2026 оны 03 дугаар сарын 24-нд Uyanga’s Channel (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Бидний анзаардаггүй сайн гэж боддог зүйлс #АЮУЛ дагуулж, өвчний суурь болдог” гэсэн тайлбартай фтортой ооны талаар тайлбарласан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,500 гаруй реакц, 21 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,200 гаруй удаа цааш түгээжээ.
Бичлэгт, “Доктор Герри зоригтой байгаа биз? Аптек руу оронгуутаа шүдний оонуудыг суга татаж гаргаж ирээд энэ шүдний ооны ард залгиж болохгүй хортой гэсэн бичиг байгаа биз. Тэгэхэд үүнийг хэн ч анзаардаггүй. Ам руу ордог юмны ард залгиж болохгүй гэдэг чинь хортой гэсэн үг биз дээ”,…Гэтэл санаатай санамсаргүйгээр хүүхдүүдийн 70% нь шүдний фтортой оог залгиж байдаг гэсэн судалгаа байдаг. Ингэж залгиснаар хүүхдийн суралцах чадварт шууд нөлөөлж байна, …0-4 настай хүүхдэд ерөөсөө фтортой оо хэрэглэхгүй, …Гэтэл хүүхэд өдөр тутамдаа өглөө оройгүй маш их фторыг залгиж байгаа учраас энэ тайлагдашгүй олон янзын өвчний суурь нь энэ байна аа гэдгийг судлаачид олоод эмч нар олоод хэлээд өгчихсөн байна аа” гэжээ.
FACTCHECK:
Америкийн Нүүр Ам Судлалын холбоо (ADA)-ноос 6 сар хүрээгүй нярайд фтор агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Харин 6 нас хүртэлх хүүхэд фтортой ам зайлагч хэрэглэхгүй байх, зөвхөн шүдний эмч эсвэл эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн тохиолдолд хэрэглэх талаар анхааруулжээ.
Мөн тухайн орон нутгийн ундны усанд агуулагдах фторын хэмжээ чухал бөгөөд зөвхөн фтортой оогоор шүдээ угаахаас гадна ундны ус, хоол хүнс зэрэг бусад эх үүсвэрээс давхар фтор авч, нийт өртөлт нь аюулгүй хэмжээнээс хэтрэх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай байна. Тодруулбал,
- 6 сар–3 нас: Хэрэв орон нутгийн ундны усанд фторын агууламж <0.3 ppm байвал өдөрт 0.25 мг фтор (ихэвчлэн нярайн шингэн дусал хэлбэрээр) өгөх. Усанд фтор ≥0.3 ppm бол нэмэлт хэрэггүй.
- 3–6 нас: Усанд фтор <0.3 ppm байвал өдөрт 0.50 мг; фторын агууламж дунд (0.3–0.6 ppm) бол өдөрт 0.25 мг. Усанд фтор ≥0.6 ppm бол нэмэлт хэрэггүй.
- 6–16 нас: Усанд фтор <0.3 ppm байвал өдөрт 1.0 мг; ус 0.3–0.6 ppm бол өдөрт 0.50 мг. Усанд фтор ≥0.6 ppm бол нэмэлт хэрэггүй гэж Америкийн Нүүр Ам Судлалын холбооноос зөвлөжээ.

Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр:
- 3–6 насны хүүхдэд вандуйны хэмжээтэй шүдний оо түрхэх
- 3 нас хүртэлх хүүхдэд будааны ширхэгийн хэмжээтэй шүдний оо түрхэх
- 2 наснаас доош настай хүүхдийн хувьд фтор агуулсан шүдний оо болон бусад фторын бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар эхлээд эмч, шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийг анхааралтай хянаж, шүд угаасны дараа шүдний оог залгихгүй, зайлахыг зааж зааварлах ёстой талаар анхааруулжээ.
Фторын өндөр өртөлт нь хүүхдийн IQ-ийг бууруулахтай холбоотой байж болзошгүй талаар АНУ-ын Үндэсний Хор Судлалын Хөтөлбөрийн албан ёсны сайтад мэдээлсэн
АНУ-ын Үндэсний Хор Судлалын Хөтөлбөрийн албан ёсны сайтад “өнөө үед жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд ундны ус, фтор нэмсэн хүнс, ундаа, цай, шүдний оо, утас, ам зайлагч зэрэг олон эх үүсвэрээс фтор авч байгаа тул нийт хэрэглээ нь аюулгүй хэмжээнээс хэтэрч болзошгүй” талаар мэдээ мэдээлжээ.
Тодруулбал, дээрх байгууллагаас фторын өртөлт ба мэдрэлийн хөгжил, танин мэдэхүй хоорондын холбооны талаар өмнө нь хэвлэгдсэн шинжлэх ухааны судалгаануудыг системтэйгээр тоймлон судалж, “ундны усанд литр тутамд 1.5 миллиграммаас их фтор агуулагдах зэрэг фторын өндөр өртөлт нь хүүхдийн IQ-ийг бууруулахтай холбоотой байж болзошгүй” гэж үзжээ. Энэ дүгнэлт нь тодорхой хэмжээнд батлагдсан ч бүрэн нотлогдоогүй бөгөөд Канад, Хятад, Энэтхэг, Иран, Пакистан, Мексик зэрэг орнуудад хийгдсэн эпидемиологийн судалгаанд үндэслэгдсэн байна. Мөн эдгээр орнуудад зарим жирэмсэн эмэгтэй, нярай, хүүхдүүд ундны усанд литр тутамд 1.5 мг-аас их фтор авсан талаар онцолжээ.
Одоогоор АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн алба ундны усанд 0.7 мг/л фторын агууламжийг зөвлөдөг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ундны усанд агуулагдах фторын аюулгүй дээд хязгаарыг 1.5 мг/л гэж тогтоосон.
Монгол Улсад мөрдөгдөж буй ундны усны чанар, аюулгүй байдлын талаарх стандартад зааснаар ундны усанд зөвшөөрөгдөх фторын хэмжээ 0.7-1.5 мг/л байхаар заасан
ДЭМБ-ын мэдээлснээр удаан хугацааны турш өдөрт 6 миллиграммаас дээш фтор биедээ шингээх нь яс, хөл ба гарын үе өвдөх, цаашлаад яс сийрэгжих, хатуурах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой байна.
Монгол Улсад мөрдөгдөж буй ундны усны чанар, аюулгүй байдлын талаарх стандартад зааснаар ундны усанд зөвшөөрөгдөх фторын хэмжээ 0.7-1.5 мг/л байхаар заасан байдаг ба Улаанбаатар хотын ундны усан дахь фторын агууламж дээрх зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага буюу аюулгүй түвшинд байдаг байна. Тодруулбал, усны чанар, стандартыг шалгадаг Ус сувгийн удирдах газрын 2025 оны 4-р улиралын шинжилгээний үр дүнгээр усан дахь фторын агууламж 0.17-0.73 мг/л хооронд байна.

Фторын хамгийн түгээмэл гаж нөлөө нь флюороз юм
Шүдний флюороз нь шүдний паалангийн гадаргуугийн гадаад төрх өөрчлөгдөхийг хэлнэ. Ихэнх тохиолдолд энэ нь шүдний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, өвдөлт үүсгэдэггүй байна.
Флюороз нь ихэнхдээ хөнгөн хэлбэртэй илэрч, шүдэн дээр үл ялиг цагаан зураас үүсэх бөгөөд энгийн нүдээр анзаарахад бэрх байдаг. Харин ховор тохиолдолд хүндэрч, шүдэнд хонхорхой үүсэх эсвэл бор толбо илэрч болдог талаар Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиийн эцэг эхчүүдэд зориулсан сайтад мэдээлжээ.

Түүнчлэн шүдний өнгө өөрчлөгдөх олон шалтгаантай тул шүдний эмчид үзүүлж оношлуулах нь зүйтэйг онцолж, хүүхдийг 1 настайгаас нь эхлэн тогтмол шүдний эмчид үзүүлэхийг зөвлөжээ.
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 2 наснаас доош хүүхдэд фтор агуулсан шүдний оо болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмч, шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг онцолжээ. Мөн фторын хэрэглээ нь зөвхөн шүдний оо төдийгүй ундны ус, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон эх үүсвэрээс бүрддэг бөгөөд нийт өртөлт нь зарим тохиолдолд аюулгүй хэмжээнээс давж гарах эрсдэлтэй байдаг байна. АНУ-ын Үндэсний Хор Судлалын Хөтөлбөрийн тойм судалгаанд литр тутамд 1.5 мг-аас их фтор агуулсан усны өндөр өртөлт нь хүүхдийн IQ-д сөрөг нөлөөтэй байж болзошгүй талаар мэдээлжээ.




