2026 оны 03 дугаар сарын 28-нд Evelyne Djamel нэртэй хуудаснаас “5 саяас 800 сая төгрөг, 1-20 жилийн хугацаатай, жилийн 2%-ийн хүүтэй зээл авах хүсэлтэй бол хувийн мессенжерээр холбогдоно уу” гэх мэдээлэл түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Баталгаагүй, хуурамч хаягаас зээл олгоно, тэтгэмж өгнө гэх цахим залилан ихэссэн. Иймд сошиал орчинд түгдэг санхүүгийн холбогдолтой мэдээлэлд шууд итгэлгүй, дараах баримт шалгах анхан шатны аргаар шалгаарай.
Хаяг шалгах

Evelyne Djamel хуудас нь 2025 оны 12 дугаар сарын 08-нд нээгдсэн, дагагчгүй ба 2 зураг нэг пост оруулжээ. Пэйжийн ангиллаа “Эрүүл мэнд, гоо сайхан” гэж сонгосон байна. Хуудасны тухай мэдээлэл, холбогдох дугаар, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Тус хуудас нь гадаад нэртэйгээс гадна ямар санхүүгийн байгууллага төлөөлж буй нь тодорхойгүй, үйл ажиллагааны тухай мэдээлэл огт байхгүй зэрэг шинж тэмдэг нь хуурамч хаяг болохыг илтгэж байна. Иймд сошиал орчинд түгж буй санхүүгийн холбогдолтой мэдээлэл шууд итгэхээсээ өмнө заавал хаягийг шалгаж хэвшээрэй.
Агуулга нягтлах
Санхүүгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ, зээл олгоно гэж мэдээлэл түгээдэг хуурамч хаяг ихэвчлэн хувийн чатаар холбогдохыг уриалдаг. Зээл, тусламжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл огт оруулалгүй, хувийн чатаар холбогдохыг уриалж байвал сэжигтэй гэсэн үг юм. Хэрэглэгчдийг хувийн чатаар холбогдохыг уриалж, зээл тусламж олгоно гэх нэрийдлээр гэрийн хаяг, утасны дугаар, дансны мэдээлэл, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг асуудаг. Цаашлаад мөнгөө авахын тулд урьдчилгаа шилжүүлэх нөхцөл тавьж, залилдаг.
Сошиал орчинд түгээж буй санхүүгийн холбогдолтой мэдээлэлд шууд итгэлгүй, баримт шалгах анхан шатны аргаар хаягийг шалгаж, сэжигтэй байвал сэтгэгдэл, хариу бичиж идэвхжүүлэлгүй, репорт хийгээрэй.




