Search

Гаднын бичлэг ашиглан, бүтээгдэхүүн хямдралтай худалдаалж буй мэтээр хандалтаа өсгөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1841

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Оргинал Toffifee чихэр 1 кг нь 3,900 төгрөг болж хямдарлаа” гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын бичлэгийг ашиглан гэр ахуй, гоо сайхын барааг зах зээлийн үнээс хэт хямд үнийн дүнтэй худалдаалж буй мэтээр хуурамч мэдээлэл түгээж, хандалтаа өсгөж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 19-нд Солонгос оргинал бөөний бараа нэртэй хуудаснаас “Хугацааа дуусах болоогүй original toffifee 1 кг нь 3900 төгрөг” гэх тексттэй богино хэмжээний бичлэг түгээснийг нийт 1,600 гаруй реакц, 187 сэтгэгдлээр идэвхжүүлж, 101 удаа цааш түгээжээ.

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгах, агуулгыг нягтлах, зургаар хайх аргаар шалгалаа.

Хаяг шалгах

Солонгос оргинал бөөний бараа хуудас нь нийт 44 мянга гаруй дагагчтай ба пэйжийн ангиллаа “хувцасны брэнд” гэж сонгожээ. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад 2023 оны 08 дугаар сарын 03-нд “Moon сар шинэ бөөний бараа” нэртэй нээгдсэн ба нийт 6 удаа нэрээ сольжээ. Монгол улсаас нийт  4 админ удирдаж байна. Бараа бүтээгдэхүүн худалдаалдаг онлайн дэлгүүр боловч холбогдох дугаар, хаяг байршил, танилцуулга зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Аливаа худалдааны сайт, онлайн дэлгүүр ерөнхий мэдээллээ нээлттэй байршуулж, хэрэглэгч холбогдох боломжтой байдаг. Гэвч тус хуудаст бүтээгдэхүүн борлуулдаг боловч огт мэдээлэл байршуулаагүй байх нь хуурамч хаяг байж болзошгүйг илтгэж байна.

Агуулгыг нягтлах

Тус хуудаст ихэвчлэн 90-ээс дээш хувийн хямдралтай бараа худалдаалж байна гэх агуулга бүхий зураг бичлэг постложээ. Гэвч бүтээгдэхүүнийг хэрхэн авах, захиалгын хийх заавар, хүргэлтийн нөхцөл зэрэг мэдээлэл оруулаагүй байна. Харин зөвхөн like share хийхийг уриалсан байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд маш хямд бүтээгдэхүүн санал болгож буй мэтээр зураг бичлэг нийтэлж, like share хийхийг уриалж, постоо идэвхжүүлэн, хандалтаа өсгөж буй юм. Их хандалттай байх тусам илүү олон хэрэглэгч итгэх нөхцөл бүрдэнэ.

Мөн тус хуудаснаас солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг 90 хувийн хямдралтай хэмээн маш бага үнээр худалдаалж буй мэт бичлэг зураг оруулж байна. Тухайлбал, 2026 оны 03 дугаар сарын 26-нд нийтэлсэн 4 гаруй минутын урттай бичлэгт солонгосын Skin1004 брэндийн нарны тос болон бусад бүтээгдэхүүнийг 9,900 төгрөг болон хямдарсан гэх агуулгатай бичлэг нийтэлжээ. Skin 1004 брэндийн албан ёсны сайтад 2026.03.27-03.31 ны хооронд болж буй хямдралд ижил бүтээгдэхүүн 20,000 воноос 18,000 вон болон хямдарсан байна. Энэ нь ойролцоогоор 49,000 төгрөг болж хямдарсан гэсэн үг юм. Үүнээс харвал хэдий хямдралтай байгаа ч зах зээлд буй үнийн дүнгээс хэд дахин хямд үнэтэй бараа худалдах, захиалга авах тухай мэдээллүүд нь хандалт цуглуулах цаашлаад залилан хийх зорилготой байх нь бий.

Зургаар хайх

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг  2025 оны 11 дүгээр сарын 24-нд @candysweet_aalborg Instagram хаягт “ИРИС ДҮҮРСЭН БАЙНА! Үүнийг харах ёстой найзаа mention хийгээрэй. Та ч бас уутыг ИРИСээр дүүргэх гэж байна уу” хэмээн дани хэлээр тайлбар бичин нийтэлжээ. @candysweet_aalborg нь Дани улсын Ольборг хотын төвд үйл ажиллагаа явуулдаг чихрийн дэлгүүрийн хаяг юм.

Солонгос оргинал бөөний бараа хуудаснаас 2026 оны 03 дугаар сарын 29-нд нийтэлсэн “90%-ийн хямдралтай  үнэ 19900” хэмээн буйдангийн бичлэг оруулжээ. Тус бичлэгийн эх хувилбарыг 2026 оны 03 дугаар сарын 20-нд @_comfort_home_  TikTok хаягт “За, маш тухтай хүрээгүй ор, гудамж болон хашаанд тохиромжтой, нартай өдөр зүлгэн дээр хэвтэх ямар сонирхолтой болохыг төсөөлөөд үз дээ” хэмээн Украйн хэлээр тайлбар бичин нийтэлжээ. Тус буйданг худалдаалж буй comfor home сайтад хэмжээнээс хамаарч 6720-10980 Украины гривн буюу ойролцоогоор 500-900 мянган төгрөг юм. Интернэт орчинд түгсэн бичлэг, зургийг ашиглаж маш хямд үнийн дүнтэй худалдаалж буй мэтээр хандалтаа өсгөж байна.

Гаднын бичлэгийг ашиглан гэр ахуй, гоо сайхын барааг зах зээлийн үнээс хэт хямд үнийн дүнтэй худалдаалж буй мэтээр хуурамч мэдээлэл түгээж, хандалтаа өсгөж байна. Хуудас хөтөлж, хандалтаа өсгөх нь хэвийн үзэгдэл ч зарим тохиолдолд энэ төрлийн хаягуудаар дамжуулан улс төрийн суртал ухуулга, хуурамч мэдээлэл зэрэг олон нийтийн санаа бодолд нөлөөлж, төөрөгдүүлэх зорилготой мэдээллүүдийг түгээдэг. Түүнчлэн энэ төрлийн хуурамч мэдээллээр дамжуулан санхүүгийн залилан үйлдэх нь ч бий. Иймд хуурамч мэдээлэл түгээж, хандалтаа өсгөх зорилготой хаягийг дагаж, хуваалцахаасаа өмнө хаягийг нь шалгаж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Оргинал Toffifee чихэр 1 кг нь 3,900 төгрөг болж хямдарлаа” гэх агуулга бүхий богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document