KINGS Family хуудаснаас TenGer TV-ийн мэдээллийн хөтөлбөрийн бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгт “Youtuber Гремиксийн бүтээсэн апп-ийг ашиглаж Налайхын иргэн 255 сая төгрөг хожсон… Гремикс аппдаа зориулж 15 тэрбум төгрөг оруулсан… Яг одоо тоглоод 1.5 сая төгрөг аваарай…” гэх агуулгыг дурдсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
Бид уг мэдээллийг нягтлахдаа баримт шалгах анхан шатны аргын дагуу хаяг шалгах, агуулгыг нягтлах, зургаар хайх гэсэн гурван алхамаар шалгалаа.
Хаяг шалгах

KINGS Family хуудас нь 2016 оны 01 дүгээр сарын 11нд нээгдсэн, нийт 3,500 гаруй дагагчтай ба нүүр зурагтаа Ice Fishing тоглоомын зургийг байршуулжээ. Хуудас руу орж үзвэл нээлттэй байршуулсан 3 пост оруулсан байна. Пэйжийн ил тод байдлын (page transparency) хэсгийг шалгахад Америк, Сингапур, Англи улсаас нийт 4 админ удирдаж байна. Нээлттэй пост оруулаагүй, танилцуулга, утасны дугаар зэрэг ерөнхий мэдээлэл байршуулаагүй, гаднын улсаас удирдлагатай зэрэг шинж тэмдэг нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.
Үргэлжлүүлэн тус хуудаснаас Facebook-т идэвхжүүлсэн сурталчилгааг шалгахад 16 бичлэгийг мөнгө төлж, сурталчилгаа идэвхжтэй явуулж байна. Дийлэнх бичлэг нь мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулж тоглоом сурталчилсан агуулгатай боловч зарим нь гадаад хэлээр байна. Доорх зурагт шалгасан бичлэгтэй ижил агуулгатай ч гадаад хэлээр хийсэн бичлэгийг жишээг харууллаа. Үүнээс харахад гаднын улсаас удирддаг пэйжээр хэд хэдэн хэлээр бичлэг хийж, мөрийтэй тоглоом сурталчилжээ.

Агуулгыг нягталж, бичлэг шалгах
Шалгасан бичлэгт ТэнГэр телевизийн мэдээний хөтөлбөрийн дүрсийг ашиглаж, youtuber Gremix-ийн бичлэгийг оруулан хиймэл оюунаар бүтээжээ. Бичлэгийн зарим хэсгийг сайтар ажиглавал дүрс сарниж, тод харагдахгүй, хэт өөгүй, төгс, бодит бус дүрслэл харагдаж байна. Мөн гудамж, барилгын байршил буруу дүрслэгдэж, барилгын хаяг өөр хэлээр бичигджээ.

Шалгасан бичлэгт ТэнГэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн хэсэг болон Ээдэм (Учрал подкаст)-ын youtuber Гремиксийн оролцсон 9 дэх дугаарын хэсгийг ашиглажээ.
Сүүлийн үед гаднын удирдлагатай хуурамч пэйжээс хялбар аргаар мөнгө олох боломжтой гэх агуулга бүхий залилангийн шинжтэй мэдээлэл түгээх үзэгдэл ихэссэн. Ингэхдээ олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж, хиймэл оюунаар бүтээсэн контент түгээж байна. Иймд аливаа мэдээлэлд хянуур хандаж, шууд итгэхээсээ өмнө шалгаж хэвшээрэй.




