Search

Хөлийн нум дэмжих энгийн улавчийг хэтрүүлэн сурталчилж, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1829

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ясыг зөв хэлбэрт оруулж, ясны бүх төрлийн асуудлыг шийдэж, биеэс хор гадагшлуулна” хэмээн улавч сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөлийн нум дэмжих энгийн улавчийг бүхий л төрлийн ясны өвчнийг эдгээж, биеэс хор гадагшлуулна хэмээн хэтрүүлэн сурталчилж байна. Нумтай улавч өмсөх нь биеийн галбирт нөлөөж, өвдөлтийг намдаадаг ч бүх төрлийн өвчнийг эмчлэхгүй юм. Иймд аливаа бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэж, эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүгээрээ хохирохоос өмнө заавал мэргэшсэн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 29-нд Whieda Улавч Нано шил нэртэй хуудаснаас Анионтой улавч гэх бүтээгдэхүүн сурталчилсан, хэрэглэгчийн сэтгэгдэл бүхий 5 орчим минутын бичлэгт нийтэлснийг нийт 770 реакц, 260 сэтгэгдлээр идэвхжүүлж, 495 удаа цааш түгээсэн байна. Бичлэгийн тайлбар хэсэгт “Улавч нь 168 төрлийн эмийн ургамлыг сансрын хэт ягаан туяа + нано технологиор боловсруулж, хүний эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай бүтээгдэхүүн болсон… 6 ширхэг соронзон турмалин чулуу – хөлийн улны 20,000 гаруй мэдрэлийн цэгийг идэвхжүүлж, эд эрхтнүүдийн хорыг татан гадагшлуулна. Хөлийн нумыг дэмжинэ – буруу гишгэлтээс үүдэх өвдөлт, ядралтыг багасгаж, зөв байрлалыг бий болгоно. Араг ясыг зөв хэлбэрт оруулна – мэдрэлийн судсыг нээж, цусны эргэлтийг сайжруулна. Энерги нөхнө, биеийн жинг тэнцвэржүүлнэ – бие бүхэлдээ хөнгөн, сэргэлэн мэдрэмж төрнө. Мэдрэлийн системийг идэвхжүүлнэ – сэтгэл санаа тайвширч, төвлөрөл сайжирна…” гэх агуулгыг дурджээ.

Харин бичлэгт “Хүзүүний шохойжилт, нурууны суулт, мурийлт, ясны бүх төрлийн асуудлыг шийдэж өгдөг… . Хөлийн уланд байгаа цэгээр дамжуулж массажлах, хөлийн майга засна. Удаан хэрэглэхэд хар өнгөтэй болдог. Биеийн хорыг өөртөө татаж хоргүйжүүлдэг. Бөөр нуруундаа тавих” гэх агуулгыг ярьжээ.

Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний савлагаа дээр Whieda брэндийн лого харагдаж байна. Иймд Whieda олон улсын корпорацын бүс нутгийн хэд хэдэн сайт дахь бүтээгдэхүүний мэдээллийг шалгалаа. Тодруулбал, WhiedaHealth.com сайт дахь бүтээгдэхүүний мэдээлэлд “хөлд ирэх даралтын жигд хуваарилах, хөлийн рефлексийн бүсийг массажлах, хөлийг зөв хэлбэржүүлэх, хавтгай хөл, нөлийн хэт өндөр нумыг засах” хэмээн тайлбарласан бөгөөд “Энэхүү улавч нь эмнэлгийн болон ортопедийн эмчилгээний хэрэгсэл биш. Мэргэшсэн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлохгүй. Хувь хүний туршлага харилцан адилгүй” хэмээн онцлон бичжээ. Мөн бүтээгдэхүүний тухай асуулт хариултын хэсэгт “Уг улавч нь эрүүл мэндийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүн. Ортопедийн хэрэгсэл, бүтээгдэхүүн биш, эмнэлэгийн хэрэгсэл гэж баталгаажаагүй болно. Өвчин эмгэгийг оношлох, эмчлэх зориулалтгүй” хэмээн мэдээлсэн байна.

