Search

Гаднын бичлэгийг “монгол охид” гэж зориудаар төөрөгдүүлсэн тайлбартай нийтэлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1826

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хятадад монгол эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг…монгол эмэгтэйг тамлаж байна…” гэх агуулга бүхий тайлбартай богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсын бичлэгийг ашиглаж, “монгол охид” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай нийтэлжээ. Ингэхдээ бичлэгийн дийлэнх хэсгийг текстээр дарж, өнгийг нь хар цагаан болгон өөрчилж, царайг нь харуулалгүй нуусан байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 18-нд Monnews нэртэй хуудаснаас “Хятад эрчүүд бол хүчирхийлэгч гаж донтонууд, жоохон охидуудыг хуурч бэлгийн мөлжлөгөө хийдэг… Монголын бүх хүүхэд санхүү өгч янхан боол болгох хуцааг өвгөчүүл” гэх тексттэй хэд хэдэн эмэгтэйг машинд оруулж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 908 реакц, 120 сэтгэгдлээр идэвхжүүлж, 592 удаа цааш түгээсэн байна.

Мөн тус хуудаснаас 2026 оны 03 дугаар сарын 17-нд “Хятад улсад биеэ үнэлдэг Монгол эмэгтэйг ингэж тамлан бичлэг хийж тараажээ…” гэх тексттэй машинд эмэгтэйг цахилгаан бороохойгоор цохиулж байгаа богино хэмжээний хар цагаан бичлэг нийтэлсэн.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайхад 2026 оны 03 дугаар сарын 10-нд Apple Chay нэртэй Facebook хуудсанд нийтэлсэн бичлэг илэрцээр гарч ирлээ. Тус бичлэгт цагаан хувцастай эмэгтэйчүүдийг зодож буйг дүрсэлсэн өөр бичлэгийг нийлүүлэн эвлүүлжээ. Иймд InVid WeVerify хэрэглүүр ашиглан бичлэгийн гол хэсгийг авч Google Lens хайлтын системээр хайж эх хувилбарыг нь оллоо. Тодруулбал, 2026 оны 02 дүгээр сарын 22-нд @trieuminhphong1990  Instagram хаягт “”Anh3 CàMau” киноны ард” гэх тайлбартай нийтэлжээ. Тус хаягт  киноны зураг авалтын хэд хэдэн бичлэг нийтэлсэн байна. Мөн 2026 оны 02 дугаар сарын 22-нд нийтэлсэн өөр бичлэгт шалгасан бичлэгт харагдаж буй эмэгтэйчүүд машины хажууд ярилцан зогсож буйг харуулжээ.

Үүнээс харахад Вьетнамын reels кино буюу босоо форматтай хийдэг киноны зураг авалтын хэсгийг төөрөгдүүлсэн тайлбартай нийтэлжээ.

Monnews хуудсанд 03 дугаар сарын 17-нд нийтэлсэн бичлэгийн хэсгийг Baidu хайлтын системээс хайхад Deng Busu Weibo хаягт нийтэлсэн бичлэг илэрцээр гарч ирлээ. Шалгасан бичлэгийн өнгөт хувилбарыг  2025 оны 07 дугаар сарын 10-нд Deng Busu Weibo хаягт “Борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүйн улмаас теле луйврын бүлэг шаргал үстэй эмэгтэйг шийтгэж буй бичлэг цацагджээ…” гэх тайлбартай нийтэлжээ. Мөн 2025 оны 07 дугаар сарын 09-нд @swyxy4484 X (хуучнаар Twitter) хаягт ижил тайлбартай оруулсан байна.

Тус бичлэгийн эхлэл хэсэгт эмэгтэй царай, үсний өнгө тод харагдаж байна. Харин шалгасан бичлэгт царайг нь харуулсан хэсгийг авч, хар цагаан өнгөтэй болгон нийтэлжээ.

Сошиал орчинд түгсэн бусад мэдээлэлд бичлэгт гарч буй эмэгтэйг камбож хэмээн мэдээлсэн бөгөөд Камбожийн Цагдаагийн Ерөнхий газраас “Бичлэг Камбожийн вант улсад хийгдээгүй.. хохирогч эмэгтэй Камбожийн иргэн биш…” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Дүгнэлт

Гаднын улсын бичлэгийг ашиглаж, “монгол охид” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай нийтэлжээ. Ингэхдээ бичлэгийн дийлэнх хэсгийг текстээр дарж, өнгийг нь хар цагаан болгон өөрчилж, царайг нь харуулалгүй нуусан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хятадад монгол эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг…монгол эмэгтэйг тамлаж байна…” гэх агуулга бүхий тайлбартай богино хэмжээний бичлэг нийтэлжээ.

Check document