2025 оны 08 дугаар сарын 27-нд Тураах Цай- Албан Ёсны Хуудас гэх хуудаснаас 2 хоногт 5-10 кг тураах цай сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлснийг нийт 2,100 гаруй реакц, 7,800 сэтгэгдлээр идэвхжүүлжээ. Тус бичлэгийн тайлбарт “Ургамлын гаралтай тураах цай. Зөвхөн 2 долоо хоногт 5-10 кг бууруулна, хоолны дэглэм барихгүй, дасгал хийхгүй, Гэдэс бүсэлхий гуяны өөхийг үр дүнтэй хайлуулна. Биеийг цэвэрлэж, хорыг гадагшлуулж, арьс гэрэлтсэн болно…” хэмээн бичжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Хаяг шалгах

Шалгасан хуудас нь 2025 оны 08 дугаар сарын 26-нд нээгдсэн, нийт 1,700 гаруй дагагчтай байна. Пэйжийн ил тод байдлын хэсгийг шалгахад Вьетнам улсаас 10 админ удирдаж байна. Бараа бүтээгдэхүүн борлуулдаг хуудас боловч холбогдох дугаар, хаяг байршил зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй. Бүтээгдэхүүн сурталчилсан пост бүрдээ зөвхөн утасны дугаараа үлдээхийг, чатаар холбогдохыг уриалсан байна.
Сүүлийн үед гаднын улсаас удирдлагатай хуудаснаас шинжлэх ухааны баталгаагүй, хуурамч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулах нь ихэссэн. Иймд “бүх төрлийн өвчнийг шууд эдгээнэ, эмчид хандах шаардлагагүй, богино хугацаанд үр дүнд хүрнэ” гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө худалдаалж буй хаягийг шалгаж хэвшээрэй.
8 төрлийн эмийн ургамал агуулсан тураах цайны тухай судалгаа байхгүй.
Шалгасан бичлэгт харуулсан бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Вьетнам улсад худалдаалдаг ургамлын цай гэх бүтээгдэхүүн илэрцээр гарч ирлээ. In Nature онлайн худалдааны сайтад оруулсан бүтээгдэхүүний тухай мэдээлэлд орц найрлага “Бадамлянхуа навч, Долоогонын навч, Гуава навч, Кассиа үр, Стевиа, Lemongrass, Ногоон цай болон Гиностемма пентафиллум” хэмээн оруулжээ. Иймд эдгээр орц найрлагыг нийлүүлсэн хийсэн судалгаа туршилт бий эсэхийг шалгалаа. Олон нийтэд нээлттэй судалгаа байршуулдаг PudMed, Google Scholar, Science Direct, ResearchGate зэрэг судалгааны сангаас дээрх орц найрлагыг жагсаан хайхад эдгээр эмийн ургамлыг нэгтгэж, үр дүнтэйг баталсан клиник судалгаа, туршилт байхгүй байна.
“Тураана, биеийг хоргүйжүүлнэ” гэх бүтээгдэхүүнийг ихэвчлэн олон төрлийн идэвхт найрлага, эмийн ургамал агуулсан гэж сурталчилдаг. Гэвч судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхт бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй. 2025 онд хийсэн “Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаанд “Ургамлын найрлага дахь олон идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд нь тус бүр өөрийн гэсэн PK (биед үзүүлэх эмийн концентраци) болон PD (эмийн биологийн нөлөө) профайлтай байдаг нь ургамлын гарал үүсэл, хураах нөхцөл, боловсруулах арга зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ижил ургамлын багц хооронд хүртэл өөр өөр байж болно. Энэ нь химийн болон биологийн нөлөөллийн зөрчилд хүргэдэг” хэмээн дурджээ.
Шалгасан мэдээлэлд 2 долоо хоногт 5-10 зг хасна гэж дурдсан. Богино хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэн, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Богино хугацаанд их хэмжээний жин хасах нь булчин сулрах, цөсний чулуу үүсэх, хоол тэжээлийн дутагдалд орох, бодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй юм.
Дүгнэлт
Шалгасан бүтээгдэхүүнд найрлагад бичигдсэн 8 төрлийн эмийн ургамлыг нэгтгэж, тураах үр дүнтэйг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Идэвхт найрлагатай бүрэлдэхүүнтэй ургамлуудыг судалгаа, шинжилгээгүй нэг дор ашиглах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.




