2026 оны 03 дугаар сарын 05-нд Batchuluun Natsagdorj нэртэй хаягаас “Ард түмнээ хуурч, Ко вакцин тариулсан дүр эсгэв! ЭМЯ-ны албан хаагчид, улс төрчдийн 10% нь л вакцин тариулсан (Япон)” гэх тайлбартайгаар вакцин хийлгэж буй хүмүүсийг харуулсан хоёр орчим минутын бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “Израйлын ерөнхий сайдын вакцин тариулж буй бичлэг. Бас л жүжиг… Кишида сайд хэвлэлийн бага хурлаар маскгүй сууж байна… Ард иргэддээ маск зүү гэж хэлчхээд өөрсдөө гадаадад айлчлах болохоор бүгд маскгүй…” гэх текстийг оруулжээ. Бичлэгийг нийт 296 реакц, 15 сэтгэгдлээр идэвхжүүлж, 356 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримтаар шалгалаа
“Японы Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хувь нь л вакцин хийлгэсэн” гэх мэдээлэл нь 2021 оноос хойш Японд түгж буй хуурамч мэдээлэл юм. Энэ тухай Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Японы баримт шалгах төвөөс шалгаж (Japan FactCheck Center) баталгаагүй мэдээлэл болохыг тайлагнаж байсан. Тодруулбал, тус баримт шалгах төвөөс Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны Боловсон хүчний хэлтэстэй холбогдож тодруулахад худал хэмээн мэдээлжээ. Мөн вакцинжуулалттай холбоотой үйл явцын тухай “Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны ажилтнууд вакцинжуулалтын эрхийн бичиг авч, олон нийтийн адил вакцин хийлгэхээр явдаг. Зарим нь ажлын байраараа дамжуулан вакцин хийлгэдэг. Боловсон хүчний хэлтэс хүн бүр вакцин хийлгэсэн эсэхийг баталгаажуулдаггүй” хэмээн тайлбарласан байна.
Вакцинд хамрагдсан ажилтны тоон мэдээлэл нээлттэй биш ч Японы баримт шалгах төв Эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн яамнаас авсан тодруулгад “10 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан” гэх мэдээллийг үгүйсгэсэн.
Японы Ерөнхий сайдын албаны сайтад 2024 оны 04 дүгээр сарын 01-ны байдлаар ойролцоогоор 436 сая тун вакцин хийсэн ба 2023 оны 01 дүгээр сараас өмнөх тоон мэдээлэлд 1,2 тунгийн вакцинжуулалтын хувь 80 орчим гэж мэдээлсэн байна. Мөн японы Саппоро Анагаах ухааны их сургуулийн сайтад мэдээлсэн инфографикт Япон улсын вакцинжуулалтын хувь 2024 оны 08 дугаар сарын 14-ны байдлаар 84.3 хувьтай хэмээн харуулжээ.
“Израилын Ерөнхий сайд вакцин хийлгэж буй дүр үзүүлж байна” гэх тексттэй бичлэг Ерөнхий сайдын бичлэг биш.
Шалгасан бичлэгт “Израилын Ерөнхий сайд вакцин хийлгэж буй дүр үзүүлж байна” гэх тексттэй хэсгийг эвлүүлэн оруулсан. Гэвч тус бичлэг нь Израилын Ерөнхий сайдын бичлэг биш юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэж буйгаа үзүүлж, телевизээр шууд дамжуулсан. NBC News, Al Jazeera, Bloomberg News зэрэг олон улсын хэвлэл 2020 оны 12 дугаар сарын 20-нд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн вакцин хийлгэж буй бичлэгийг нийтэлжээ.

Дүгнэлт
“Японы Эрүүл мэндийн яамны ажилтнуудын 10 хувь нь вакцинд хамрагдсан” гэх мэдээлэл нь баталгаа, нотолгоогүй бөгөөд ЭМЯ-аас уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Мөн шалгасан бичлэгт “Израилын Ерөнхий сайд вакцин хийлгэсэн дүр үзүүлж байна” гэх текст бичиж өөр хүний бичлэг оруулжээ.




