2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Германы Улаан загалмайн нийгэмлэг нэртэй хуудаснаас “Та хүмүүнлэгийн санхүүгийн тусламжаа авч амжаагүй байна уу? Германы Улаан загалмайн нийгэмлэг , Хатагтай Санжаасүрэн Оюунтай хамтран Монголын иргэн бүрд найдвартай, баталгаатай эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж үзүүлэхийг санал болгож байна. Энэхүү тусламжийг Засгийн газраас баталж, баталгаажуулсан учраас 100 хувийн баталгаатай. Санал болгож буй санхүүжилт нь 10 саяас таван тэрбум монгол фунт стерлинг хүртэл байна. Энэ санал нь өнөөдөр бидэнтэй холбогдож буй эхний 30 хүнд хязгаарлагдана. Бидэнд яг одоо бичээрэй! Хатагтай Санжаасүрэн Оюун болон Германы Улаан загалмайн нийгэмлэг Монголын ард түмэнд хайртай” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 23 реакц, 19 сэтгэгдэл авч, 1 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу ажиллалаа.
Хаягийг шалгасан нь
“Германы Улаан загалмайн нийгэмлэг” гэх хуудас нь нэмэлт танилцуулгагүй, Financial service буюу санхүүгийн үйлчилгээ гэсэн тодотголтой, 75 дагагчтай пэйж байна. Иймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл олохын тулд тухайн хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгав.
Шалгалтын үр дүнд, тус хуудас нь 2025 оны 4 дүгээр сарын 29-нд үүссэн, Бенин улсаас 4 админ удирддаг зэрэг мэдээллүүд нь илэрлээ.

Түүнчлэн холбоо барих дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн чатаар холбогдохыг уриалдаг нь ажиглагдсан. Мөн түгээсэн мэдээлэл нь үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай байна. Энэ нь гаднын улсаас удирдлагатай, хуурамч хаягуудад ажиглагдаг түгээмэл шинж чанарууд юм.
Агуулгыг нягталсан нь
Шалгасан мэдээлэлд “Энэхүү тусламжийг Засгийн газраас баталж, баталгаажуулсан учраас 100 хувийн баталгаатай” гэх агуулгыг дурдсан байна. Үүнийг тодруулахын тулд Засгийн газрын албан ёсны хуудсанд хандаж, түлхүүр үгээр хайсан. Гэвч Германы Улаан загалмайн нийгэмлэгтэй холбоотой ямар ч илэрц олдсонгүй. Энэ нь тус байгууллагатай холбоотой ямар нэг албан шийдвэр гараагүйн илрэл юм.

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайхад, 2023 оны есдүгээр сарын 1-нд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамнаас үерт өртсөн иргэдэд зориулан 80.000 гаруй еврогийн тусламж үзүүлсэн тухай мэдээлэл илэрлээ.

Дэлгэрүүлбэл, Германы Элчин сайдын яамнаас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран нийслэлийн болон баруун бүсийн аймгууд дахь өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядууралд өртсөн олон хүүхэдтэй айлуудад гэр ахуйн хэрэгсэл болон нэн шаардлагатай хэрэгцээгээ хангах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон байна.
Хавсаргасан зурагт Элчин сайдын яамнаас санхүүгийн тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж буй үеийг буулгажээ. Тус гэрээг Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитц, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т. Баярчимэг нар үзэглэсэн аж.
Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас олны танил хүн, байгууллагын нэрээр залилан хийх гэж оролдох нь бий. Ингэхдээ олон нийтийн анхаарлыг татахын тулд “хандив өгнө”, “мөнгө тараана”, “бэлэг өгнө”, “тусламж үзүүлнэ” зэргээр ашиг хонжоо амалдаг. Мөн хуурамч дансны хуулга, бэлэн мөнгө, машин гэх мэт зургууд хавсаргаж, хүмүүст үнэмшилтэй харагдуулахыг хичээдэг. Иймэрхүү мэдээлэлд итгэж, хуурамч хуудаст хандах нь хувийн мэдээллээ алдах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн алдагдал ч хүргэх сөрөг талтай. Тиймээс энэ төрлийн мэдээлэлд хандахаасаа өмнө анхан шатны баримт шалгах алхмын дагуу нягталж сурах нь чухал юм.
Эдгээр баримтуудаас дүгнээд үзэхэд, Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас “Германы Улаан загалмайн нийгэмлэгээс Монголын иргэн бүрд эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж үзүүлэхийг санал болгож байна” гэх агуулгатай хуурамч мэдээлэл түгээж байна. Ингэхдээ Германы Элчин сайд Хэльмут Кулитц, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Санжаасүрэнгийн Оюун зэрэг хүний зургийг ашиглажээ.




