2026 оны 01 дүгээр сарын 03-нд 9505-7071 TenGer onlain нэртэй хуудаснаас Welive брэндийн тураах кофены тухай мэдээлэл түгээснийг нийт 290 реакц, 45 сэтгэгдлээр идэвхжүүлж, 110 удаа цааш түгээжээ. Тус постод “Өтгөн хаталт бүр мөсөн арилна, дотор өөхийг шатаана, эрүүлээр жингээ хасна, эргэж таргалахгүй, хоолны дуршил буурна, арьс цайрч өнгөлөг болно, дархлаа дэмжинэ, ямар нэг сөрөг нөлөө байхгүй” гэх агуулга дурсан.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Туркийн онлайн худалдааны сайтуудад ойролцоогоор 68-75 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Туркийн trednyol, ciceksepeti зэрэг худалдааны сайтад тус бүтээгдэхүүнийг “эрч хүч нэмэгдүүлэх, хоол боловсруулалтыг дэмжих, дархлаа сайжруулах үйлчилгээтэй” хэмээн тайлбарлажээ. Харин тураана, өөх шатаана, жин хасна гэх агуулга дурдаагүй байна.
Үргэлжлүүлэн Welive брэндийн албан ёсны сайтыг шалгахад бүтээгдэхүүний үйлчилгээ, хэрэглэх заавар зэрэг мэдээлэл огт оруулаагүй, харин орц найрлагыг дэлгэрэнгүй мэдээлжээ. Welive брэндийн кофены найрлагад дараах зүйлс орсон. Үүнд:
- Найрлага: Кофены цөцгий (62%), бүрэн гидролизжүүлсэн ургамлын тос, хүчиллэгийг зохицуулагч бодисууд, Рейши мөөг (3%) (Ganoderma lucidum), Моринга (2%) (Moringa oleifera lam), сүүний уураг, нунтагласан кофе, наалдацын эсрэг бодис, эмульсжүүлэгч бодисууд, сахароз, давс, үнэр оруулагч бодисууд. Улаан буудай агуулсан байж болзошгүй. Бүтээгдэхүүн нь 33% уусдаг кофе агуулдаг. Сэрүүн, хуурай газар хадгална. Гахайн өөх болон үүнээс гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй.
Моринга ургамал болон рэйши мөөгийг нэгтгэж, жин хасах, өөх шатаахад үр нөлөөтэйг харуулсан судалгаа огт байхгүй.
Жижиг навчит моринга мод нь зүүн, зүүн өмнөд Азиас гаралтай бөгөөд төмөр, кали, кальци, C амин дэмээр баялаг бөгөөд модны цэцэг, хонхорцог, навч, мөчир зэргийг чанаж иддэг байна. Моринга нь идэхэд аюулгүй, эрсдэл багатайд тооцогддог ч ходоод өвдөх, суулгах, хий дүүрэх, дотор муухайрах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй. Хятад, Япон зэрэг Азийн орнуудад Рейши мөөгийг (Ganoderma lucidum) нь эрч хүч нэмэгдүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, ерөнхий эрүүл мэндэд тустай хэмээн ашигладаг байна. Рейши мөөгт 18 төрлийн амин хүчил болон эслэг, эрдэс бодис агуулагддаг байна. Рейши мөөгийг хэрэглэхэд аюулгүй гэж үздэг ч дотор муухайрах, нойргүйдэх, элэг гэмтэх гаж нөлөө илрэх эрсдэлтэй тухай Мемориал Слоан Кеттеринг хорт хавдрын төвийн сайтад мэдээлжээ.
Бид Pubmed, Google Scholar, ResearchGate, ScienceDirect, Whiley Online Library зэрэг нээлттэй судалгааны сангаас “рэйши мөөг, моринга, жин хасах” гэх түлхүүр үгээр хайхад эдгээр эмийн ургамлыг нэгтгэн хэрэглэж, жин хасахад үр нөлөөтэйг баталсан судалгаа огт байхгүй байна.
Рейши мөөг нь жин хасахад бага зэрэг нөлөөтэйг харуулсан хулганад хийсэн туршилт, судалгаа бий ч клиник судалгаа, мета шинжилгээ, тойм судалгаагаар таргалалтын эсрэг нөлөөгүй хэмээн дүгнэжээ.
