Search

“Америк тураах кофе” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1837

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“MD slim coffee” нэртэй дуршил бууруулагчтай тураах Америк кофены тухай пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

“MD slim coffee” нэртэй бүтээгдэхүүний орц, найрлагад дурдсан “ногоон кофены үр, улаан мөөгний ханд, хүн орхоодойн ханд, бадамлянхуа навчны ханд Garcinia Cambogia ханд” зэргийг хослуулан судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй байна. Амьтны туршилтад зарим эерэг үр дүн ажиглагдсан ч хүний судалгаануудын чанар сул, үр дүн тодорхой бус байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 03 дугаар сарын 10-нд Shopping.mall (архивласан хувилбар) хуудаснаас “MD slim coffee” нэртэй дуршил бууруулагчтай тураах Америк кофены тухай пост нийтэлснийг одоо ч идэвхтэй нийт 9,500 гаруй реакц, 2,700 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж байгаа учир баримтаар шалгалаа.

Тус постын тайлбар хэсэгт “Манай кофе нь 100% байгалийн гаралтай ургамлын гаралтай ногоон кофены үр, ядаргаа тайлах, дархлааг сайжруулах улаан мөөгний ханд, хүн орхоодойн ханд, бодисын солилцоог сайжруулж, эрүүл мэндэд тустай бадамлянхуа навчны ханд Garcinia Cambogia ханд, зэрэг найрлагатай. Хоолны дуршлыг бууруулахын тулд өлсгөлөнгийн гормоныг хянах, илчлэгийн хүчин зүйлсийг багасгах, өөхний нийлэгжилтийг бууруулах, өөх тосыг шатаах үйл явцыг хурдасгах, өөх тосыг шингээх үйл явцыг хурдасгах, жинг үр дүнтэй хянаж, эрчимтэй тураана.…” хэмээн сурталчилжээ.

MD slim coffee нэртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компани, брэндийн тухай дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл огт байхгүй байна

Шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг Google Lens хэрэглүүр ашиглан зургаар хайхад уг бүтээгдэхүүний талаарх мэдээлэл огт гарч ирсэнгүй. Түүнчлэн “MD slim coffee” гэх түлхүүр үгээр хайлт хийхэд шалгасан мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнтэй ижил төрлийн тураах кофены талаарх мэдээллүүд илэрцээр гарч ирж байгаа ч “MD slim coffee” нэртэй бүтээгдэхүүний мэдээлэл байхгүй байна.

Мөн гаднын улсын AlibabaLazadaEbayTemu зэрэг онлайн худалдааны сайтуудад ч уг бүтээгдэхүүний талаар мэдээлэл байсангүй.

Шалгасан мэдээлэлд дурдсан ногоон кофены үр, улаан мөөгний ханд, хүн орхоодойн ханд, бадамлянхуа навчны ханд Garcinia Cambogia ханд зэрэг орц найрлагын талаар дэлгэрэнгүй

Бид  PubMed, Google Scholar, ScienceDirect, ResearchGate зэрэг судалгааны сангаас бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан “ногоон кофены үр, улаан мөөгний ханд, хүн орхоодойн ханд, бадамлянхуа навчны ханд, Garcinia Cambogia ханд” гэх түлхүүр үгээр хайхад эдгээр орцуудыг нийлүүлэн судалсан судалгаа байхгүй байна. Иймд тус тусад нь судалгааны сангуудад хайлт хийж үр нөлөөг нь баримтаар шалгалаа.

Ногоон кофены үр

2011 онд Researchgate судалгааны санд нийтлэгдсэнНогоон кофены хандыг жин бууруулах нэмэлт бүтээгдэхүүн болгон ашиглах: Санамсаргүй хяналттай клиник туршилтуудын системчилсэн тойм ба мета-анализ” нийтлэлд ногоон кофены хандыг жин буурахад нөлөөтэй байж болзошгүй гэж дүгнэжээ. Гэвч жин бууруулах нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэх үр нөлөө болон аюулгүй байдлыг үнэлэхийн тулд илүү нарийн зохион байгуулалттай, урт хугацааны судалгаанууд шаардлагатайг онцолжээ.

