2026 оны 3 дүгээр сарын 23-ны өдөр Санхүүгийн Тусламж нэртэй хуудаснаас “Сайн байцгаана уу, Монголын иргэдээ, би ахмад настнуудад туслахыг хүсэж байгаа бөгөөд тэтгэврийн бууралттай холбогдуулан тэдэнд тус бүр 20-30 сая төгрөг хандивлахаар шийдсэн. Тиймээ би сонирхож байна гэж бичнэ үү” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 118 реакц, 222 сэтгэгдэл авч, 27 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

“Санхүүгийн тусламж” гэх хуудас нь 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээгдсэн нийт 4 дагагчтай. Хуудасныхаа танилцуулгыг Personal blog буюу хувийн блог гэж тодорхойлсон байна.
Тус хуудас нь холбогдох дугаар, хаяг байршил, үйл ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл огт оруулдаггүй. Зөвхөн чатаар холбогдохыг уриалсан товчлуур байршуулдаг. Үг, үсэг, найруулга зүйн алдаатай мэдээлэл түгээж буй нь ажиглагдсан. Энэ нь орчуулгын программ ашигласныг илтгэнэ. Эдгээр шинжүүд нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад түгээмэл анзаарагддаг юм.
Зургаар хайсан нь
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, 2019 оны 6 дугаар сарын 7-нд Францын Эдийн засаг, сангийн яамны сайтад нийтлэгдсэн мэдээ илэрлээ. Тодруулбал, Тус мэдээнд Франц улс G7-г даргалж байгаатай холбогдуулан өрсөлдөөн ба дижитал эдийн засаг сэдвийн хүрээнд бага хурал зохион байгуулсан тухай өгүүлжээ. Ингэхдээ шалгасан мэдээлд буй зургийг нүүр зургаар оруулсан байна.

Үүнээс харахад, “Санхүүгийн тусламж” гэх хуудас нь 2019 онд Парист болсон эдийн засгийн талаарх хурлын зургийг ашиглан хандив өгөх тухай хуурамч түгээсэн байна.
Цаашлаад тус хуудаснаас чатаар холбогдсон хүмүүст дараах мэдээллийг илгээж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг авахаар санаархаж байна.

Ингэхдээ цар тахлын үед ББСБ-ууд болон МББСБХ нэгдэж Улсын Онцгой Комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн тухай бичгийг ашиглан, олон нийтийг төөрөгдүүлж буй юм. Олон жилийн өмнө болсон үйл явдлын зургийг өөр тайлбартайгаар түгээж, мөнгө тараах тухай мэдээлж буй уг үйлдэл нь залилангийн шинжтэй юм.
Цахим залилангийн үед хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд олонд танигдсан хүн, байгууллага, нийтийн анхаарлыг татсан үйл явдлын зургийг ашигладаг. Мөн “бэлэг, хандив, мөнгө өгнө, азтан шалгаруулна” гэх зэргээр ашиг хонжоо амласан хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг залилдаг. Иймд энэ төрлийн мэдээлэлтэй таарсан тохиолдолд баримт шалгах анхан шатны 3 аргаар нягталж хэвшээрэй.
Дүгнэлт, Эдгээр баримтуудаас “Тэтгэврийн бууралттай холбоотой 20-30 саяыг хандивлана” гэх мэдээлэл залилангийн шинжтэй, хуурамч мэдээлэл болох нь батлагдаж байна.




