2026 оны гуравдугаар сарын 07-нд Shuud.mn нэртэй Facebook хуудаснаас “Баянгийн өндөг идэлтгүй болжээ яанаа новш гэж ийм юм зараад иргэд нь идэхээр Дэлхийд хавдрын үхлээрээ тэргүүлэлгүй яахавдээ Баянгийн өндөгнийхөн энэ хог дээрээ тайлбар хийнэ үү” гэсэн тайлбартай чанасан өндөгний шар нь хатуу, резин шиг болсныг харуулсан бичлэг (архивласан хувилбар) нийтэлжээ.
Тус постыг 2,400 гаруй реакц, 701 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2,000 гаруй удаа цааш түгээсэн байна.
Уг бичлэгийг анх 2026 оны гуравдугаар сарын 06-нд Tserenchimed Myangaa (архивласан хувилбар) гэх хаягаас нийтэлжээ.
FACTCHECK:
Хэт хүйтэн температурын нөлөөгөөр өндөгний шар хатуу, уян хатан бүтэцтэй болдог
2016 онд Макаогийн зарим иргэд тахианы өндгийг чанасны дараа шар нь “резинэн бөмбөг” шиг уян хатан болсон тул “хиймэл өндөг” байж магадгүй гэж сэжиглэн, энэ талаар Макаогийн хүнсний аюулгүй байдлын хэлтэст мэдээлжээ. Уг мэдээллийг хүлээн авсны дараа тус хэлтэс ажилтнуудаа орон нутгийн захуудаас өндөгний дээж авч шинжилгээ хийхээр илгээсэн байна.
Шинжилгээний дүнгээр тухайн өндгөнд ямар нэг хэвийн бус шинж илрээгүй бөгөөд “өндөгний шар хатуу, резин шиг болсон нь өмнөх саруудад тохиосон хэт хүйтэн цаг агаартай холбоотой байж болзошгүй” гэж үзжээ. Тодруулбал, тахианы өндөгний үйлдвэрлэл, тээвэрлэлт болон хадгалалтын явц дахь температурын өөрчлөлт нь өндөгний шарыг чанасны дараа “резинэн бөмбөг” шиг болгох гол шалтгаан хэмээн тайлбарласан байна. Өндөг хэт бага температуртай орчинд байх үед өндөгний шаранд агуулагдах усны агууламж буурч, урсамтгай шинж алдагдаж, гель шиг өтгөрдөг бөгөөд чанасны дараа шар нь хатуу, уян хатан бүтэцтэй болдог. Энэ үзэгдлийг “frozen gelation of eggs” гэж нэрлэдэг хэмээн Макаогийн Засгийн газрын харьяанд ажилладаг хотын үйлчилгээ болон нийтийн үйлчилгээтэй холбоотой байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Судалгаагаар өндөгний шар дахь уураг ба липопротеинууд хүйтэн температурт хоорондоо холбогдон торлог бүтэцтэй болдог байна
Бид үргэлжлүүлэн PubMed, ResearchGate, ScienceDirect зэрэг судалгааны сангаас “frozen gelation of eggs” гэх түлхүүр үгээр хайхад өндөгний шарыг хөлдөөж, туршсан судалгаанууд илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, ResearchGate судалгааны санд 2024 онд нийтлэгдсэн “Өндөгний шарыг хөлдөөх үед гардаг чанарын өөрчлөлт: гель үүсэх шалтгаан ба түүнийг хянах арга” нэртэй судалгаанд ердийн өндөг болон хөлдөөсөн өндөгний бүтцийг зургаар харуулжээ.
Тодруулбал, шинэ өндөгний шар нь уураг болон өөх тосыг агуулсан холимог шингэн байдлаар тархсан байдаг. Харин хөлдөөх үед өндөгний шард агуулагдах ус талстжиж, үлдсэн уураг болон өөх тосны холимог нь хоорондоо наалдан торлог бүтэц үүсгэдэг. Хөлдөөсөн хугацаа уртсах тусам энэ холбооснууд илүү нягтарч, чанасны дараа өндөгний шар шингэн биш харин гель шиг өтгөн, уян хатан бүтэцтэй болдог байна.
Уг өөрчлөлт нь голчлон физик бүтэцтэй холбоотой бөгөөд өндөгний шарын үндсэн шим тэжээлийн найрлага төдийлөн өөрчлөгддөггүй байна. Мөн өөх тос, амин дэмийн нийт агууламж ихэвчлэн хэвийн хэмжээнд байдаг бөгөөд хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй.

АНУ-ын Хүнсний Аюулгүй Байдал, Хяналтын Албаны (FSIS) мэдээлснээр өндгийг нэг жил хүртэл хөлдөөж болдог байна.
Баяншувуу ХХК-аас “Баян” өндөгний талаар цахим орчинд илт худал, ташаа мэдээлэл явж байгаа тухай мэдэгдэл гаргасан
2026 оны гуравдугаар сарын 12-ний өдөр Баяншувуу ХХК-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “Сүүлийн үед “Баян” өндөгний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, ташаа, тусгайлан бэлтгэсэн гүтгэлэг мэдээллийг санаатайгаар байнга зохион байгуулалттай явуулж байгаад харамсаж байна” гэжээ. Харин шалгасан бичлэгт үзүүлж буй өндөг ямар шалтгаанаар тийм болдог талаар тайлбарлаагүй байна.

Дүгнээд хэлбэл, шалгасан бичлэгт хэт хүйтэн температурын нөлөөгөөр өндөгний шар уян хатан бүтэцтэй болдгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Мөн Баяншувуу ХХК-аас “Баян” өндөгний талаар цахим орчинд илт худал, ташаа мэдээлэл явж байгаа тухай мэдэгдэл гаргасан байна.




