2026 оны 03 дугаар сарын 31-нд Пунцагдашийн Нарантуяа хаягаас “Хэрэв Учрал олигархиудын захиалгаар ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМыг гацаавал асуудал үүснэ шүү. Иргэд 80%тай дэмжээд бхад улс төржүүлсэн шийдвэр гаргах эрх чамд бхгүй шүү” гэсэн пост оруулсан нь таван цагийн дараах байдлаар 765 реакц, 189 сэтгэгдэл авч, 143 удаа цааш түгээгджээ.
- Туулын хурдны замын талаар мэргэжлийн судалгааны байгууллага олон нийтээс судалгаа авч танилцуулаагүй бөгөөд, пэйж, хаягуудын “Туулын хурдны замыг дэмжиж байна уу” гэсэн санал асуулгын реакцад үндэслэн 80 хувь гэдэг тоо гаргасан гэж мэдээлэл оруулсан хаягаас нь сэтгэгдэл хэсэгтээ үлдээжээ.
- Ингэж судалгаа авсан мэт, түүнийг нь иргэд дэмжиж байгаа мэт дутуу мэдээлэх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг нэг талд чиглүүлэх, төөрөгдүүлэх эрсдэлтэйг олон улсын баримт шалгах туршлагад манипуляцын төрөл астротурфинг хэмээн тодорхойлж судалдаг.
FACTCHECK:
“Та Туулын хурдны замыг дэмжих үү?” гэх санал асуулгыг 03 дугаар сарын 22-ноос эхэлж түгээсэн бөгөөд ихэвчлэн нэг чиглэлийн мэдээллээр дагнасан хаягуудаас оруулжээ. Мөн үүний зэрэгцээ “Та Туулын хурдны замыг зогсоохыг дэмжих үү?” гэсэн санал асуулгыг ч мөн явуулсан байна. Тэдгээр хаягийн реакц нь дэмжиж буй талдаа гарсан байна. Үүнээс гадна “…Улаанбаатарын замын түгжрэлийг 30 хувиар бууруулахыг дэмжих үү“, эсвэл “Туул голын эко байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй төслийг зогсоохыг дэмжих үү” гэх мэтээр хөтөлсөн асуулттай санал асуулга пэйж хаягуудаас явуулжээ.
Тодруулбал, түгжрэл бууруулна гэж мэдээлэл оруулсан постыг M21.mn, Focus.mn зэрэг пэйжээс түгээснийг “дэмжинэ” гэж олонх нь хариулсан үр дүнг үзүүлсэн бол сөргөөр нөлөөлнө гэсэн мэдээлэлтэй хонх.мн, medee.mn зэрэг пэйжийн постод хурдны замыг эсэргүүцэж буй нь олонх гэсэн үр дүн үзүүлжээ. Мөн dens.mn хаягаас явуулсан нэмэлт мэдээлэлгүй санал асуулгыг дэмжээгүй гэдэг нь илүү гарсан байна.



Мэдээллийн урсгалд олон нийтийг тандах байдлаар пэйж хаягаараа санал асуулга явуулах үзэгдэл сүүлийн үед түгээмэл болсон боловч, үүнийг мэргэжлийн судалгаатай адилтган үзэх боломжгүй юм. Учир нь дээрх жишээнүүд шиг хөтөлсөн асуулттайгаар, цаашлаад хуурамч хаягуудаар өөрийн талд дэмждэг мэтээр реакц даруулах зэрэг манипуляцын техник дагалддаг тул ийм санал асуулгын үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах нь төөрөгдүүлэх эрсдэлтэй. Судалгааны арга зүй, ёс зүйн хэмжүүрт оролцогчийг хөтөлсөн, хэт нэг талыг барьсан асуулт асуухыг хориглодог.
Дүгнэхэд, “Туул хурдны замыг иргэдийн 80 хувь нь дэмжиж байна” гэх мэдээлэл албан ёсны судалгааны бодит үр дүн бус нийгмийн сүлжээнд оруулсан санал асуулгаас үндэслэн мэдээлсэн тул төөрөгдүүлэх эрсдэлтэй юм.




