Search

Цөс, бөөрний чулуу арилгадаг гэх наалтын үр нөлөөг баталсан судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1823

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цөсний чулуу, бөөрний чулуу арилгах зориулалттай наалт сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Наалт ашиглаж бөөр, цөсний чулууг арилгахыг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Хэрэв цөс, бөөрний чулуутай бол баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж цаг алдалгүй, эмчид хандан өөр тохирсон зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх нь чухал шүү.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 13-нд Биеэ хайрлая нэртэй хуудаснаас “Цөсний чулуу, бөөрний чулуу арилгах зориулалттай наалт” гэх гарчигтай мэдээлэлд бөөрний  чулуу цэвэрлэх наалт бүтээгдэхүүний зураг хавсарган түгээснийг нийт 528 реакц, 205 сэтгэгдлээр идэвхжүүлж, 525 удаа цааш түгээжээ. Тус постод “Цөсний чулууны хэмжээг багасгаж, зарим чулуунууд нь байхгүй болсон… Биеийн дулаанд идэвхжиж, уламжлалт аргаар биеийн цэвэрлэгээнд дэмжлэг үзүүлж, чулуужилт гэх мэт гаднын биетийг цэвэршүүлэх зориулагдсан наалт… арьсаар дамжин үйлчилнэ…” хэмээн дурджээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад  Alibaba, Ali Express, Amazon, Ebay зэрэг онлайн худалдааны сайтад өөр өөр брэндийн нэрээр худалдаалагдаж байна. Тодруулбал, Amazon, eBay сайтад логогүй, өөр нэрээр худалдаалж байгаа бол Alibaba сайт дахь бүтээгдэхүүний брэндийн тухай мэдээлэлд OEM гэж тэмдэглэжээ. Энэ нь гуравдагч компани үйлдвэрлэж, өөр компанийн брэндийн нэрээр зарагддаг бүтээгдэхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч компаниас захиалахдаа өөр брэндийн нэрээр захиалж болох юм.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийн зүүн дээд буланд Sumifun гэх лого харагдаж байна. Sumifun брэндийн албан ёсны сайтад өвчин намдаах наалт худалдаалдаг ба шалгасан мэдээлэлд хавсаргасан цөсний чулуу арилгах наалт гэх бүтээгдэхүүний тухай мэдээлэл огт байхгүй байна.

Үүнээс харахад чанарын баталгаагүй, үйлдвэрлэгч нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна.

Цөс, бөөрний  чулуу арилгах наалт нь шинжлэх ухааны нотолгоогүй.

Шалгасан мэдээлэлд байгалийн гаралтай орц найрлага орсон гэж дурдсан ч ямар найрлагатай дэлгэрэнгүй бичээгүй байна. Үргэлжлүүлэн наалт ашиглан бөөрний чулуу арилгах батлагдсан арга, судалгааны ажил бий эсэхийг шалгалаа. PubMed, Google Scholar, ResearchGate, Wiley Online Library, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “бөөрний чулуу, наалт” гэх түлхүүр үгээр хайхад энэ тухай хийсэн судалгаа, баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.

Сүүлийн үед төрөл бүрийн өвчнийг наалт ашиглаад эдгээх боломжтой мэт сурталчлах үзэгдэл ихэссэн. Гэвч хор гадагшлуулах, биеийг цэвэрлэх наалт гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны баталгаагүй юм. Үүний адил цөс, бөөрний чулууг наалт ашиглан арилгасан тухай баталсан судалгаа, клиник туршилт огт байхгүй байна.

Бөөрний чулуу нь шээсний замд хуримтлагдсан эрдэс бодис, бусад бодисоос үүсдэг бөөгнөрөл юм. Үүссэн чулууны хэмжээнээс хамаарч ихэнх тохиолдолд шээсээр дамжиж гадагшлах боловч их өвдөх, зовуурьтай байх эрсдэлтэй. Бөөрний чулууны хэмжээ том, шээсээр дамжиж гадагшлах боломжгүй болж, бөглөрөл үүсвэл мэс ажилбар хийх шаардлагатай байна. Бөөрний чулуу ихэвчлэн шээс өтгөрч, талст үүсгэн бөөгнөрснөөс үүсдэг. Мөн удамшил, хангалттай шингэн уухгүй байх, сода ихтэй хүнс хэрэглэх, илүүдэл жинтэй байх, шулуун гэдэсний үрэвсэл зэрэг өвчинтэй бол бөөрөнд чулуу үүсэх эрсдэлтэй байна.

Элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, хатуурснаар цөсний чулуу үүсдэг. Цөсний чулуу шинж тэмдэг илрэхгүй, өдөр тутмын амьдралд саад болохгүй бол эмчилгээ шаардлагагүй байдаг. Хэрэв шинж тэмдэг илэрч, өвдөлт ихэссэн тохиолдолд эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу эм бэлдмэл уух эсвэл хагалгаагаар эмчилдэг.

Дүгнэлт

Наалт ашиглаж бөөр, цөсний чулууг арилгахыг баталсан судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Хэрэв цөс, бөөрний чулуутай бол баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж цаг алдалгүй, эмчид хандан өөр тохирсон зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх нь чухал шүү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Цөсний чулуу, бөөрний чулуу арилгах зориулалттай наалт сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Check document