2026 оны 03 дугаар сарын 10-нд Ganbayar Batsuuri (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Энэ хэн бэ? Адилхан биш гээрэй. #Epstein #Элбэгдорж #Хүний #Наймаа” гэх тайлбартайгаар Жеффри Эпштэйний зураг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүүхдүүдтэйгээ авхуулсан зургийг харьцуулан тавьжээ. Тус постыг нийт 646 реакц, 177 сэтгэгдлээр идэвхжүүлж, 365 удаа цааш түгээжээ.
Шалгасан мэдээлэлд Жеффри Эйпштэйний зурагт хамт сууж буй эмэгтэйг Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхэд гэж ойлгуулахаар дугуйлж, тодруулсан байна. Хэдийгээр тектсээр бичиж гаргаагүй ч өгүүлж буй контектээрээ ойлгуулахыг эрмэлзсэн агуулгыг баримтаар шалгах шаардлагатайг олон улсын баримт шалгах арга зүйд чухалчилдаг.
FACTCHECK:
Зургийг Google Lens хайлтын системээр хайхад зургийн эх хувилбарыг @news_365_day гэх Instagram хаягт 2026 оны 02 дугаар сарын 12-нд богино хэмжээний бичлэгийн хэсэг болгон нийтэлжээ. Тус бичлэгт Жеффри Эйпштэйн шаргал үстэй эмэгтэйг дагуулж явж буйг дүрсэлжээ. Гэвч бичлэгийн бусад хэсгийг сайтар ажиглавал хиймэл оюунаар бүтээсэн байж болзошгүй дүрслэл харагдаж байна. Тодруулбал, бичлэгийн эхлэл хэсэгт арын зүлгийн хэсэг сарниж хөдөлсөн, сүүдэр гэрлийн тусгал, орон зайн хэмжээс болон бичлэгт харагдаж буй хүний хөдөлгөөн хэвийн бус байна. Мөн зарим хэсэгт харагдаж буй хүний гар 4 хуруутай байна. Тус хаяг үүнтэй төстэй хиймэл оюунаар бүтээсэн бичлэг хэд хэдийг нийтэлжээ.
Үргэлжлүүлэн шалгасан зургийг Hugging Face, Hive Moderation, WasItAI, Deep AI зэрэг хиймэл оюунаар бүтээсэн контент таних хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн магадлал 97-99 хувьтай гарлаа. Зарим хиймэл оюуны контент шалгах хэрэглүүр ямар AI ашиглан бүтээсэн эсэх магадлалыг өгдөг. Hive Moderation хэрэглүүр нь тус зургийг Gemini AI-аар бүтээсэн байх магадлал 99.5 хувь гэж гаргасан.


Gemini хиймэл оюунаар бүтээсэн зурагт хүний нүдэнд харагдахгүй таних тэмдэг (watermark) байршуулдаг бөгөөд Google Deepmind-аас хөгжүүлсэн SynthID хэрэглүүрээр шалгах боломжтой. Gemini AI-аас “тус зургийг хиймэл оюунаар бүтээсэн эсэх, SynthID-аар шалгах” команд өгөхөд зургийг Google-ийн хиймэл оюунаар бүтээсэн, дижитал таних тэмдэг байршуулсан, мөн зурагт харагдах алдааг дурдлаа. Мөн усан сан дахь байшингийн тусгал бүтэцтэй нь таарахгүй, алдаатай, зурагт харуулсан хүмүүсийн биеийн бүтэц буюу шаргал үстэй эмэгтэйн гар болон Жеффри Эпштэйний хөлийн бүтэц алдаатай байна.
Үүнээс харахад хиймэл оюунаар бүтээсэн зураг дахь ази царайтай эмэгтэйн дүрийг “Ц.Элбэгдоржийн өргөж авсан охин” гэж ойлгуулахаар хуурамч мэдээлэл түгээжээ.




