Search

Хувь хүний орлогын татварын тухай хуулийн төслийг батлагдсан мэт ойлголтоор төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1825

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хувь хүний орлогын татварыг нэмэхээр болжээ. Ярьсан амласан бүхэн нь яг эсрэгээрээ” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тухайн төслийг хэлэлцэн батлах шатанд агуулга, зарчмын өөрчлөлт оруулах боломжтой буюу эцэслэн батлаагүй байна


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 03 дугаар сарын 13-нд Batka Gankhuyag хаягаас “Хувь хүний орлогын татварыг нэмэхээр болжээ. Ярьсан амласан бүхэн нь яг эсрэгээрээ” гэсэн пост оруулсан байна. Энэхүү мэдээллийн эх сурвалжаар Топ Санхүү ТМЗ хуудсаас 03 дугаар сарын 11-нд оруулсан “ХХОАТ-ын хуулийн төсөлд орсон онцлох өөрчлөлтүүд” гэх мэдээллийг сэтгэгдэл хэсэгтээ дурджээ. Хоёр постыг нийт 553 реакц, 90 сэтгэгдлээр идэвхжүүлж, 596 удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид Vindexx хуулийн фирмтэй хамтран дараах байдлаар баримт шалгалаа

Монгол улсын Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан.

Тус нэмэлт өөрчлөлтийн төсөл нь нийт 7 зүйлээс бүрдсэн байх ба “Топ Санхүү ТМЗ” хуудаст 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр оруулсан “ХХОАТ-ын хуулийн төсөлд орсон онцлох өөрчлөлтүүд” гэх постод дурдагдсан зохицуулалтууд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд агуулгын хувьд багтаж байгаа үнэн. Гэхдээ постын зарим хэсэгт “орлогын дүнгээс үл хамааран нийт орлогоос 1%-р ногдуулдаг зохицуулалтыг хүчингүй болгосон” гэх зэргээр батлагдсан хууль мэтээр бичсэн нь төөрөгдүүлж болзошгүй байна. Нөгөө талаас батлагдсан мэт агуулгаар түгээж буй нь төөрөгдөл үүсгэхээр байна.

  • Өөрөөр хэлбэл, тухайн төслийг хэлэлцэн батлах шатанд агуулга, зарчмын өөрчлөлт оруулах боломжтой буюу эцэслэн батлаагүй байна.
  • Төсөлд хувь хүний орлогын татварын ачаалал ихэсгэх болон бууруулах агуулга аль аль нь тусгагдсан.

Хуулийн төсөлд тусгасан хувилбар болон өмнөх хуульд хэрхэн заасан талаарх дэлгэрэнгүй тайлбарыг хүлээн авна уу.

Постод дурдагдсан агуулгыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь танилцуулж дэлгэрүүлэн тайлбарлая.

Хувь хүн үйл ажиллагааны орлогоосоо 1 хувийн орлогын татвар төлөх боломж хэвээр тусгасан, гэхдээ 400 саяас хэтэрсэн орлоготой бол 10 хувиар төлнө

  1. Төслийн 1 дүгээр зүйлийн 1/ 15.9.-д “Татварын жилийн баталгаажсан тайлангаар 400 сая төгрөг хүртэлх албан татвар ногдох орлоготой хувь хүний хүсэлтэд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгийн 10 хувиар албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.” гэж нэмэх;

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны нийт орлогын хэмжээ 400 саяас доош байх тохиолдолд хялбаршуулсан журмын хүсэлт гарган нийт орлогын 1 хувиар орлогын албан татвар төлөхөөр тусгасан.

Одоо мөрдөгдөж буй хуульд:

  • 21.3.Энэ хуулийн 15.6-д заасан орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна.
  • 15.6.Хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно” гэсэн заалт байгаа нь 400 саяас дээш орлоготой байсан ч хялбаршуулсан горимоор 1 хувийн татвар төлдөг байсныг өөрчлөх гэж байна.

Үйл ажиллагааны орлогод цалинтай ижил зарчмаар буюу 120 сая хүртэлх бол 10 хувь, 180 хүртэл 15, түүнээс дээш бол 20 хувийн шаталсан татвар ногдуулахаар тусгасан

  1. Төслийн 1 дүгээр зүйлийн 2/ 21.2.6-д “энэ хуулийн 15.1-д заасны дагуу тодорхойлсон орлогын дүнд энэ хуулийн 21.1-д заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.” гэж нэмэх;

Энд заасан 15.1 дэх хэсэг нь ХХОАТтХ-ийн үйл ажиллагааны орлого тодорхойлох хэсэг бөгөөд энэ нэмэлтийн агуулгаар үйл ажиллагааны орлогод цалин, хөдөлмөрийн хөлсний орлого болон шууд бус орлогод татвар ногдуулахтай ижил зарчмаар буюу хуулийн 21.1-д заасан шаталсан татвар (10%, 15%, 20%) ногдуулахаар тусгажээ.

Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон ажил үйлчилгээ, хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах зэрэг тогтмол бус орлогыг ойлгоно.

6 сая хүртэлх төгрөгийн орлогод ногдох татварыг хөнгөлөхөөр тусгасан

  1. Төслийн 3 дугаар зүйлийн 1/ 23.1 дэх хэсгийг “Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 15, 18 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон тухайн жилийн нийт 6,000,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг 100 хувиар хөнгөлнө” гэж өөрчлөх;

Цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, үйл ажиллагааны орлого болон шууд бус орлогын жилийн нийт дүнгээс 6,000,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, эдгээр орлогын жилийн нийт дүн 50 сая төгрөг байна гэж үзвэл 6 сая төгрөгийг хасаад, 44 сая төгрөгийн орлогод татвар ногдуулахаар агуулгатай байна.

