2026 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Үе мөчний өвдөлтийн шийдэл нэртэй хуудаснаас “Өвдөг өвдөж байгаа хүмүүсийн 90% нь үүнийг зүгээр л цаг агаар, эсвэл хэт хөдөлснөөс болсон гэж үл тоомсорлодог. Гэвч үнэндээ энэ нь өвдөгний үений мөгөөрс элэгдэж, шингэн дутагдаж эхэлсний дохио юм. Удаан орхивол яснууд үрэлдэж, хөшиж, алхахад хүндрэлтэй болж, мэс засал, саажилтын эрсдэл нэмэгдэнэ. Өнөөдрийн үл тоомсорлол маргаашийн харамсал болдог. GI JOINT өвдөлт, үрэвслийг бууруулж, үеийн шингэнийг нэмэгдүүлэн хөдөлгөөнийг уян хатан, амьдралыг илүү хөнгөн болгоход тусална” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 640 реакц, 304 сэтгэгдэл авч, 379 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгаж, агуулгыг нягтлах аргыг ашиглав.
Хаягийг шалгасан нь

“Үе мөчний өвдөлтийн шийдэл” гэх хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад, тус хуудас нь 2026 оны 1 дүгээр сарын 20-нд үүссэн, Вьетнам улсаас 5 админ удирддаг пэйж байна.
Мөн үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдээлэл түгээдэг нь ажиглагдсан. Ингэхдээ холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэл тодорхойгүй, зөвхөн холбоосоор хандаж, чатаар холбогдохыг уриалдаг байна.
Үргэлжлүүлэн тус хуудсанд хавсаргасан холбоосыг олон нийтэд нээлттэй Cifas хэрэглүүрээр шалгасан. Шалгалтаар 2025 оны 10 дугаар сарын 16-нд үүссэн, нэмэлтээр шалгаж, анхаарах шаардлагатай вебсайт гэсэн үр дүн гарлаа. Эдгээр нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.

Агуулгыг нягталсан нь
Шалгасан бүтээгдэхүүний баталгаатай байдлыг нягтлахын тулд түлхүүр үгээр хайлт хийхэд, тус бэлдмэлийн найдвартай байдлыг илэрхийлэх ямар ч илэрц олдсонгүй. Уг бүтээгдэхүүний нэртэй албан ёсны сайт байхгүй. Олон улсын худалдааны сайтуудад ч илэрцгүй байна. Мөн зургаар хайх Google Lens хэрэглүүрээр шинжлэхэд ч ижил төрлийн бүтээгдэхүүн олдоогүй юм. Зөвхөн шалгасан хуудаснаас түгээсэн мэдээллүүд харагдаж байна.
Цаашлаад уг бүтээгдэхүүнийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас баталгаажуулсан эсэхийг нягтлах зорилгоор албан ёсны цахим мэдээллийн сангаас бүтээгдэхүүний нэрээр хайлт хийж шалгав. Хайлтын үр дүнд тухайн “GI JOINT” нэртэй бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг бүртгэл, баталгаажуулалт, зөвшөөрлийн мэдээлэл илрээгүй болно. Энэ нь тус бүтээгдэхүүний баталгаатай байдалд эргэлзэх үндэслэл юм.

Гарал үүсэл, орц найрлага, брэнд зэрэг нь тодорхойгүй, найдваргүй бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулахын тулд олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан мэтээр сурталчлах үзэгдэл түгээмэл бий. Энэ нь бүтээгдэхүүний бодит байдлыг нуун дарагдуулж, хэрэглэгчийг хуурч буй үзэгдэл юм. Иймэрхүү сурталчилгаанд итгэж, худалдан авалт хийх нь санхүүд гарз үүсгэхээс гадна өвчний шинж тэмдгийг дордуулж, эмчилгээг удаашруулах сөрөг талтай хэмээн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас сануулсан байна. Тиймээс гаднын улсаас удирдлагатай хуудас, вебсайтаар дамжуулан борлуулдаг баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Дүгнэлт, Вьетнам улсаас удирдлагатай, баталгаагүй хуудаснаас гарал үүсэл, чанар, найдвартай байдал нь тодорхойгүй үе мөчний нэмэлт бэлдмэлийн талаар мэдээлэл түгээж байна.