  • Ортопед (Orthopedics) – яс, үе мөч, шөрмөс, булчин, мэдрэл зэрэг булчингийн тогтолцооны гэмтэл, өвчнийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны салбар юм.

Whieda брэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг бусад сайтад (whieda.eu, whieda.com, whieda.uk) зөвхөн хөлийн нум дэмжих, массажлах, хавтгай хөлийн хэлбэрийг засах тухай ижил агуулга оруулсан байна. Харин шалгасан мэдээлэлд дурдсан “160 эмийн ургамлаар хийсэн, хор гадагшлуулна,  биеийн жинг тэнцвэржүүлнэ” гэх агуулга огт байхгүй байна. Бүтээгдэхүүний наноматериалаар хийсэн гэж бичсэн боловч 160 гаруй төрлийн эмийн ургамлын тухай огт дурдаагүй. Мөн хөлийн нумыг дэмжих, хэлбэрийг засах тухай оруулснаас бус хор гадагшлуулах тухай мэдээлэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хөлийн нум дэмжих зориулалттай энгийн бүтээгдэхүүнийг өвчин эмгэг эдгээнэ хэмээн хэтрүүлэн сурталчилж байна.

Хөлийн уланд нааж, түрхэж, дэвтээж, тавьж хэрэглэдэг бүтээгдэхүүн ашиглан биеэс хор гадагшлуулах боломжгүй.

Бид өмнөх баримт шалгалтаараа (энд бас энд) хөлд нааж, түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн ашиглаад биеэс хор гадагшлуулах боломжгүй тухай мэдээлж байсан. Тодруулбал, хүний биеийн дотоод эрхтэн тогтолцоо ялангуяа бөөр, элэг зэрэг эрхтэн нь бодисын солилцоо, дархлаа, хоол боловсруулах, хоргүйжүүлэх, витамин хуримтлуулах зэрэг олон чухал үйл ажиллагааг хариуцдаг ба бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг юм. Хорт бодисыг боловсруулж, шээс болон өтгөнөөр гадагшлуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний бие өөрийн дотоод хоргүйжүүлэх системтэй гэсэн үг юм.

Мөн USA Today мэдээллийн сайтаас гаргасан биеэс хор гадагшлуулах хөлийн наалттай холбоотой баримт шалгалтад Жоржтауны их сургуулийн багш, анагаах ухааны доктор Адрианн Фю-Бэрманы “Хүний хөл биеийг хоргүйжүүлэх эрхтэн биш. Элэг, бөөр, дотор эрхтнүүд болон арьсны хөлсний булчирхайнууд биеэс хаягдал бодисыг шүүдэг” хэмээн мэдээлж байсан.

Үргэлжлүүлэн олон нийтэд нээлттэй PudMed, ResearchGate, Google Scholar зэрэг судалгааны сангаас “биеийн хоргүйжүүлэх (detox)”, “улавч” гэх түлхүүр үгээр хайхад улавч ашиглан биеийг хоргүйжүүлдэг болохыг харуулсан судалгаа огт байхгүй байна.

Улавч нь хөлийн нумыг дэмжиж, шинж тэмдэгийг арилгахад тусладаг ч ясны бүх төрлийн эмгэгийг эмчлэхгүй.

Хөл, шагайн янз бүрийн өвчинтэй холбоотой өвдөлтийг намдаах зориулалттай зүүж, ашигладаг хэрэгслийг Ортопедийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Ортопедийн хэрэгсэлд гутлын оруулга, шагайны бэхэлгээ, улавч, захиалгат төхөөрөмж бүгд багтдаг. Өвчтөний биеийн байдлаас хамаарч хөнгөн шинж тэмдэг илэрвэл эмчийн жоргүйгээр эдгээр хэрэгслийг ашиглахыг санал болгодог. Аль эсвэл жороор буюу эмчийн зөвлөгөөгөөр тусгайлан хийсэн хэрэгсэл ашигладаг байна. Ортопедийн хэрэгслийг мэс засал, хүнд хэлбэрийн эмчилгээ хийлгэхээс өмнө урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээг хойшлуулах зорилгоор ашигладаг тухай эрүүл мэндийн мэдээлэл оруулдаг Кливланд Клиникийн сайтад дурджээ. Ортопедийн хэрэгсэл нь хөл, шагайны өвчнийг эмчлэхгүй бөгөөд харин шинж тэмдгийг зохицуулах, бууруулахад ашигладаг байдаг.