Зээлээр орон сууц авсан, барьсан бол 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг эх үүсвэрээс үл хамааран 15 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан

  1. Төслийн 3 дугаар зүйлийн 2/ 23.3 дахь хэсгийг “Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авах, барих, орон сууцны нөхцөл сайжруулахад зарцуулсан төлбөрийн баримтаар нотлогдох дараах зардалтай тэнцэх хэмжээний орлогод ногдох 15 сая төгрөг хүртэлх албан татварын хөнгөлөлтийг тухайн татвар төлөгчид нэг удаа эдлүүлнэ:

23.3.1.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандарт хангасан орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө; 

23.3.2.гэр хорооллын орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур, дулааны насос худалдан авсан зардал;

23.3.3.аймаг, сум, улсын зэрэглэлтэй хотын болон Нийслэл хотын дагуул хот, Багануур, Багахангай, Налайх дүүргийн хилийн цэсийн дотор анх удаа орон сууц худалдан авах, барихад зарцуулсан хөрөнгө.”

23.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 23.3-т заасан тухайн татварын жилд мөрдөх хөнгөлөлтийн хэмжээг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримлалд нийцүүлэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хотын Зөвлөл тогтооно.” гэж тус тус өөрчлөх;

  • Одоогийн хуулиар зөвхөн зээлийн хөрөнгөөр анх удаа орон сууц худалдан авсан, барьсан тохиолдолд 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэхээр заасан бол төслийн агуулгаас үзэхэд худалдан авсан эх үүсвэрээс үл хамааран орон сууц барих, худалдан авах, нөхцөл сайжруулахад 15 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан.
  • Мөн одоогийн хуулиар гэр хорооллын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, материал худалдан авах тохиолдолд тухайн худалдан авалтын дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлэхээр байгаа бол төсөлд тус хөнгөлөлтийн хэмжээг мөн 15 сая төгрөг байхаар хязгаарлах агуулга тусгагджээ.

Сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байсныг дээд хэмжээ 10 сая төгрөг болгохоор тусгасан

  1. Төслийн 4 дүгээр зүйлд 23.5 дахь хэсгийн “… татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ” гэснийг “татварт 10 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлнэ” гэж өөрчлөх;

Одоогийн хуулиар тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр заасан байдаг бол төсөлд тухайн хөнгөлөлтийн хэмжээг 10 сая төгрөгөөр хязгаарлахаар тусгагджээ.

Хялбаршуулсан горимоор татвар төлөгч бусад хөнгөлөлт эдлэхгүй байсныг хүчингүй болгохоор тусгаж, ижил хөнгөлөлт эдлэх боломж олгохыг зорьжээ

  1. Төслийн 6 дугаар зүйлд “… 23 дугаар зүйлийн … 23.12 (Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүн энэ хуульд заасан хөнгөлөлт эдлэхгүй) … дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох;

Энэхүү өөрчлөлтийн агуулгаар ХХОАТтХ-ийн 21.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.6-д заасан орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна.” гэж заасан үндэслэлээр буюу хялбаршуулсан горимоор 1 хувиар татвар төлж байгаа тохиодолд татварын хөнгөлөлт эдлэхгүй байхаар заасныг хүчингүй болгосноор хялбаршуулсан горимоор татвар төлөгч мөн адил хуульд заасан хөнгөлөлтийг эдлэх боломжтой байхаар тусгагджээ.

02 дугаар сарын 15-ны дотор өөрөө тайлангаа өгдөг байсныг татварын албанаас бэлтгэн хүргүүлдэг болгож, 06 дугаар сарын 30-ны дотор баталгаажуулахаар тусгасан

  1. Төслийн 3 дугаар зүйлийн 3/ 26.1 дэх хэсгийг “Татвар төлөгчийн албан татварыг тодорхойлох, ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан боловсруулж, цахим татварын системээр татвар төлөгчид хүргүүлнэ”

26.3 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан тайлангийн төслийг татварын албанаас доор дурдсан хугацаанд цахимаар хүргүүлнэ:

26.3.2.жилийн эцсийн тайлангийн төслийг дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор; гэж өөрчлөх;

  1. Төслийн 3 дугаар зүйлийн 3/ 26.7 дахь хэсгийг “Албан татвар төлөгч тухайн жилийн тайлангийн төслийг дараа оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хянан баталгаажуулснаар татварын тайлан тушаасанд тооцно” гэж өөрчлөх;

Одоогийн хуулиар татвар төлөгч иргэн татварын тайлангаа 02 сарын 15-ны дотор өөрөө  тайлагнаж төлөхөөр заасан бол төслийн дээрх өөрчлөлтүүдийн агуулгаас үзэхэд харьяа татварын алба Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлан татвар төлөгч бүрийн тайлан, төлөх татварыг тодорхойлон боловсруулж хүргүүлэх буюу иргэн бүр татварын тайлан гаргах тогтолцоонд шилжих зарчим тусгажээ.

  • Дээрх тайлбар, зохицуулалтууд нь зөвхөн постод дурдсан агуулгаар хязгаарлагдсан бөгөөд хуулийн төслийг бүхэлд нь багтаагаагүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хувь хүний орлогын татварыг нэмэхээр болжээ. Ярьсан амласан бүхэн нь яг эсрэгээрээ” гэсэн пост оруулжээ.

Check document