2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Game Online (архивласан хувилбар) нэртэй хуудсаас “Энэ аппликейшн Монголын цахим орчинд ихээхэн шуугиан тарьсан байна. Түүний нэр Ice Fishing юм. Тоглоом гайхалтай энгийн таны данс минут тутам нэмэгдсээр байна. Хэдхэн товшилтоор та сая сая төгрөг хожих боломжтой. Тоглоом зөв болон шударгаар ажилладаг. Мөнгө таны дансанд ердөө хоёр гурван минутын дотор ордог. Нэг сая гаруй хүн өдөр бүр Ice Fishing тоголдог. Энэ тоглоом үнэхээр гайхалтай…” гэх агуулга бүхий нэг минут гаруй урт бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 12 хандалт авч 42,2 мянган хэрэглэгч үзсэн байна.
FACTCHECK:
Бид уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглалаа.
Хаягийг шалгах нь

Хамгийн эхлээд хаягийн шинж чанарыг нягталж, хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2023 оны 08 дугаар сарын 12-нд Bella Ayn Bosse нэртэй үүсгэж, 2025 оны 10 дугаар сарын 9-нд Game online нэртэй болжээ.
Мөн хуудасныхаа танилцуулга хэсэгт Вьетнам улсын Ханой хот, Хоанг Май дүүрэг гэсэн байршил болон +84 гэсэн улсын кодтой Вьетнам улсын утасны дугаараас өөр мэдээлэл байхгүй байна.
Агуулгыг нягтлах нь
Шалгасан бичлэгийн хэсгийг зураг хэлбэрээр таслан авч Google Lens хайлтын хэрэглүүр ашиглан хайхад Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн албан ёсны “MNB World” facebook хуудсанд 2025 оны 07 дугаар сарын 7-нд нийтлэгдсэн мэдээний хэсгийг ашигласан нь тогтоогдлоо.

Тус мэдээний агуулга нь “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл” нэртэй 390 дахь олон улсын хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдсан талаарх мэдээ байсан бөгөөд “Ice Fishing” гэх тоглоомын талаарх агуулга огт дурдагдаагүй.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, MNB телевизийн мэдээ мэтээр эвлүүлэн иргэдэд итгэл төрүүлж, цахим тоглоом тоглож их хэмжээний мөнгө хожих боломжтой мэт залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.
Ташрамд дурдахад, гаднын цахим залилагчид Монголын томоохон хэвлэл мэдээллийн вэбсайт, пэйж, телевизийн нэр, логог ашиглан иргэдэд итгэл төрүүлж, үнэн мэт харагдуулах арга хэрэглэдэг. Үүндээ мөн олны танил хүмүүсийн зураг, бичлэг ашиглан залилдаг. Сүүлийн үед ТэнГэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн хэсгээс тасдан авч ашигласан залиланг бид баримт шалгасныг эндээс үзээрэй.
Иймд та аливаа хэвлэл мэдээллийн мэдээг зөвхөн өөрсдийнх нь албан ёсны пэйж, вэбсайтаас авч байгаарай. Эргэлзээтэй мэдээ, мэдээллийг Монголын баримт шалгах төвийн АСУУ чатботод илгээж шалгуулаарай.




