2026 оны 03 дугаар сарын 28-нд Зөв.мн (архивласан хувилбар) хуудаснаас “ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа. Энэхүү хязгаарлалт нь 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус пост 1,100 реакц, 313 сэтгэгдэл авч, 295 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
2026 оны 03 дугаар сарын 27-нд ОХУ-ын Шадар сайд Александр Новак бензиний экспортод хориг тавих шийдвэр боловсруулахыг Эрчим хүчний яаманд даалгаж, 03 дугаар сарын 30-нд бензин экспортын бүрэн хоригийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай Оросын TKS.ru сайтад мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр, уг хоригийг “үнэ тогтворжуулах, дотоодын зах зээлийг түлшээр нэн тэргүүнд хангах зорилготой” гэжээ. Мөн энэхүү хориг нь урьдчилсан хамгаалалтын арга хэмжээ бөгөөд бөөний үнэ огцом өссөнтэй холбоотой байна.
ОХУ-ын уг хоригт Монгол улс хамаарахгүй
Дээрх шийдвэртэй холбоотойгоор 2026 оны 03 дугаар сарын 28-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан. Иймд, ОХУ-ын автобензиний хоригт Монгол Улс хамаарахгүй” гэжээ.

Дүгнээд хэлбэл, ОХУ-ын Шадар сайд Александр Новак бензиний экспортод хориг тавих шийдвэр боловсруулахыг Эрчим хүчний яаманд даалгаж, 03 дугаар сарын 30-нд бензин экспортын бүрэн хоригийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин ОХУ-ын Автобензиний экспортын хоригт Монгол улс хамаарахгүйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн байна.




