2026 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр Нэгүүн.мн (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Цагдаа нар зочид буудал, дэн буудлаар үйлчлүүлсэн, нийтийн байр хөлсөлж амьдарсан иргэдийн мэдээллийг хууль бусаар авч байгаа талаар сэтгүүлч Ц.Анхзул баримт дэлгэжээ” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постыг 61 реакц, 45 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 19 удаа цааш түгээжээ.
Тус постод, “…гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа нэрээр Publicregistration.com гэх аппликейшнийг зочид буудал ажиллуулж байгаа хүн болгоныг татаж авахыг Цагдаагийн байгууллагаас шаарддаг байна. Харин энэхүү аппыг ашиглах сарын төлбөр нь 33000 төгрөг. Улмаар тус аппыг ашиглан, бүртгэл хийж байгаа эсэхийг хянадаг бөгөөд бүртгэл хийгээгүй зочид буудлын эздийг торгодог байна, ...Энэ шаардлагын дагуу зочид буудлын үйлчилгээ эрхлэгчид тус буудлаар үйлчлүүлэхээр ирсэн иргэний хувийн бүх мэдээллийг уг аппликейшинд бүртгэж, оруулдаг байна. Үүнийг нь цагдаагийн байгууллага хянадаг байна” гэжээ.
FACTCHECK:
Зочдын бүртгэл хөтлөхийг заасан стандарт болон хүний хувийн мэдээллийг ашиглах тухай хуулийн заалт
Монгол Улсад заавал мөрдөх ёстой стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраас боловсруулж тогтоодог ба хэрэгжилтийг хангуулахад эрх бүхий байгууллагууд хяналт тавьдаг.
“Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008”, “Дэн буудлын ерөнхий шаардлага МNS 5738:2007” журмуудыг https://mocsty.gov.mn сайтад нээлттэй байршуулсан хувилбарыг нягтлахад, зочдын бүртгэлийг заавал хөтлөх, дотоод бүртгэлийн программ, дотоодын бүртгэлийн системд холбогдсон байхыг тус тус заажээ.



Зочид буудал, дэн буудлаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийг ямар тохиолдолд төрийн байгууллага ашиглах вэ?
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6.2.3-д Төрийн байгууллага “мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, 6.2.4.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх” тохиолдолд мэдээллийг ашиглана хэмээн заажээ.

Төрийн байгууллагын gov.mn домэйнийг хасаж, гаднын холбоосыг оруулж мэдээлсэн байна
- Шалгасан мэдээлэлд хавсаргасан “Publicregistration.com” холбоос нь нэгдсэн бүртгэлийн Publicregistration.gov.mn сайтын холбоос биш, домэйн худалдааны гаднын сайт байна.
- Харин gov.mn гэх холбоосыг Үндэсний дата төв (УТҮГ)-өөс олгодог бөгөөд системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг төр хариуцдаг гэсэн үг.
Publicregistration.gov.mn нэгдсэн бүртгэлийн систем нь нууцлалын бодлогодоо “бүртгэлийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, техникийн мэдээллийг цуглуулж болно” гэсэн байна. Мөн “Хууль тогтоомжийн дагуу шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж болно. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд борлуулахгүй” гэжээ.

Түүнчлэн, 3.8-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хувийн мэдээлэлд хандаж албаны хэрэгцээнд мэдээлэл авах эрхтэй” байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулга гаргажээ
Тодруулгад “Цагдаагийн албаны тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Монгол Улсын стандарт “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008”, “Дэн буудлын ерөнхий шаардлага МNS 5738:2007”-т зааснаар зочид буудал (дэн буудал) бүр бүртгэлийн нэгдсэн сүлжээтэй байж, ирсэн зочдыг 24 цагийн турш хүлээн авч бүртгэнэ” гэсэн заалтуудыг үндэслэн нийтийн байр, зочид буудал (дэн буудал)-аар үйлчлүүлж буй иргэдийг бүртгэх нэгдсэн системийг хэрэглээнд оруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж буй этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг илрүүлэх зорилгоор “Нийтийн бүртгэл” системийг хөгжүүлсэн” гэжээ.
Мөн “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар төрийн эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, шалган шийдвэрлэх ажиллагаандаа иргэний мэдээллийн нууцлалыг ханган ажилладаг” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв албан ёсны Facebook хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Хүний хувийн мэдээлэл, нууцыг задруулбал хүлээх хариуцлага
Хувийн мэдээллийг төрийн байгууллага цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцлийг хуульд зааж өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуульд хүний хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, ашиглах этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн. Түүнчлэн Эрүүгийн хуульд хувь хүний нууцыг задруулбал хоёр жил хүртэл хорих ял оноох зохицуулалттай.
Зөрчлийн тухай хуулийн 6.27.1-д “Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
- Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хуулийн 13.11-д Хүний хувийн нууцыг задруулах талаар “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, “Цагдаа хүний хувийн мэдээллийг хууль бусаар авдаг” гэх мэдээлэл нь төөрөгдүүлжээ. Тодруулбал, “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008”, “Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738:2007” зэрэг журамд зочдын бүртгэлийг заавал хөтлөх, мөн дотоод бүртгэлийн программ, системд холбогдсон байх шаардлагыг тусгасан байдаг. Мөн “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 6.2.3, 6.2.4-т “төрийн байгууллага нь мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, түүнд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх, мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор мэдээллийг ашиглана” хэмээн заасан байна.




