2026 оны 03 дугаар сарын 23-нд Оюунбаатарын Нямдорж нэртэй хаягаас “Ураны гэрээг шууд зогсоо. 300 сая$ -н авлига өгсөн байна” гэх тайлбартай бичлэг оруулсныг 6.6 мянга гаруй реакц, 652 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 3.4 мянга гаруй удаа цааш түгээжээ.
Уг бичлэгт, “Өнөөдөр Оюун-Эрдэнэ сайд ураны гэрээг байгуулахад 300 сая долларын авлига авч өгөлцсөн тухай ярилаа. Ураны гэрээ авлига авч хийсэн нь нэгэнт тодорхой болсон тул яаралтай цуцлуулах хэрэгтэй. Ураныг Монгол улсын газар нутагт хайх, олборлох ашиглах, булшлахыг хуулиар хориглох хэрэгтэй. Нэгэнт олон улсын гэрээ авлига авч, өгсөн нь тогтоогдвол шууд хүчингүй болно” гэжээ.
FACTCHECK:
Бичлэг дэх агуулга нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өгөхдөө хэлсэн үгнээс үүдэлтэй байхаар байна. Гэхдээ энд төөрөгдүүлсэн хоёр агуулга байна:
- 300 сая төгрөгийн гэрээний тухай ярьсныг “300 сая ам.доллар” гэж төөрөгдүүлсэн,
- АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа нотлогдох учиртай. Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсныг шууд “нотлогдсон” мэтээр мэдээлэл түгээж буй нь төөрөгдүүлжээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “300 сая орчим төгрөгийн гэрээ хийсэн” гэж хэлсэн нөхцөл байдлыг шалгаж, шүүхээр тогтоогоогүй байна
03 дугаар сарын 23-нд Ерөнхий сайд асан Д.Оюун-Эрдэнэ АТГ-ын гадаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар өгөх үедээ хийсэн мэдэгдэлд: (13:35 минутаас эхэлнэ)
- “Б.Энхбаяр хуульчдын бүлэглэл гэж юм байгуулсан. Түүнд нь Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаяр гэж хуульч бий. Орано майнингтай хийх хэлэлцээрт ч энэ хуульчид оролцсон байгаа юм. 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн. Та бүхэн судлаад үзээрэй, би материалуудыг хавсаргасан байгаа. Хэрвээ Орано компанийг дэмжихгүй бол акц хийнэ, унагаана гэж нэр бүхий улстөрчдөд хэлсэн байгаа. Тэдгээр хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.
Энэхүү 20 минутын бичлэгээс 30 секундын ярианд дурдсан агуулгыг авч, нотлогдсон мэтээр түгээжээ.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн ярьсан 307 сая төгрөгийн гэрээний тухай
2026 оны 03 дугаар сарын 25-нд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр танилцуулсны дараа дээрх мэдээлэлтэй холбоотой тайлбар мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр (17:08 минутаас)
- “Орано компанийн төсөлтэй холбоотой ажлын үеэр Эрдэнэс Монгол компанид хуулийн зөвлөгөө үзүүлсэн энэ компанийн асуудлыг ярьсан. Энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн талаар opendata дээр байгаа. Энэ компанитай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байдаг юм билээ. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 307 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээний гэрээ… Энэ үед Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Энэ компанитай гэрээ байгуулах санал нь ХЗДХЯ-аас ирсэн. Тэр үеийн хууль зүйн сайдаар хэн ажиллаж байсан бэ…” гэж ярьжээ.
Ярих үедээ дэлгэцэнд үзүүлсэн гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны “ЭМГЛ-350/АГГ-177/20241203” дугаартай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төслийн судалгаа, үнэлгээний газрын ахлах менежер Д.Батмөнх болон “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батхүлэг нарын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ” гэсэн байна.


