2026 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр Хоол хүргэлт нэртэй хуудаснаас “Burger King Өнөөдөр л 50% хямдрал. Үнэгүй хүргэлт” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна.
FACTCHECK:
Сүүлийн үед олонд танигдсан байгууллагын нэр барьсан хуурамч хуудас олноор үзэгдэх болсон. Ингэхдээ байгууллагын нэр, логог дуурайлган хийсэн хуурамч вэбсайтаар дамжуулан хэрэглэгчийг мэхэлж байна. Иймээс бид тэдгээр хуудсыг хэрхэн таньж, нягтлах тухай мэдээлж байна. Энэ төрлийн залиланг танихын тулд баримт шалгах анхан шатны гурван аргыг мэддэг байх хэрэгтэй.
Хаягийг шалгах

“Хоол хүргэлт” гэх хуудас нь үйл ажиллагааныхаа чиглэлийг Fan page буюу дэмжигч гэж тодорхойлсон байна. Уг хуудасны ил тод байдлыг шалгахад, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд нээгдсэн, 4 удаа нэрээ сольсон, 2 дагагчтай зэрэг мэдээлэл нь илэрлээ.
Тус хуудас нь холбогдох дугаар, хаяг байршил зэрэг нэмэлт мэдээлэлгүй. Зөвхөн холбоосоор дамжих товчлуур байршуулжээ. Ингэхдээ Burger King-ийн логог ашиглаж, төстэй домэйн нэртэй линк холбосон байна. Эдгээр нь залилангийн мэдээллүүдэд ажиглагддаг нийтлэг шинж тэмдгүүд юм.

Тодруулбал, үйл ажиллагааны чиглэлээсээ өөр тодорхойлолтыг тайлбар хэсэгтээ байршуулсан, ойр ойрхон нэрээ сольсон, цөөн дагагчтай, хаяг, байршил, утасны дугаар зэрэг нэмэлт мэдээлэлгүй, зөвхөн линкээр нэвтэрч мэдээлэл авахыг уриалдаг зэрэг нь залилангийн шинжтэй үйлдэл юм.
Агуулгыг нягталсан нь
Үргэлжлүүлэн уг хуудасны баталгаатай байдлыг илүү нарийн шинжлэхийн тулд Who.is хэрэглүүрээр домэйнийг нь шалгав. Үр дүнд нь bk-mongol.com домэйн хаягийн IP дугаарыг илрүүлсэн. Уг дугаараа whatismyipaddress.com нээлттэй хэрэглүүрт оруулж, нягтлахад АНУ-д байршилтай, Cloudflare компанийн эзэмшлийнх гэж илэрлээ.

Burger King Mongolia албан ёсны хуудаснаас гаргасан мэдэгдэл
Энэ талаарх Burger King Mongolia-ийн албан ёсны хуудаснаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “www.burgerking.mn гэсэн вэбсайт-аар захиалга хийж, албан ёсны пэйж хуудаснаас мэдээллээ авахыг сануулжээ. Мөн хямдрал, урамшуулал, бэлэгтэй холбоотой сэжигтэй линкүүд дээр дарахгүй байж, хувийн мэдээлэл, банкны мэдээллээ хэзээ ч хуурамч сайтуудад бүү оруулаарай” гэсэн байна.


Зургийн тайлбар: Burger King Mongolia-ийн албан ёсны хуудаснаас гаргасан мэдэгдэл
Цахим орчинд бусдын нэр, лого, зургийг ашиглан жинхэнэ мэт дүр эсгэж, залилах явдал олширсоор байгаа юм. Иймд та худалдан авалт хийхээсээ өмнө түгээж буй пэйжийн ил тод байдлыг шалгаж, холбосон вэбсайтыг UrlVoid, Who.is зэрэг хэрэглүүрээр нягталж байхыг зөвлөе.
Дүгнэлт, Burger King-ийн нэр, логог ашиглан залилан хийхээр оролдож байна. Ингэхдээ тухайн байгууллагын вэбсайтыг дуурайлгасан хуурамч холбоос байршуулж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч буй юм.