- 2015 онд нийтлэгдсэн “Рейши мөөг (Ganoderma lucidum) нь гэдэсний ашигтай бактерийн (микробиота) бүтэц, найрлагыг зохицуулснаар хулганын таргалалтыг бууруулдаг” судалгаагаар Рейши мөөгнөөс гаргаж авсан өндөр молекулт полисахаридууд нь хулганад таргалалтын эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг тогтоосон ба таргалалттай хүмүүсийн гэдэсний микробиомын алдагдлыг засах, бодисын солилцооны хямралаас урьдчилан сэргийлэх пребиотик болгон ашиглах бүрэн боломжтой гэж дүгнэжээ.
- 2023 онд нийтлэгдсэн “Рейши мөөгний (Ganoderma lucidum) этанол ханд нь эр, эм Свисс (Swiss) үүлдрийн хулгануудын жинг хасахад нөлөөлж, сэтгэл гутралтай төстэй зан үйлийг сайжруулдаг болохыг тогтоов” судалгаагаар Рейши мөөгний 100, 200 мг/кг ханд нь жин, хоол тэжээлийн хэрэглээг мэдэгдэхүйц бууруулж, сэтгэл гутралтай төстэй зан үйлийг бага зэрэг сайжруулах боломжтойг харуулсан.
- 2023 онд нийтлэгдсэн “Илүүдэл жин, таргалалттай хүмүүс ургамлын гаралтай эм, бэлдмэл хэрэглэсний дараа гэдэсний бичил биетний (микробиота) бүтэц өөрчлөгдөх нь: Системчилсэн тойм” судалгаагаар Рейши мөөг гэдэсний бичил биетийн бүтцэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн ч биеийн хэмжигдэхүүн (жин, бүсэлхийн тойрог) болон лабораторийн биомаркеруудад нөлөө гараагүй хэмээн дүгнэжээ.
- Нийт 971 хүн хамруулсан 17 туршилт, судалгаанд анализ хийж гаргасан “Рейши мөөгний (Ganoderma lucidum) хүний эрүүл мэндэд үзүүлэх тэжээллэг чанар ба ач холбогдол: Эмнэлзүйн туршилтуудад хийсэн GRADE-үнэлгээтэй системчилсэн тойм болон мета-анализ” судалгаанд таргалалтын эсрэг ямар нэг нөлөөгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, тус судалгаагаар “Биеийн өөхний хэмжээ, бүсэлхийн тойрог, цусны даралт, өлөн үеийн сахар, цусан дахь өөх тос (липид), үрэвслийн маркер, элэгний ферментүүдэд ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөө ажиглагдаагүй… Рейши мөөг нь эрүүл мэндийн зарим үзүүлэлтэд ялимгүй нөлөө үзүүлж болох ч, нотолгоо нь маш сул бөгөөд хязгаарлагдмал байна” хэмээн дүгнэжээ.
- GRADE (Зөвлөмжийн үнэлгээ, боловсруулалт ба хөгжүүлэлтийн зэрэглэл) нь системчилсэн тойм судалгаа болон бусад нотолгооны нэгтгэлүүд дэх мэдээллийн үнэн зөв, баттай байдлыг үнэлэх системчилсэн аргачлал юм
- 72 хүн хамруулж 6 долоо хоногийн турш хийсэн “Илүүдэл жинтэй хүмүүст Рейши мөөгний (Ganoderma lucidum) үзүүлэх үр нөлөө: Санамсаргүй түүвэр, плацебо хяналттай туршилт” судалгаагаар “Рейши мөөг нь биеийн хэмжигдэхүүн (жин, өндрийн харьцаа гэх мэт) болон цусан дахь өөх тосны хэмжээнд бага зэрэг эерэг нөлөө үзүүлдэг байж болох ч жин хасах үйлчилгээтэй гэсэн нотолгоо байхгүй. Тиймээс цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай” хэмээн дүгнэсэн байна.
Моринга болон үүнээс гаргаж авсан ханд, цай нь таргалалтын эсрэг нөлөөтэйг харуулсан амьтанд хийсэн туршилт бий ч нөлөөгүй, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн клиник судалгаа, системчилсэн тойм судалгаа бас бий.