Garcinia Cambogia ханд

Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 23-нд Garciana Cambogia агуулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүний шошгод өөрчлөлт оруулж, “Ховор тохиолдолд элэг гэмтээж болзошгүй, хэрэглэх үед алкохол уухаас зайлсхийх хэрэгтэй” гэж оруулах шаардлагатайг анхааруулжээ. Тус мэдэгдэлд шалгасан бүтээгдэхүүнтэй ижил төрлийн Garciana Cambogia агуулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой сөрөг үр нөлөө гарсан ба Эрүүл мэндийн функциональ хүнсний асуудлыг хэлэлцэх хороогоор хэлэлцсэний дараа эргүүлэн татахаа мэдэгджээ.

Garcinia cambodia (шинжлэх ухааны нэршил Garcinia gummi-gutta )нь Зүүн өмнөд Азийн нутгаар ургадаг  шар, ногоон өнгөтэй жимс юм. Уг жимсэнд гидроксицитийн хүчил (hydroxycitric acid (HCA)  агуулагддаг. Сүүлийн үед Garcinia cambogia агуулсан бүтээгдэхүүнийг хоолны дуршил бууруулах, тураах үйлчилгээтэй хэмээн сурталчлах болсон. АНУ-ын Нэмэлт, цогц эрүүл мэндийн үндэсний төвийн сайтад оруулсан Garcinia Cambogia жимсний тухай мэдээлэлд “Garcinia Cambogia агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь аюултай байж магадгүй. Элэгний гэмтэлтэй холбоотой тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь ховор тохиолдол юм. Мөн Garciana Cambogia хэрэглэх сөрөг нөлөө нь толгой өвдөх, дотор муухайрах, суулгах, ходоод гэдэсний замын бусад шинж тэмдэг илрэх” хэмээн мэдээлжээ.

Бадамлянхуа навчны ханд

2017 онд нийтлэгдсэн харханд хийсэн судалгаагаар бадамлянхуаны навчны ханд таргалалттай хархны дотор өөхийг багасгаж буйг харуулжээ. Мөн 2010 онд нийтлэгдсэн бадамлянхуаны навчны халуун хандыг таурины нэмэлт тэжээлтэй хослуулан хэрэглэсэн амьтан дээр хийсэн судалгаагаар “харханд таргалалтын эсрэг болон липидийн бууралтад үзүүлэх нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь дангаар нь бадамлянхуа навчны халуун усны ханднаас илүү үр дүнтэй байна” гэх дүгнэлт гаргажээ.

Улаан мөөгний ханд

Рейши буюу улаан мөөгний ханд нь жин хасахад бага зэрэг нөлөөтэйг харуулсан хулганад хийсэн туршилт, судалгаа бий ч клиник судалгаа, мета шинжилгээ, тойм судалгаагаар таргалалтын эсрэг нөлөөгүй хэмээн дүгнэжээ. Тодруулбал, 2025 онд АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн судалгааны санд нийтлэгдсэн “Рейши мөөгний хүний эрүүл мэндэд үзүүлэх тэжээллэг ач холбогдол” нэртэй тойм судалгаанд улаан мөөгний ханд нь амьтны туршилтаар жин бууруулах нөлөө үзүүлсэн үр дүн гарсан ч, хүний клиник судалгаа болон системтэй тойм, мета-анализын дүнгээр таргалалтын үндсэн үзүүлэлтүүдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй бөгөөд нотолгооны чанар маш доогуур гэж үзжээ.

Дээрх хэсгийг дүгнээд хэлбэл, эдгээр орцуудыг хослуулан судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй байна. Амьтны туршилтад зарим эерэг үр дүн ажиглагдсан ч хүний судалгаануудын чанар сул, үр дүн тодорхой бус байна.

