Search

Зохиомол түүхээр хэрэглэгчийг урхидаж, залилдаг хуудаснаас болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1833

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хэрэв уушгины асуудалтай тулгарвал уушги цэвэрлэгч ингалеторыг туршаад үзээрэй. Энэ бол зүгээр нэг энгийн бүтээгдэхүүн биш. Энэ бол миний амьдралыг буцааж өгсөн “амь аврагч” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд зохиомол түүх нийтэлж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Altan Khuyag нэртэй хуудаснаас “…Хэрэв уушгины асуудалтай тулгарвал уушги цэвэрлэгч ингалеторыг туршаад үзээрэй. Энэ бол зүгээр нэг энгийн бүтээгдэхүүн биш. Энэ бол миний амьдралыг буцааж өгсөн “амь аврагч”… гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 237 реакц, 145 сэтгэгдэл авч, 229 удаа цааш түгээгджээ.

Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, зургаар хайх аргыг ашиглалаа.

Хаягийг шалгасан нь

Altan Khuyag” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, 2025 оны 12 дугаар сарын 18-нд үүссэн, Вьетнам улсаас 2 админ удирддаг нь илэрлээ.

Тус хуудаснаас хувийн түүхээ хуваалцах маягаар мэдээлэл түгээдэг. Тухайн түүхээрээ дамжуулан ямар нэг бүтээгдэхүүн сурталчилдаг байна. Ингэхдээ үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Мөн холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэл тодорхойгүй, зөвхөн холбоосоор хандахыг уриалдаг байна. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.

Иймээс тус хуудсанд хавсаргасан холбоосыг олон нийтэд нээлттэй Who.is хэрэглүүрээр шалгалаа. Шалгалтаар эл хуудасны acestore.asia холбоос нь 2024 оны 6 дугаар сарын 18-нд үүссэн, Вьетнам улсаас бүртгэлтэй домэйн гэж илрэв. Үүнээс гадна Urlvoid хэрэглүүрээр эл домэйн хаягийг нягтлахад мөн л ижил төрлийн мэдээлэл илэрсэн юм. Энэ нь тус хуудсыг баталгаагүй гэдгийг илтгэх нотолгоо болно.

Зургийн тайлбар: Шалгасан мэдээлэлд буй холбоосыг Urlvoid хэрэглүүрээр нягталсан дүн

Зургаар хайсан нь

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд буй бүтээгдэхүүнийг зургаар хайхад, amazon, ebay, lazada зэрэг олон улсын худалдааны сайтуудад хамрын битүүрлийг арилгаж, амьсгалахад туслах бүтээгдэхүүн гэж сурталчилсан нь илэрсэн. Гэвч тус бүтээгдэхүүний баталгаатай байдлыг нотолсон албан ёсны ямар ч мэдэгдэл алга. Тухайлбал, АНУ-ын Хоол, Хүнсний Захиргааны сайтаас уг бүтээгдэхүүний нэрээр хайлт хийхэд ямар ч илэрцгүй байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүний найдвартай байдалд эргэлзэх үндэслэл юм.

АНУ-ын Уушгины Холбооноос “уушгины эрүүл мэндийг хамгаалах чухал алхам бол “хурдан үр дүн амласан” бүтээгдэхүүн, аргуудаас болгоомжлох явдал юм” гэж сануулжээ. Тодруулбал, “Уушги цэвэрлэх детокс” гэх мэт бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн шинжлэх ухаанаар батлагдаагүй, хэтрүүлсэн агуулгатай байдаг. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Мөн амьсгалын “вэйп” төрлийн бүтээгдэхүүнүүд нь эфирийн тос агуулсан байдаг тул уушгинд сөрөг нөлөөтэй гэж анхааруулсан байна. Иймээс батлагдаагүй бүтээгдэхүүн туршиж, эрсдэл гаргахын оронд мэргэжлийн эмчид хандаж, зориулалтын эмчилгээний аргыг сонгох нь зүйтэй.

Эдгээр баримтуудаас дүгнэхэд, Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд зохиомол түүх нийтэлж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Энэ төрлийн хуудсаар дамжуулан хэрэглэгчийг мэхэлж, хувийн мэдээллийг нь авч, санхүүгийн алдагдалд оруулах үзэгдэл бий. Иймээс баталгаагүй хуудсанд хандаж, элдэв холбоосоор нэвтэрч хувийн мэдээллээ оруулахаас болгоомжлоорой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хэрэв уушгины асуудалтай тулгарвал уушги цэвэрлэгч ингалеторыг туршаад үзээрэй. Энэ бол зүгээр нэг энгийн бүтээгдэхүүн биш. Энэ бол миний амьдралыг буцааж өгсөн “амь аврагч” гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document