2026 оны 03 дугаар сарын 18- нд Sweater Fashion shop (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Гэрийн нөхцөлд 10ш ширхэг лаврын навчийг 500мл усанд дэвтээж хонуулаад 1 л буцалсан усанд 30 минут хандлаад хөлөө 10 минут дүрэх нь хөлний хөлрөлт болон биеийн хорыг маш сайн гадагшуулдаг энэ аргыг зуны халуунд ашиглахад их тохиромжтой байдаг…” гэх агуулгатай пост нийтэлжээ. Тус постыг нийт 430 реакц, 14 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,100 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Лаврын навч нь Lauraceae аймгийн мөнх ногоон лаврын модны (Laurus nobilis) навч ( bay leaf, laurel leaf) бөгөөд анхилуун үнэртэй боловч гашуун амттай, хоол, хүнс амтлахад түгээмэл хэрэглэдэг амтлагч юм. Lauraceae нь 50 орчим төрөл зүйл, 2500 гаруй зүйлийн мөнх ногоон бут сөөг, модноос бүрддэг.
Уламжлалт анагаах ухаанд лаврын навчийг ургамлын гаралтай эм болгон ашигладаг байсан бөгөөд антиоксидант, таталтын эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, мутагений эсрэг, дархлаа эрчимжүүлэх, вирусийн эсрэг, нейротрансмиттер ацетилхолины үйл ажиллагааг эсэргүүцэх, шавж үргээх, нянгийн эсрэг, саажилтын эсрэг зэрэг үйлчилгээтэй талаар АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн цахим санд мэдээлжээ.
Мөн Америкийн Хоол Тэжээлийн Нийгэмлэгийн “Nutrition Today” сэтгүүлд лаврын навчны талаарх хийгдсэн судалгаануудыг тоймлон дүгнэжээ. Тухайлбал,
- “Лаврын навчид агуулагдах фитохимийн нэгдлүүд нь чихрийн шижин болон зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлст (цусан дахь сахар, өөх тосны солилцоо) эерэг нөлөө үзүүлэх боломжтойг амьтан дээр хийсэн туршилтууд харуулсан” гэжээ. Гэсэн хэдий ч хүн дээр хийсэн судалгаа цөөн, оролцогчдын тоо бага, судалгааны хугацаа богино, мөн хэрэглэсэн хэлбэр, тун нь харилцан адилгүй байгаа учир одоогоор нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.
Мөн зарим туршилтад лаврын навчны нунтаг хэрэглэснээр өлөн үеийн цусан дахь сахар, холестерин зэрэг буурч, харин өөх тос тээвэрлэгч уураг (липопротейн) нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Гэвч эдгээр үр дүн нь бүх судалгаанд тогтвортой давтагдаагүй бөгөөд зарим судалгаанд огт өөрчлөлт илрээгүй байна.
Нөгөө талаар лаврын навчийн эфирийн тосны гол бүрэлдэхүүн болох 1,8-цинеол нь амьсгалын замын өвчний үед үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, багтраатай өвчтөнүүдийн эмийн хэрэглээг бууруулах боломжтойг нэгэн клиник туршилт харуулсан. Гэхдээ энэ нь лаврын навчийг шууд хоол хүнсээр хэрэглэхтэй адил нөлөөтэй эсэх нь тодорхойгүй байгааг тус тойм судалгаанд онцолжээ.
Лаврын навчийн хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй сөрөг нөлөө, эрүүл мэндийн эрсдэлүүд
Лаврын навч болон лаврын навчны тосыг хоол хүнсэнд ердийн хэмжээгээр хэрэглэх нь ихэнх хүмүүст аюулгүйд тооцогддог. Харин эмчилгээний зорилгоор өндөр тунгаар, удаан хугацаанд хэрэглэх болон жирэмсэн, хөхүүл үед лаврын навчийг хэрэглэхэд аюулгүй эсэх талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Мөн АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн сайтад лаврын навч нь цусан дахь сахрын түвшний хяналтад нөлөөлж болзошгүй тул чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстой талаар анхааруулжээ.
Түүнчлэн төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сааруулж болзошгүй тул мэс заслын үе болон дараах үед хэрэглэдэг мэдээ алдуулалт болон бусад эмүүдтэй хавсарвал нөлөө нь хэт нэмэгдэх эрсдэлтэй байна.
Дүгнэлт
Дүгнэж хэлбэл, лаврын навч нь чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс, мөн амьсгалын замын өвчний үед үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, багтраатай өвчтөнүүдийн эмийн хэрэглээг бууруулах боломжтой байж болзошгүйг зарим судалгаа харуулж байна. Гэвч эдгээр үр дүн нь ихэвчлэн амьтан болон лабораторийн туршилтад тулгуурласан байна.
Харин хүн дээр хийсэн судалгаа цөөн, оролцогчдын тоо бага, судалгааны хугацаа богино, мөн хэрэглэсэн хэлбэр, тун нь харилцан адилгүй байгаа юм. Иймээс лаврын навчы эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг баталгаажуулахын тулд илүү олон оролцогчтой, сайн хяналттай, урт хугацааны клиник судалгаа шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Мөн бид өмнө нь “Лаврын навчны ханд цус, цөс шингэлэх үйлчилгээтэйг баталсан судалгаа байхгүй”, “Гайморитыг лаврын навчаар эмчлэхгүй”, “Гэртээ лаврын навч шатаах сайн гэх мэдээлэл батлагдаагүй” зэрэг мэдээллийг хэрхэн баримтаар шалгасныг дэлгрэнгүй унших боломжтой.




