2026 оны 03 дугаар сарын 06-нд Монгол хүний эрүүл мэндийн төлөө (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “INSUNA – Японы чихрийн шижингийн №1 бүтээгдэхүүн” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус постыг нийт 58 реакц, 31 сэтгэгдлээр идэвхжүүлж, 45 удаа цааш түгээжээ.
Уг бүтээгдэхүүнийг яг ижил агуулгаар энд, энд бас энд Facebook-т төлбөр төлж түгээжээ.
FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаяг шалгах
Уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2024 оны 07 дугаар сарын 5-нд “Satochi No.1 UAE” нэртэй үүссэн, Вьетнам улсаас 3 админ удирдаж байна.

Мөн түгээсэн мэдээллийг шинжлэхэд ямар ч холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдож, холбоосоор нэвтрэхийг уриалдаг нь ажиглагдсан. Цаашлаад шалгасан мэдээлэлд хавсаргасан сайт руу орж үзвэл зөвхөн нэг хуудастай үргэлжилсэн, хуурамч вэбсайтын түгээмэл загвараар хийгджээ. Тодруулбал, тус сайтад бүтээгдэхүүн худалдаалж буй дэлгүүрийн нэр, хаяг байршил, холбогдох дугаар зэрэг ерөнхий мэдээллийг оруулаагүй байна.
Түүнчлэн, уг хуурамч вэбсайтын төгсгөл хэсэгт хэрэглэгчдийн бодит сэтгэгдэл мэт харагдуулах зорилгоор хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, орчуулгын программ ашигласнаас үүдэлтэй үг, үсгийн алдаатай хуурамч сэтгэгдлүүдийг байршуулсан байна.

Хавсаргасан баримт бичгийг нягтлах
Тус бүтээгдэхүүнийг сурталчлахдаа FDA-аар баталгаажсан хэмээн мэдээлсэн байна. Үүнийг баталгаажуулахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны сайтад “Insuna, Fujima” зэрэг түлхүүр үгээр хайлт хийхэд уг бүтээгдэхүүнийг баталсан баримт байхгүй байна.
Харин хавсаргасан бичгүүд нь Японы GMP (Good Manufacturing Practice) буюу “Сайн үйлдвэрлэлийн дадал”-ын стандартын гэрчилгээ болон шинжилгээний тайланг хавсаргажээ. Мөн Вьетнамын бүтээгдэхүүн бүртгэлийн баримт бичгийг хавсаргасан байна.
Эдгээр баримт бичгүүдэд бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгч, найрлага зэргийг мэдээлсэн бөгөөд тус бүтээгдэхүүний үр нөлөө, чанар аюулгүй байдлыг баталсан баримт бичиг биш юм.



Чихрийн шижин өвчний талаар
Түүнчлэн Insuna Fujina бүтээгдэхүүний үр нөлөө, аюулгүй байдал нь клиник судалгаагаар бүрэн батлагдаагүй байна. Бид тус бүтээгдэхүүний гол орц болох Хятадын балжингарам ургамлын ханд (honeysuckle) чихрийн шижингийн эмчилгээнд ашиглах талаар хайлт хийлээ. Тодруулбал, Webmed сайтад “хүмүүс балжингармыг хоол боловсруулах, вирусийн халдвар, ой санамж, чихрийн шижин, ханиад зэрэг олон төрлийн зовуурьт хэрэглэдэг. Гэвч эдгээр хэрэглээг батлах хангалттай шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй” хэмээн онцолжээ.
Вьетнамын Trungtamthuoc сайтад “Insuna Fujina” бүтээгдэхүүнийг нь цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх бүтээгдэхүүн бөгөөд эм биш тул хэрэглэгчид эмчийн заасан эмчилгээг орлох байдлаар хэрэглэх ёсгүй талаар анхааруулсан байна. Мөн одоогоор эмнэлгийн эмчилгээ хийлгэж байгаа эсвэл өөр ноцтой өвчтэй бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй гэжээ.
Чихрийн шижин нь нойр булчирхайн инсулин /цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг даавар/ үйлдвэрлэл алдагдсан үед үүсдэг өвчин бөгөөд өөр өөр төрөлтэй байдаг. АНУ-ын Клийвландын клиникийн мэдээлснээр чихрийн шижин өвчний үед тухайн өвчтөний өвчлөлөөс хамаарч өөр өөр эм, хоол хүнсний дэглэм, дасгал хөдөлгөөнийг санал болгон эрүүл амьдралын хэв маягтай байхыг зөвлөдөг байна.
Уг бүтээгдэхүүний талаарх бусад мэдээллийг нягтлах
Шалгасан бичлэгт харагдаж буй бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад Вьетнамын Эрүүл мэндийн яамны албан ёсны сайтад уг бүтээгдэхүүний талаар “Insuna хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн үйлчилгээтэй мэт төөрөгдүүлсэн агуулгатай сурталчилж байна” гэж мэдээлжээ.

Дүгнэлт
Дүгнэхэд, гаднын улсаас удирдлагатай хуудаснаас “Fujima Insuna” гэх чанар, аюулгүй байдал тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Иймд аливаа эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.




