Search

Хуйх цэвэрлэх энгийн шампунийг эмчилгээний бүтээгдэхүүн мэтээр хэтрүүлэн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1839

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“DEGO Pharma – Байгалийн найрлагатай хаг, мөөгөнцөр, загатнааны эсрэг шампунь. 7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана. 14 хонгийн дараа бүрэн арилна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын удирдлагатай, баталгаагүй хуудаснаас энгийн хуйх цэвэрлэх шампунийг “7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана” гэх хэтрүүлсэн тайлбартайгаар мэдээлж, төөрөгдүүлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Dego Pharma – Мөөгөнцөр, загатнаа болон хагны асуудлыг эмчлэх гэх нэртэй хуудаснаас “DEGO Pharma – Байгалийн найрлагатай хаг, мөөгөнцөр, загатнааны эсрэг шампунь. 7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана. 14 хонгийн дараа бүрэн арилна” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэг 1300 гаруй реакц, 1700-аад сэтгэгдэл авч, 290 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

Dego Pharma – Мөөгөнцөр, загатнаа болон хагийг эмчлэх ” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2026 оны 1 дүгээр сарын 6-нд үүссэн, Вьетнам улсаас 8 админ удирддаг нь илэрлээ.

Тус хуудас нь үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Мөн холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэл тодорхойгүй, зөвхөн чатаар харилцахыг уриалдаг байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.

Зургаар хайсан нь

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг зургаар хайхад DEGO Herbal нэртэйгээр онлайн худалдааны сайтуудад борлуулагдаж байгаа нь илэрлээ. Тус бүтээгдэхүүний савлагаанд zizyphus (өргөст бутлаг, жижиг моддын төрөл) ургамлын хандтай, хуйх цэвэрлэх шампунь гэж тэмдэглэжээ. Тухайн бүтээгдэхүүнийг хуйхны эмчилгээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны гоо сайхны бүтээгдэхүүн цэсээс хайхад, ямар ч илэрц олдсонгүй. Өөрөөр хэлбэл, уг бүтээгдэхүүн нь хуйх цэвэрлэж, хаг багасгахад туслах зорилготой шампунь бөгөөд зориулалтын эмчилгээний бүтээгдэхүүнд бүртгэгдээгүй аж. Тиймээс эл шампуниар богино хугацаанд үсний мөөгөнцөр, хуйхны хайрсыг бүрэн арилгах боломжгүй юм.

Үсний хагийг бүрэн эмчлэх арга байхгүй. Шампунь, тос зэрэг нь шинж тэмдгийг багасгахад л тусалдаг байна.

Энэ талаар эрүүл мэндийн Кливлэнд Клиник сайтад “Себорейн дерматит буюу хаг нь хуйх, нүүр зэрэг тосны булчирхай ихтэй хэсэгт илэрдэг арьсны өвчин юм. Энэ нь загатнах, хайрсжих, гуужих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хаг нь үе үе сэдэрч, намждаг бөгөөд бүрэн эдгээх эмчилгээгүй. Зөвхөн эмчийн жороор олгодог эм, эмчилгээний хэрэгсэл болон зориулалтын бүтээгдэхүүн зэргээр шинж тэмдгийг нь хянах боломжтой” гэж мэдээлжээ. Мөн Мэйо Клиник сайтад “Хаг нь хуйхнаас хуурай арьсны жижиг хэсгүүд гуужиж унах эмгэг юм. Хөнгөн хэлбэрийн хагийг зөөлөн шампуниар тогтмол угаах замаар намдааж болно. Гэвч хагийг бүрэн эдгээх арга байхгүй тул хэсэг хугацааны дараа дахин үзэгдэж эхэлдэг” хэмээн нийтэлсэн байна.

Харин хуйхны мөөгөнцрийн халдварын эмчилгээнд мөөгөнцрийн эсрэг эм уухаас гадна зориулалтын шампунь, хөөс, тос зэргийг хэрэглэх шаардлагатай. Цахим орчинд гэрийн нөхцөлд хуйхны мөөгөнцрийг эмчлэх аргуудын тухай мэдээлэл түгээмэл ч ихэнх нь судлагдаагүй, бүрэн бус байдаг тул нэн тэргүүнд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй юм.

Эдгээр мэдээллүүдээс дүгнээд үзэхэд, Гаднын удирдлагатай, баталгаагүй хуудаснаас энгийн хуйх цэвэрлэх шампунийг “7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана” гэх хэтрүүлсэн тайлбартайгаар мэдээлж, төөрөгдүүлж байна. Иймэрхүү баталгаагүй хуудаснаас олны анхаарлыг татахын тулд тулд богино хугацааны үр дүн амласан, найдваргүй бүтээгдэхүүнийг сурталчлах үзэгдэл олонтаа. Цаашлаад энэ төрлийн аргаар залилан үйлдэх нь ч бий. Иймээс онлайнаар худалдан авалт хийхдээ мэдээлэл түгээж буй хуудасны ил тод байдлыг нь шалгаж, сэжигтэй хуудсанд бүү хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“DEGO Pharma – Байгалийн найрлагатай хаг, мөөгөнцөр, загатнааны эсрэг шампунь. 7 хоногийн дотор хаг, мөөгөнцөр, хуйхны хайрсыг арилгана. 14 хонгийн дараа бүрэн арилна” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document