Search

Вакцин эсэргүүцэгч, баталгаагүй эх сурвалжийн мэдэгдлээр хуурамч мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1820

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Пфайзэр компанийн захирал асан Др. Майк Иэадон ноцтой мэдээлэл хийв. Ковид 19 гэх цар тахал огт үүсээгүй. Зөвхөн вакцин зарах замаар баяжигсад үл мэдэгдэх агууламж бүхий вакциныг л хүмүүст тарьсан гэв. Үүний үр дүнд одоогоор 17 сая хүн ковидын вакцины улмаас амь насаа алдсан статистик байна” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ковидын вакцины улмаас 17 сая хүн амь насаа алдсан” гэх агуулга нь алдаатай судалгааны тайлангаас эхлэлтэй хуурамч мэдээлэл юм. Үүнийг олон улсын баримт шалгах байгууллагуудаас нягталж, хуурамч гэдгийг нь баталсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд ч уг агуулгыг няцааж, шүүмжилсэн байна. Харин Майкл Йедон нь цар тахлын үеэр олон тооны үндэслэлгүй, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байсан баталгаагүй эх сурвалж аж.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Lhagvajav Sengee нэртэй хуудаснаас “Пфайзэр компанийн захирал асан Др. Майк Иэадон ноцтой мэдээлэл хийв. Ковид 19 гэх цар тахал огт үүсээгүй. Зөвхөн вакцин зарах замаар баяжигсад үл мэдэгдэх агууламж бүхий вакциныг л хүмүүст тарьсан гэв. Үүний үр дүнд одоогоор 17 сая хүн ковидын вакцины улмаас амь насаа алдсан статистик байна” гэсэн тайлбартай пост нийтэлсэн байна. Уг пост 36 гаруй реакц, 10 сэтгэгдэл авч, 204 удаа цааш түгээгджээ.

Ковид-19 нь хүнд хэлбэрийн амьсгалын замын цочмог хам шинж бүхий SARS-CoV-2 вирусээс үүдэлтэй өвчин юм. Уг вирус нь 2019 оны сүүлээр тархаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн. Иймээс “Ковид-19 гэх цар тахал” огт үүсээгүй гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй юм.

Олон хүний нас баралт нь вакцинаас бус ковидын халдвараас үүдсэн байна

Ковидын вакцины аюулгүй байдал нь олон улсын эрүүл мэндийн байгууллага, хяналтын агентлагуудаар нарийн шалгагдаж, баталгаажсан байдаг. Үүнд ДЭМБ, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа, Европын Эмийн Агентлаг болон бусад үндэсний хяналтын байгууллагууд орно. Эдгээр байгууллагууд вакциныг олон үе шаттай клиник туршилт, судалгааны үр дүнд үндэслэн баталгаажуулдаг бөгөөд хэрэглээнд нэвтэрсний дараа ч болзошгүй эрсдэлээс сэргийлэн, давхар хянасаар байдаг. Энэ нь вакцины найдвартай байдлыг хангаж буйн илрэл юм.

ДЭМБ-ын мэдээлснээр ковид цар тахлын улмаас дэлхий даяар 7,112,352 хүн нас барсан байна. Улс орнуудын дунд нас баралтын тоогоор хамгийн өндөр байгаа нь АНУ бөгөөд ойролцоогоор 1.2 сая хүн өнгөрчээ. Манай улсын хувьд ковидын улмаас нас барсан нийт тохиолдол 2,136 гэж бүртгэгдсэн байна. Энэ статистик нь ковид хэрхэн дэлхий даяар нөлөөлж, олон хүний амь насыг хохироосныг харуулж байна.

Зургийн тайлбар: ДЭМБ-аас мэдээлсэн ковидын нас баралтын тоон статистик

Харин ковидын вакцинуудыг нэвтрүүлснээс хойш цар тахлын улмаас гарах нас баралтыг дор хаяж 57%-иар бууруулж, эрсдэлт бүлгийг хамгаалсан гэх судалгаа бий. Эл вакцинуудаас шалтгаалсан нас баралтын тохиолдол маш ховор байжээ. Гэвч зарим хүн үүнийг буруугаар тайлбарлаж, хуурамч мэдээлэл түгээсэн байна. Үүний нэг жишээ нь “ковидын вакцины улмаас 17 сая хүн амь насаа алдсан” гэх агуулга юм. Энэхүү мэдээллийг AFP, Reuters, FactCheck.org зэрэг олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагаас нягталж, хуурамч гэж нотолжээ. Тодруулбал,

