Search

Монголын банкны холбооны зураг ашиглан залилангийн мэдээлэл тогтмол түгээж байгаа тул болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1852

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“10 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт олгоно” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцсон 2024 оны уулзалтын зургийг ашиглан хуурамч хаягаас залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 12 дугаар сарын 12-нд Байгууллагын санхүүжилт нэртэй хуудаснаас 10 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт олгоно гэх агуулга бүхий мэдээлэлд Монголын Банкны Холбооны зураг хавсаргасан нийтэлжээ. Тус постыг нийт 42 реакц, 6 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2 удаа цааш түгээжээ.

Сүүлийн үед “санхүүгийн тэтгэмж, зээл олгоно, найдвартай шуурхай үйлчилгээ үзүүлнэ” гэх нэрийдлээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, цаашлаад цахим залилан үйлдэх үзэгдэл ихэссэн. Иймд банк, санхүүгийн байгууллагын нэр барьсан залиланг таних, нягтлах баримт шалгах анхан шатны аргыг хуваалцаж байна.

Хаяг шалгах

Байгууллагын санхүүжилт гэх хаяг нь нийт 34 дагагчтай, танилцуулга хэсэгтээ “100% найдвартай санхүүжилтийн санал” хэмээн оруулжээ. Үргэлжлүүлэн пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгалаа. Тус хуудас нь 2025 оны 12 дугаар сарын 12-нд нээгдсэн ба Бенин, Румын улсаас нийт 3 админ удирдаж байна.

Холбогдох дугаар, хаяг байршил, байгууллагын нэршил зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй, мөн гаднын улсаас хэд хэдэн админ удирдаж буй нь хуурамч хаягийн шинж тэмдэг юм. Их хэмжээний санхүүжилт, зээл, тэтгэмжийг дөнгөж нээгдсэн, гаднын улсаас удирдаж буй хаягаар олгохгүй юм. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэхээсээ өмнө хаягийн мэдээлэл, хуудасны ил тод байдлын хэсгийг шалгаж хэвшээрэй. Хуудасны ил тод байдлын хэсгийг танилцуулга хэсгээс эсвэл пэйжийн нэр дээр дарж харах боломжтой. Доорх зурагт хаяг шалгах аргыг харууллаа.

Зургаар хайх

Цахим залилагчид хэрэглэгчдэд итгүүлэхийн тулд ихэвчлэн албан ёсны байгууллага, хурал цуглаан, томоохон үйл ажиллагаа эсвэл өндөр албан тушаалтны зургийг ашигладаг. Иймд зургийг Google Lens, Yandex, Microsoft Bing, Tineye зэрэг хэрэглүүрээр хайж, эх хувилбарыг нь шалгах нь зүйтэй.

Мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2024 оны 05 дугаар сарын 03-нд нийтлэгдсэн мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) албан ёсны сайт болон Facebook хуудсанд 2025 оны 05 дугаар сарын 03-нд  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар,  Дэд ерөнхийлөгч Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нартай санал солилцох уулзалт хийсэн тухай мэдээлжээ. Үүнээс харахад хэрэглэгчдэд итгэл төрүүлэх байгууллагын удирдах албан тушаалтнуудын зургийг ашиглаж залилан үйлдэж байна.

Агуулгыг нягтлах

Гаднын улсаас удирддаг пэйжээс үг үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээх нь элбэг. Иймд тухай хаягийг шалгасны дараа түгээсэн мэдээллийн агуулгыг нягтлаарай. Мөн бусдын зургийг ашиглахдаа найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлнэ гэж амлаж, залилдаг. Тиймээс аливаа мэдээллийг дээрх гурван алхмын дагуу шалгаарай.

Дүгнэлт

МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцсон 2024 оны уулзалтын зургийг ашиглан хуурамч хаягаас залилан үйлдэж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“10 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт олгоно” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document