гараад зогсчихлоо. 15 минутын дараа бид нэгэн зэрэг үхэхэд бэлээн л гэж байна. Дэлхийн олон нийтийн нүдэн дээр одоо гудамд зогсож байгаа 10 сая хүмүүсийг Иран улсын иргэн болж төрсөнийх нь төлөө л израйль-америкчууд геноцидлон хүйс тэмтрэхийг харцгаа гэж байна. Амьдралынхаа эцсийн мөчид хүртэл тэд төр засгаа дэмжин ингэж аймаар эвлэрэн нэгдэж нягтарч чаддаг гайхалтай ард түмэн байна даа…Трамп чадах уу, дэлхийн түүхэнд байгаагүй ийм харгислал хийж…? … заа 5-хан минут үлдлээ… Заа тэр, Трамп мэдээж чадсангүй, ухарлаа. 14 хоногийн гал зогсоохоор боллоо! ” гэх мэдээллийг хэдэн мянган хүн гудамжинд цуглан утасны гэрлээ асааж буйг дүрсэлсэн 2 зураг хавсарган нийтэлжээ.Тус постыг нийт 1,400 реакц, 205 сэтгэгдлээр идэвхжүүлж, 248 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2026 оны 1 дүгээр сард сошиал орчинд өргөн түгсэн бичлэг илэрцээр гарч ирлээ. Бичлэгийн эх хувилбарыг 2026 оны 01 дүгээр сарын 11-нд @elnaz555 Instagram хаягт тус бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн гэж мэдээлсэн ба хэдий бодит байдлыг орлохгүй ч бодит байдлын тусгал хэмээн онцолжээ. 2025 оны сүүлээр Ираны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал болсон. Улс орон даяар Ираны удирдлагад бухимдсан иргэд 1 дүгээр сар хүртэл жагсаал хийсэн. Тус жагсаалыг эсэргүүцэхийн тулд засгийн газар интернэт, харилцаа холбоог тасалж, тусгаарласан байна. Уг үйл явдалтай холбоотойгоор Ираны нөхцөл байдлыг дүрсжүүлэн харуулахын тулд хиймэл оюун ашиглан бичлэг хийж түгээжээ.

Мөн олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Snopes баримт шалгах төвөөс уг бичлэгийг шалгаж, хиймэл оюунаар бүтээсэн болохыг мэдээлсэн.

2026 оны 02 дугаар сарын 28-нд Израилаас Ираны төв Тегеран хотод цохилт өгснөөр Иран болон Израил, Америкийн дайн эхэлсэн юм. Дайны байдал хурцдаж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Truth(сошиал платформ) хаягтаа 2026 оны 04 дүгээр сарын 07-нд “Өнөө орой бүхэл бүтэн соёл иргэншил дахин хэзээ ч эргэж ирэхгүй устах болно…” гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдлийн Ираны эрх баригчид Израйлын бай болж болзошгүй цахилгаан станц, гүүр зэрэг газар иргэдийг ирэхийг уриалж, зогссон байна.
Хэдий шалгасан мэдээлэлд бодит агуулгыг дурдсан ч үйл явдалтай огт холбогдолгүй 1 дүгээр сард сошиал орчинд түгсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийн хэсгийг хавсарган төөрөгдүүлжээ. Томоохон үйл явдлын үеэр хиймэл оюунаар бүтээсэн контент ашиглах эсвэл үйл явдалд огт хамааралгүй зураг бичлэг ашиглаж, төөрөгдүүлэх үзэгдэл бий. Иймд хэрсүү байж, аливаа мэдээллийг шалгаж хэвшээрэй.