- 2021 онд нийтлэгдсэн “Өөх тос ихтэй хоол идэж буй хархнуудад Моринга перегрина (Moringa peregrina) навчны хандыг хэрэглэхэд таргалалтын эсрэг, цусан дахь сахар, өөх тосыг бууруулах, мөн элэг хамгаалах үйлчилгээ үзүүлж байна” судалгаанд Моринга навчны ханд өөх тос ихтэй хоол хүнснээс үүдэлтэй таргалалттай хархнуудад таргалалтын эсрэг, элэг хамгаалах идэвхтэй нөлөө үзүүлсэн болохыг харуулжээ.
- 2025 онд нийтлэгдсэн “Илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн цусан дахь өөх тосны үзүүлэлтэд (липид профиль) ногоон цай болон Морингагийн навчны (Moringa oleifera) хандны үзүүлэх нөлөө: Эмнэлзүйн туршилт”-аар 40 хүнийг хамруулж моринга цай, ногоон цай болон холимог цай хэрэглэх 4 туршилтын бүлэгт хуваан туршилт явуулжээ. Судалгааны үр дүнд ногоон цай, моринга цай болон холимог цай нь цусан дахь өөх тосны үзүүлэлтийг (липид профиль) сайжруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж болохыг харуулсан ч туршилтад хамрагдсан бүлгүүдийн хоорондын ялгаа статистикийн хувьд мэдэгдэхүйц биш буюу ач холбогдолгүй байсныг онцолжээ. Моринга, ногоон цайны холимог нь антиоксидант идэвхийг нэмэгдүүлсэн ч бүлгүүдийн дунд цусан дахь өөх тосны үзүүлэлд сайжраагүй хэмээн дүгнэсэн байна.
- 2025 онд нийтлэгдсэн “Моринга (Moringa oleifera Lam.) нэмэлтээр хэрэглэх нь зүрх судас болон бодисын солилцооны үр дүнд үзүүлэх нөлөө: Санамсаргүй түүвэр туршилтуудад хийсэн Мета-анализ болон GRADE үнэлгээ” судалгаанд 60 гаруй оролцогчдыг хамруулсан 9 санамсаргүй түүвэр судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэжээ. Тус судалгаагаар морингаг нэмэлтээр хэрэглэх нь зүрх судасны болон бодисын солилцооны үзүүлэлтэд (cardiometabolic parameters) статистикийн хувьд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй болохыг онцолсон.
- Зүрх судас-бодисын солилцооны үзүүлэлтүүд (Cardiometabolic parameters) гэдэг нь зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бодисын солилцооны хямралын эрсдэлийг үнэлэхэд ашигладаг эмнэл зүйн үзүүлэлтүүд юм. Үүнд таргалалт, цусан дахь өөх тосны хэмжээ, цусны даралт болон сахарын хяналтын хэмжүүрүүдийг нэгтгэн үздэг.
Дээрх туршилт судалгаануудаас эерэг үр нөлөөтэй гэж дүгнэсэн нь ихэвчлэн амьтан дээр хийсэн судалгаа байна. Рейши мөөг болон моринга нь таргалалтын эсрэг үйлчилгээтэй эсэхийг судалсан клиник, өргөн хүрээний системчилсэн тойм судалгаагаар мэдэгдэхүйц үр нөлөөгүй гэж дүгнэжээ. Мөн эдгээр судалгаанд рейши мөөг, морингаг тус тусад нь ханд хэлбэрээр ашигласан. Өөрөөр хэлбэл, туршилтад ашиглаж буй ургамлын идэвхт бүрэлдэхүүний хэмжээ нь кофенд агуулагдах хэмжээнээс их юм.
Сүүлийн үед тураах кофе, цай гэх бүтээгдэхүүнийг олон төрлийн эмийн ургамал агуулсан гэж сурталчилах нь ихэссэн. Гэвч нунтаг кофены найрлагын дийлэнх хувийг уусдаг кофе, хуурай сүү, ургамлын тос зэрэг эзэлдэг. Идэвхт бүрэлдэхүүнтэй эмийн ургамлын найрлага маш багаас гадна сурталчилгаанд дурдагддаг олон төрлийн эмийн ургамалыг нэгтгэж үр дүнтэйг баталсан судалгаа ховор байдаг. Судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхтэй бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй.
Шалгасан мэдээлэлд “хялбар аргаар турна, эргэж таргалахгүй” гэж дурдсан. Энэ нь тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр болохыг АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан. Мөн зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай онцолсон байна.




