2026 оны гуравдугаар сарын 06-ний өдөр Royal Foods Mongolia (архивласан хувилбар) нэртэй Facebook хуудаснаас “хэлэн доороо чимх давс тавих нь мигрений үед мэдрэлийн тэнцвэрт байдалд хурдан нөлөөлж чадна…” гэсэн агуулгатай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 7,700 гаруй реакц, 61 сэтгэгдэл авч, 3,800 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
Мигрень нь тархины мэдрэлийн тогтолцоотой холбоотой өвчин бөгөөд толгой таллаж, лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, дуу чимээ, гэрэлд мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судсанд сөрөг нөлөөтэй
2024 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн цус харвалт болон өндөр даралттай 20,000 гаруй хүнийг хамруулсан судалгаанд “давсны хэрэглээ нь толгойн хүчтэй өвдөлд болон давтамжийг өөрчлөөгүй” гэж дүгнэжээ.
Мөн Healthline эрүүл мэндийн мэдээллийн сайтад “натрийн дутагдлаас үүдэлтэй мигрень өвчний шинж тэмдгийг зохимжтой тунгаар найруулсан давстай усаар түр хугацаанд намдаах боломжтой. Гэсэн хэдий ч дан ганц давстай усаар мигренийг эмчилдэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй бөгөөд хоол хүнсэнд агуулагдах натрийн илүүдэл эсвэл дутагдал нь мигрений давтамжийг нэмэгдүүлж болзошгүй”-г анхааруулжээ. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) натрийн хоногийн зөвлөмжийг 2,300 мг-аас ихгүй байна гэж заасан байна.
Түүнчлэн мигрень өвчний талаарх мэдээ нийтэлдэг MigraineAgain сайтад интернэтэд түгээмэл тархсан давстай ус уух, шарсан төмс идэх, хэлэн доор давс тавих зэрэг аргуудыг шинжлэх ухааны нотолгоо байхгүй, цусны даралт ихтэй хүмүүсийн хувьд эрсдэлтэйг онцолжээ.
Дүгнээд хэлбэл, натрийн дутагдлаас үүдэлтэй мигрень өвчний үед зохимжтой тунгаар давстай ус уух нь түр хугацаанд өвчнийг намжааж болох ч бүрэн эмчилгээ болохгүй. Мөн мэргэжилтнүүд давсны хэрэглээ ба мигрень өвчний хоорондын хамаарлыг тодруулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг онцолдог.




