2025 оны 03 дугаар сарын 17-нд CLUB DE PECHE A LA MOUCHE MONGOLIA (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Монголын хамгийн том амьтан бол ХАНДГАЙ. Монгол Улсын төдийгүй Дэлхийн бусад орны “Улаан ном”-ын нэн ховор зүйлд багтаж, устах аюул нүүрлээд буй амьтдын нэг нь хандгай юм” гэх тайлбартай усанд хандгай сэлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 18 реакц, 0 сэтгэгдлээр идэвхжүүлж, 2 удаа цааш түгээжээ.
FACTCHECK:
Шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт “эх сурвалж М.Б. Алтан-Очир” хэмээн дурджээ. Бид тус хаяг руу орж шалгахад 2025 оны 06 дугаар сарын 28-нд адил тайлбартай түгээсэн бичлэг нь 1,400 гаруй реакц, 34 сэтгэгдлээр идэвхжүүлсэн байна. Бид үргэлжлүүлэн түгээсэн бичлэгийн хэсгийг зургаар хайж үзэхэд 2026 оны 03 дугаар сарын 17-ноос эхлэн Монголд энд, энд бас энд түгжээ.
Харин 2025 оны 06 дугаар сарын 20-ноос өдрөөс эхлэн гаднын Instagram, Facebook, TikTok-ийн хэд хэдэн хаягт “…Өндөр хурдтай хандгай…” гэх тайлбартай нийтэлжээ.
Гарч ирсэн илэрцүүдээс хамгийн анх alaskaeliteoutfitter нэртэй инстаграм хаягаас 2025 оны 06 дугаар сарын 20-нд “Alaska Elite Outfitters нь хандгай агнах сэтгэл хөдөлгөм нуурын ан агнуурыг санал болгодог бөгөөд хөтөчтэй болон өөрөө зохион байгуулах аяллын сонголтуудтай, …алслагдсан бүс нутагт явагддаг бөгөөд Beaver онгоцоор хүрдэг ба Аляскийн Iliamna эсвэл Dillingham хотоос нисэн очдог” гэсэн тайлбартай усанд сэлж буй хандгайн бичлэгийг нийтэлж байжээ.

Шалгасан бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байх магадлал 75 хувьтай байна
Бид үргэлжлүүлэн бичлэгийг зураг хэлбэрт шилжүүлэн хуурамч, эвлүүлсэн эсэхийг шалгадаг mever программ ашигласан. Шалгалтын үр дүнд 75 хувийн хуурамч байх магадлалтай байна. Уг программ нь улаан өнгөөр хуурамч байх магадлалтай хэсгийг цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг байна.

Цаашлаад хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних Hivemoderation хэрэглүүрээр шалгахад, 97.6% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэсэн дүн гарлаа.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гаднын хаягуудад түгж эхэлсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн хандгайн сэлж буй бичлэгийг Монголд мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ. Тухайн бичлэгт хор хөнөөлтэй агуулга байхгүй ч зарим тохиолдолд энэ төрлийн контентоор хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг. Түүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар хийсэн бүтээлдээ тусгай тэмдэглэгээ зүүхийг Метагаас сануулсан байна.




