2026 оны 03 дугаар сарын 28- нд Элэгт гүн хуримтлагдсан хорыг гадагшлуулж – дотоод өөхийг багасгана (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Элэгтэй холбоотой асуудлыг хурдан дэмжиж, дотор өөхийг багасгахад тусална” гэсэн тайлбартай “Liver Detoxnic Plus” гэх бүтээгдэхүүнийг сурталчилсан пост нийтэлжээ.
FACTCHECK:
Хаяг шалгах

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалж буй сайт, пэйжийг хамгийн түрүүнд шалгах нь чухал. Тэгвэл Элэгт гүн хуримтлагдсан хорыг гадагшлуулж – дотоод өөхийг багасгана хуудас нь 2025 оны 12 дугаар сарын 13-нд нээгдсэн, нийт 1,600 гаруй дагагчтай байна. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас 11 админ удирдаж байна.
Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүн худалдаалж буй сайт руу орж үзэхэд гаднын улсаас удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн борлуулдаг хуурамч сайтын загвараар хийгджээ.

Тус сайтад байршуулсан гэрчилгээг шалгахад “Liver Detoxnic Plus” бүтээгдэхүүнийг баталгаажуулсан сертификат биш барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын Stp. International Pharmaceuticals Joint Stock Company нэртэй компанийн гэрчилгээ байна.
Мөн орчуулгын программ ашигласнаас үүдэлтэй үг, үсгийн алдаатай постер болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн зурагнуудыг байршуулсан байна.


Johns Hopkins Medicine “Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь тэдгээр нь АНУ-ын FDA-аар зохицуулагдаагүй, клиник нотолгоо хангалтгүй байдаг” гэжээ
2025 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний Хүрээнлийн судалгааны санд нийтлэгдсэн “Элэг цэвэрлэх хуурамч бүтээгдэхүүнүүд: Онлайнаар түгээмэл зарагддаг элэгний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн шинжилгээ” нэртэй судалгаагаар Amazon дээрх хамгийн их борлуулалттай 20 элэг цэвэрлэх бүтээгдэхүүнийг шинжилсэн байна. Тэдгээр бүтээгдэхүүний 85% нь “элэгний үйл ажиллагааг сайжруулна” гэж амладаг ч, бүтээгдэхүүнд агуулагддаг milk thistle, турмерик зэрэг орц найрлагын үр нөлөөг батлах шинжлэх ухааны нотолгоо нь хязгаарлагдмал, тодорхой бус хэвээр байгааг онцолжээ. Мөн зах зээл нь өргөн хүрээтэй, эрэлт ихтэй байгаа ч эдгээр бүтээгдэхүүний үр дүнг батлах найдвартай судалгаа байхгүй байна.
АНУ-ын “Johns Hopkins Medicine”-ы сайтад элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийн талаар тайлбарласан байна. Тодруулбал, “Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг элэгний эрүүл мэндийг дэмжиж, эмчлэх арга гэж сурталчилдаг ч ихэнх нь клиник туршилтаар батлагдаагүй, стандарт бус байдаг. Детокс бүтээгдэхүүний зарим найрлага элэгний үрэвслийг бууруулж, гэмтлээс хамгаалах нөлөөтэй байх нь бий. Гэвч урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэхийг зөвлөсөн баталгаатай судалгаа байхгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний зарим нэмэлт нь эмийн гаралтай элэгний гэмтэл үүсгэж, хортой нөлөө үзүүлж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Элэгний эрүүл мэндээ хамгаалахын тулд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс зайлсхийж хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэжээ.
Түүнчлэн, АНУ-ын Хоол хүнс, Эмийн Удирдлагын Агентлаг болон Холбооны Худалдааны комиссоос цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэсэн олон төрлийн бүтээгдэхүүнд худал мэдээлэл тараасан, хортой орц агуулсан, зөрүүтэй шошго ашигласан гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байдаг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн нь зарим төрлийн эмийн үйлчлэлийг дарангуйлж, элэгний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байжээ.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, гаднын улсаас удирдлагатай хуудаснаас элэг цэвэрлэх, дотор өөхийг багасгах “Liver Detoxnic Plus” гэх чанар, аюулгүй байдал тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Мөн “элэг цэвэрлэх” хэмээн сурталчилж буй бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь клиник нотолгоо хангалтгүй, зарим нь бүр элэгний гэмтэл үүсгэх эрсдэлтэйг судалгаануудад онцолсон байна.