  • Шалгасан мэдээлэлд буй агуулгыг анх Канадын “Correlation Research in the Public Interest” гэх байгууллагын тайланд дурдсан байна. Тус тайлангаас үүдэн цахим орчинд “ковид-19 вакцин 800 хүн тутмын нэгийг үхүүлсэн. Энэ тооцоогоор дэлхий даяар 17 сая хүн вакцинаас болж нас барсан” гэх мэдээллүүд түгж эхэлжээ. Гэвч олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд тус судалгааны тайланг няцааж, буруу тооцоололтой гэж мэдэгдсэн. Учир нь эл тайлан нь нийтлэгдэхийн өмнө мэргэжлийн шинжээчийн багаар хянуулаагүй, баталгаагүй статистик дүгнэлт ашигласан, шалтгаан үр дагаврын холбоог буруу тайлбарласан зэрэг арга зүйн олон төрлийн алдаатай байжээ. Мөн халдварын давлагаа, омикрон хувилбар, хөл хорионы сулрал, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал зэрэг бусад хүчин зүйлсийг ч тооцоолоогүй аж. Энэ нь судалгааны үр дүн алдаа мадагтайг илэрхийлж буй баримт юм. Иймээс тус мэдээллийг бодит байдлаас гажсан, хуурамч мэдээлэл хэмээн дүгнэжээ.

Pfizer компанийн захирал асан Майкл Йедон гэж хэн бэ?

Майкл Йедон нь Британийн эм зүйч бөгөөд эмийн үйлдвэрлэлийн салбарын удирдах ажилтан асан хүн юм. Тэрээр Pfizer компанид 16 жил (1995–2011) ажилласан бөгөөд “Харшил болон Амьсгалын замын судалгааны нэгж”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Майкл Йедон Тус компаниас гарсныхаа дараа Ziarco хэмээх биотехнологийн компанийг хамтран үүсгэн байгуулж, 2017 онд Novartis компанид худалдсан байна. Тэрээр цар тахлын үеэр олон нийтийн анхаарлыг татах болсон. Учир нь шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан, туршлагатай хүн өмнөх үзэл санаанаасаа зөрсөн агуулгуудыг нийтэлж, ковидыг вакциныг эсэргүүцэж эхэлсэн юм. Гэвч түүний түгээсэн мэдээллүүд нь ор үндэслэлгүй, төөрөгдүүлсэн агуулгатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас шүүмжилж байв. Мөн олон улсын баримт шалгах байгууллагаас ч түүний түгээсэн агуулгуудыг нягталж, худал хэмээн баталсан. Жишээлбэл,

  • Майкл Йедон нь ковидын вакцин ихсийн уурагт нөлөөлснөөр эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэж болзошгүй хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Үүнийг анагаах ухааны шинжээчдийн зүгээс эсэргүүцэж, вакцин болон үргүйдлийн хооронд ямар ч холбоо байхгүйг баталсан байна.
  • Мөн Их Британид цар тахал “дууссан” бөгөөд “хоёр дахь давлагаа” гарахгүй гэж мэдэгдэж, хүмүүст амны хайлтаа тайлахыг уриалж байсан аж. Гэвч уг мэдэгдлийн дараахан ковидын тохиолдол болон нас баралтын тоо эрс нэмэгдсэн байна.

Эдгээр баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, “Ковидын вакцины улмаас 17 сая хүн амь насаа алдсан” гэх агуулга нь алдаатай судалгааны тайлангаас эхлэлтэй хуурамч мэдээлэл юм. Үүнийг олон улсын баримт шалгах байгууллагуудаас нягталж, хуурамч гэдгийг нь баталсан. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд ч уг агуулгыг няцааж, шүүмжилсэн байна. Харин Майкл Йедон нь цар тахлын үеэр олон тооны үндэслэлгүй, хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байсан баталгаагүй эх сурвалж аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Пфайзэр компанийн захирал асан Др. Майк Иэадон ноцтой мэдээлэл хийв. Ковид 19 гэх цар тахал огт үүсээгүй. Зөвхөн вакцин зарах замаар баяжигсад үл мэдэгдэх агууламж бүхий вакциныг л хүмүүст тарьсан гэв. Үүний үр дүнд одоогоор 17 сая хүн ковидын вакцины улмаас амь насаа алдсан статистик байна” гэсэн мэдээлэл түгээжээ.

Check document