Уг гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт,
- “Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү гэрээгээр Зөвлөх нь Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг” компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төслийг хянаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн санал өгөх, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд нийцүүлэн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Орд ашиглах гэрээ, төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрмийг шинэчлэн боловсруулах, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт дэмжлэг үзүүлэн хэлэлцээрт оролцох ажил (цаашид “Гэрээт ажил” гэх)-ыг энэхүү гэрээний хавсралтад заасан ажлын даалгаварт нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, Захиалагч. нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг Зөвлөхөд төлөхтэй холбогдон үүсэх харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлон зохицуулна.
1.2 Энэхүү гэрээ нь Талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.
1.3 Энэхүү гэрээнд тусгагдаагүй бусад харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэсэн эхний нүүрийг харуулжээ.
Шилэн дансны мэдээллээс дэд сайдын хэлсэн гэрээг шүүхэд, одоогийн байдлаар 230 сая төгрөгийн төлбөр шилжүүлээд байна
Дэд сайдын хэлсэн “зөвлөх үйлчилгээний төлбөр 307 сая төгрөг” гэх мэдээллийг батлахын тулд Эрдэнэс Монгол ХХК-ийн шилэн дансыг шүүлээ. “ЭМГЛ-350/АГГ-177/20241203” гэрээний дугаартай гүйлгээний утгаар “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК-д 2025 оны 04 дүгээр сард 107 сая, 2025 оны 12 дугаар сард 123 сая төгрөг шилжүүлсэн гэж мэдээлсэн байна.


Нээлттэй байгаа баримтуудаас шүүж харахад Эрдэнэс Монгол ХХК-аас “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК-д “Орано Майнинг” компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төслийг хянаж, хуулийн хүрээнд санал өгөх, “Орано майнинг” компанитай хийх хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөрт одоогийн байдлаар 230 сая төгрөгийг шилжүүлээд байгаа юм байна.
- Энэ нь Монголын талаас буюу “Эрдэнэс Монгол” ХХК-аас төлбөртэй үйлчилгээгээр хуулийн зөвлөгөө авсан харилцааг илэрхийлж байна.
“Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-нд үүсгэн байгуулагдсан, Б.Баяраа, С.Батхүлэг нарын эзэмшилтэй байна. Хуульч Б.Баяраа нь стратегийн орд, уул уурхайн асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Хасагдсан, өөрчлөлт оруулсан түүхэнд Д.Мөнх-Эрдэнийн нэр байхгүй байна. Тус компани найман төрлийн тендерт санал илгээж, нэг нь хасагдсан төлөвтэй байна.


Л.Оюун-Эрдэнийн ярианд дурдсан Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хуулийн фирмийн тухай
Харин “Солонго энд Мөнх партнерс” хуулийн фирмийн эзэмшигч нь дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн ээж Ц.Байгалмаа болон ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Солонго нар, харин гүйцэтгэх захирлаар Д.Мөнх-Эрдэнэ бүртгэлтэй байжээ. Тус компанийг 2023 оны 08 дугаар сарын 08-нд татан буулгасан байна.

Мөн Ерөнхий сайд асны ярианд Л.Отгонбаяр хуульчийн нэр дурдагдсан. Түүний нэрээр opendatalab.mn-ээс шүүж үзэхэд Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХК, “Лэгал линк про” ХХК-ийг Б.Батсэлэнгэтэй хамтран эзэмшдэг. “Легал линк Си Би Эй” ХХК нь хууль эрх зүйн зөвлөгөөгөөр дагнасан хуулийн фирм байна. Тус компанид оролцсон тендерийн мэдээлэл байхгүй, Эрдэнэс Монгол ХХК-ийн шилэн данснаас 2024 оноос хойших хугацаагаар хайхад илэрцгүй.

Мөн хуулийн салбарт харъяалагдах хэд хэдэн компанийн бүртгэлд Л.Отгонбаяын нэр байна. Үүнд анхаарал татсан нэг сэжим бол 2023 оны 08 дугаар сарын 08-нд татан буугдсан “Эрх зүйн шинэтгэл, хөгжлийн форум” НҮТББ-ыг С.Батхүлэг хамтран эзэмшдэг байжээ. Энэ нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батхүлэгтэй хамтарч байсныг харуулж байна.

Дүгнэхэд, “Орано майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд 300 сая ам.долларын авлига өгсөн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн байна. Нээлттэй байршуулсан баримтуудаас “Орано майнинг” компанитай хийх хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээнд “Эрдэнэс Монгол” ХХК нь “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК-тай хуулийн зөвлөгөө үзүүлэхээр гэрээлж, одоогийн байдлаар 230 сая төгрөгийг шилжүүлсэн байна. АТГ-ын мөрдөн шалгалтын явц, шүүхийн эцсийн шийдвэрээр энэхүү гэрээ хууль ёсных байсан эсэхийг тогтоох юм.




