2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Голомт-ЦЭХ Anti Nuclear Movement-Mongolia (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Монголчуудыг хүлээж буй “Амьд үлдэх дээд хувилбар” ийм болохыг зөвшөөрч болохгүй” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Уг постыг 40 реакц, 5 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 151 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Шалгасан бичлэгийн анхдагч эх сурвалжийг олох
Уг бичлэгийг анх Бангладеш улсаас удирдлагатай “Our News 2.0” нэртэй 630 мянга гаруй дагагчтай Facebook пэйж 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдөр нийтэлжээ. Үргэлжлүүлэн пэйжийн рийлс хэсэг рүү ороход уг бичлэгтэй адил 7 бичлэг илэрцээр гарч ирлээ. Мөн шалгасан бичлэгт ховор төрлийн хавдраар өвчилсөн эх, хүү хоёрт хандив өгөхийг уриалах бөгөөд уранаас болж ийм дүр төрхтэй болсон талаар огт дурдагдаагүй юм.

Тус хуудас нь Бангладеш улсын хорт хавдартай, өнчин, тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж, дэмжлэг үзүүлдэг байна.
Зургаар хайх
Бид түгээсэн зургийг Google Lens хэрэглүүр ашиглан хайхад Researchgate судалгааны санд нийтлэгдсэн өгүүлэлд хавсаргасан, шалгасан зурагтай ижил төрлийн эмгэгтэй хүний зургийг “Plexiform neurofibromas” буюу орчуулбал, “олон салаалсан бүтэцтэй мэдрэлийн эдээс үүссэн хоргүй хавдар” хэмээн тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, мэдрэлийн эсийн хавдрын хөгжил, өсөлтөд нөлөөлдөг удамшлын эмгэгтэй хүмүүст үүсдэг хоргүй хавдар байна.

“Plexiform neurofibromas” гэх энэ төрлийн хавдар нь ихэвчлэн төрөх үед аль хэдийн үүссэн байдаг генийн өөрчлөлттэй холбоотой
Ихэнх Plexiform нейрофибромууд нь Нейрофиброматозын төрөл 1 (NF1) гэж нэрлэгддэг удамшлын эмгэгтэй хүмүүст тохиолддог байна. NF1 нь 17-р хромосом дээр байрлах NF1 генд гарсан мутациас үүдэлтэй бөгөөд энэ ген нь хэвийн нөхцөлд эсийн өсөлт, хуваагдлыг зохицуулах чухал үүрэгтэй байдаг. Харин уг генийн үйл ажиллагаа алдагдсанаар мэдрэлийг дэмжих үүрэгтэй эсүүд хэт олширч, хяналтгүй өсөлт үүсэж, үүний үр дүнд мэдрэлийн дагуу тархсан, сүлжээ хэлбэрийн хоргүй хавдрууд буюу plexiform нейрофибромууд бий болдог байна.
Mayoclinic сайтад мэдээлснээр plexiform нейрофибромуудаас урьдчилан сэргийлэх тодорхой арга одоогоор байхгүй бөгөөд эдгээр хавдрууд нь төрөхөөс эхлэн байршсан генийн өөрчлөлтөөс үүсдэг хэмээн тайлбарлажээ.
Бангладеш улсад ураны олборлолт байхгүй
Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад дэлхий даяарх ураны орд газруудын талаарх мэдээллийг шинэчлэн оруулдаг. Уг сайтад батлагдсан ураны нөөцтэй улс орнуудыг газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд Бангладеш улс байхгүй байгааг доорх зургаас харах боломжтой.

Дээр дурдсанчлан Бангладеш улс нь уран олборлодог орон биш бөгөөд дотооддоо ураны уурхай, олборлолтын үйлдвэрлэл огт байхгүй. Харин цөмийн эрчим хүчний хэрэгцээнд шаардлагатай түлшийг гадаад улсаас импортлон ашигладаг байна. Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сард анхны цөмийн эрчим хүчний реактор болох Rooppur 1-ийн барилгын ажлыг эхлүүлж, 2023 онд Бангладеш улс Орос улсаас анхны ураны түлшээ хүлээн авсан талаар AP news сайтад мэдээлжээ.

Дүгнэлт
Цахим орчинд уран эсэргүүцэхэд уриалж, олон нийтийн санааг эргүүлэх, төөрөгдүүлэх зорилготой айдас төрүүлэм зураг, бичлэгийг бид баримтаар шалгаж төөрөгдүүлсэн болохыг мэдээлж байсан. Тухайлбал,
- Циклопийн синдромын шалтгааныг уранаас болсон мэтээр төөрөгдүүлсэн бичлэг түгээжээ
- Уран эсэргүүцэхэд уриалахын тулд төөрөгдүүлсэн зураг ашиглаж байна
- Йорданд 2017 онд гарсан гажигтай төлийг уранаас болсон мэт төөрөгдүүлжээ
- Ураны нөөцгүй Доминикан улсад хийсэн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Дүгнээд хэлбэл, генийн өөрчлөлттэй холбоотой “plexiform neurofibromas” гэх хавдартай ээж, хүү хоёрын бичлэгийг уранаас болсон мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Мөн тус бичлэгийг анх түгээсэн хуудас нь Бангладеш улсын хорт хавдартай, өнчин, тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд тус улс нь уран олборлодог орон биш юм.