“Өөрт тохирсон эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэх нь хөлийн өвдөлтийг намдаах төдийгүй, шагай, хөл, өвдөг, нуруу зэрэг биеийн бусад хэсэгт өвдөлтийг намдаахад тусалдаг. Учир нь хөлийн хэвийн бус байрлал, биеийн бусад хэсэгт нөлөөлдөг” хэмээн Лэйкшор яс, үе мөчний хүрээлэнгийн сайтад мэдээлжээ. Хөлийн нум дэмжсэн, өөрт тохирсон улавч хэрэглэх нь биеийн галбирыг (posture) засах, өвдөлтийг намдаах нөлөөтэй ч ясны бүх төрлийн өвчнийг эмчлэхгүй юм.

Улавч нь нурууны мурийлт, суултад нөлөөлдөг эсэхийг судалсан дараах судалгаануудын дүгнэлт, үр дүнг хүргэж байна.

Дээрх судалгаануудад улавч нь биеийн тогтвортой байдлыг сайжруулж, тэнцвэржүүлэх, өвдөлтийг намдаахад нөлөөлдөг ч нурууны мурийлт, суултыг эмчлэхгүй болохыг харуулж байна.  

Дүгнэлт

Хөлийн нум дэмжих энгийн улавчийг бүхий л төрлийн өвчнийг эдгээж, биеэс хор гадагшлуулна хэмээн хэтрүүлэн сурталчилж байна. Нумтай улавч өмсөн нь биеийн галбирт нөлөөж, өвдөлтийг намдаадаг ч бүх төрлийн өвчнийг эмчлэхгүй юм. Иймд аливаа бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэж, эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүгээрээ хохирохоос өмнө заавал мэргэшсэн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Бүтээгдэхүүний тухай мэдээлэл

“Хөлөө ямар нэг бодистой усанд дүрж биеийг хоргүйжүүлэх батлагдсан арга, шинжлэх ухааны нотолгоо байхгүй” баримт шалгалтын тайлан

“Хүн хөлдөө наалт нааснаар бус, элэг, бөөр, булчирхай зэргээрээ хороо гадагшлуулдаг” баримт шалгалтын тайлан

USA Today мэдээллийн сайт

Судалгааны сангийн хайлтын илэрц

Кливланд Клиникийн сайт

Лэйкшор яс, үе мөчний хүрээлэнгийн сайт

Өсвөр насны шалтгаан тодорхойгүй нурууны муруйлттай хүмүүст нурууны сойлт болон улавчийг богино хугацаанд хэрэглэхэд Коббын өнцөг, тавхайн даралт болон тэнцвэрт үзүүлэх нөлөө” судалгаа

Өсвөр насны шалтгаан тодорхойгүй нурууны мурийлтын үед 3D технологиор хийсэн хувь хүний онцлогт тохирсон улавч ашиглахын үр нөлөө: санамсаргүй хяналттай туршилт” судалгаа

“Эмчилгээний зориулалттай улавч нь биеийн ачааллаас үүдэлтэй нурууны доод хэсгийн өвдөлтөөс урьдчилан сэргийлдэггүй” судалгаа

“Өсвөр насны шалтгаан тодорхойгүй нурууны мурийлттай (AIS) хүүхдүүдийн алхаа болон нурууны хэлбэр засахад ортопед улавчны үзүүлэх нөлөөний хураангуй” судалгаа

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ясыг зөв хэлбэрт оруулж, ясны бүх төрлийн асуудлыг шийдэж, биеэс хор гадагшлуулна” хэмээн улавч сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Check document