2026 оны 03 дугаар сарын 30-нд “Caciworhphy” нэртэй Фэйсбүүк пэйж “Судалгаанд оролцоод, шагнал ав” гэх зураг бүхий пост түгээжээ. Тус постыг 27 реакц, 1 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Хаягийг шалгая
“Caciworhphy” гэх гаднын нэртэй пэйжийн ил тод байдлыг шалгавал, 2025 оны 10 дугаар сарын 18-нд үүссэн, 18 дагагчтай, “Amateur Sports Team” буюу сонирхогчдын спорт баг гэсэн тайлбартай зэрэг нь залилангийн шинжүүдийг агуулж байна.


Зургаар шалгая
Бид түгээсэн постын зургийг HiveModeration хэрэглүүрээр шалгахад, 99.9 хувийн хиймэл оюунаар бүтээсэн гэсэн үр дүн гарлаа. Цаашлаад ChatGPT-5 модель ашиглаж тус зургийг үүсгэсэн гэдэг нь харагдаж байна.
Залилагчид бусдын бодит зураг ашиглахаас зайлсхийдэг. Учир нь репортлуулж, пост болон пэйж нь хязгаарлалтад өртдөг тул ихэвчлэн хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглаж байна.

Агуулгыг шалгая
Бид постод хавсаргасан (www.mn-digitalmn.net) гэх сайтыг UrlVoid хэрэглүүрээр шалгахад ердөө дөрөвхөн хоногийн өмнө буюу 2026 оны 03 дугаар сарын 28-нд үүсжээ. Пэйж болон сайт үүсээд удаагүй байгаа нь залилангийн том шинж тэмдгүүдийн нэг юм.

Хавсаргасан сайт (www.mn-digitalmn.net) руу орж үзэхэд Хаан банкны лого, нэрийг ашигласан долоон асуулттай асуулга гарч ирлээ. Асуулгыг бөглөсний дараа “Та 450,000 төгрөгийн урамшууллаа аваарай” гэх бөгөөд дарж ороход Хаан банкны дуураймал дизайнтай нэвтрэх цонх руу үсэрч байна.
Тус дуураймал, хуурамч цонхонд нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар та банкны мэдээллээ бусдад алдаж байгаа хэрэг юм.

Дүгнээд хэлбэл, Хаан банкны дуураймал дизайнтай вэбсайтаар асуулга бөглүүлж, 450,000 төгрөгийн урамшуулал аваарай хэмээн урхидаж, хуурамч нэвтрэх цонхоор дамжуулан иргэдийн банкны нэвтрэх мэдээллийг авч, залилан үйлдэж байна.
Иймд та өөрийн интернэт банканд нэвтрэхдээ заавал албан ёсны сайтаар дамжуулж орж байгаа эсэхийг нь шалгаж байгаарай. Хуурамч, дуураймал сайтын нэг том шинж тэмдэг бол үүсээд удаагүй байдаг гэдгийг санах хэрэгтэй. UrlVoid хэрэглүүр ашиглаж, аливаа вэбсайт хэзээ үүссэнийг шалгах боломжтой.