Зарим судалгаануудад дурдсанаар кафейн нь биеийг идэвхтэй байхад тусалдаг ба бодисын солилцоог 3-11%, дасгалын гүйцэтгэлийг дунджаар 11-12% нэмэгдүүлдэг байна

Бид өмнө нь тураах кофе хэмээн цахим орчинд сурталчилсан бүтээгдэхүүнийг (энд, энд, энд бас энд) баримтаар шалгаж төөрөгдүүлсэн болохыг мэдээлж байсан.

Тэгвэл кофенд агуулагддаг гол идэвхт нэгдлүүд болох кафейн, хлороген хүчил болон бага хэмжээгээр агуулагддаг теобромин, теофиллин зэрэг нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна. Эдгээрээс гол хүчин зүйл болох кафейн нь тархинд үйлчилж, аденозин (ядаргаа үүсгэдэг нейротрансмиттер)-ийг хааснаар мэдрэлийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд допамин, норэпинефрин зэрэг сэргээх нөлөөтэй бодисууд ялгарч, анхаарал, сэрэмж, эрч хүч нэмэгдсэн мэдрэмж төрүүлдэг байна.

Америкийн Клиник Хоол тэжээлийн сэтгүүлд хэвлэгдсэн “Дөрвөн долоо хоногийн кофены хэрэглээ нь энергийн хэрэглээ, цадах мэдрэмжийн зохицуулалт, биеийн өөх болон ДНХ-ын бүрэн бүтэн байдлыг хамгаалахад нөлөөлж буй байдал” гэх судалгаагаар кафейны дунд зэргийн хэрэглээ (биеийн жингийн кг тутамд  3 мг ) нь бодисын солилцооны хурдыг бага зэрэг нэмэгдүүлж, илчлэгийг шатаахад хүргэдэг болохыг тогтоосон. Мөн Физиологи ба зан үйлийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд кафейн нь өлсгөлөнгийн гормон болох грелиныг дарангуйлж, зарим хүний хоол хүнсний хэрэглээг бууруулахад хүргэдгийг харуулжээ.  

Кафейн нь богино хугацаандаа бодисын солилцоог бага зэрэг хурдасгаж, өлсөх мэдрэмжийг дарж,  дасгал хөдөлгөөн хийхэд эрч хүч нэмдэг ч их хэмжээгээр жин хаяхад нөлөөгүй бөгөөд удаан хугацааны хэрэглээнд хүний бие кафейнд тэсвэртэй болж үр нөлөө нь бага болдог. 

Мөн кафейны хэт их хэрэглээнээс үүдэн сэтгэл түгших, нойргүйдэх, хоол боловсруулах эрхтний асуудал, булчингийн хямрал, донтолт, цусны даралт ихсэн, зүрхний хэм ихсэх зэрэг олон сөрөг нөлөө илэрдэг. 

Дүгнэлт

Дүгнээд хэлбэл, “MD slim coffee” нэртэй бүтээгдэхүүний орц, найрлагад дурдсан “ногоон кофены үр, улаан мөөгний ханд, хүн орхоодойн ханд, бадамлянхуа навчны ханд Garcinia Cambogia ханд” зэргийг хослуулан судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй байна. Амьтны туршилтад зарим эерэг үр дүн ажиглагдсан ч хүний судалгаануудын чанар сул, үр дүн тодорхой бус байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас “Жин хасахад тусална гэж сурталчилдаг тураах эм, өөх шатаах шахмал, цай, нэмэлт бүтээгдэхүүн нь орцондоо тусгаагүй нууц найрлага агуулсан байх нь бий. Үүнийгээ эрүүл, аюулгүй, байгалийн гаралтай эмчилгээ мэтээр сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлдэг. Энэ нь эмийн эрүүл мэндийн луйврын нэг төрөл юм. Үнэн хэрэгтээ иймэрхүү бүтээгдэхүүн нь бүрэн батлагдаагүй, үр дүн тодорхойгүй байдаг. Зарим тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулж болзошгүй. Иймд онлайн дэлгүүрүүдээр зарагддаг баталгаагүй бүтээгдэхүүнийг авч, хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй” гэж сануулжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“MD slim coffee” нэртэй дуршил бууруулагчтай тураах Америк кофены тухай пост нийтэлжээ

Check document