2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Todmedee.mn нэртэй хуудаснаас “Цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг Улаанбаатар хотод бүрэн хориглохоор боллоо” гэсэн мэдээлэл түгээсэн байна. Уг пост 3100 гаруй реакц, 355 сэтгэгдэл авч, 113 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK:
“Цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг Улаанбаатар хотод бүрэн хориглохоор боллоо” гэсэн мэдээллийг 3 дугаар сарын 2-ны өдрийн НИТХ-аар шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж, түгээжээ. Гэвч тус хуралдаанд эл агуулгыг огт дурдаагүй болох нь шууд бичлэгээс харагдаж байна.
Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна. Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид байр сууриа илэрхийлжээ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай
- Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай
- Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай
Явган замтай холбоотойгоор “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага, хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг дэмжиж, стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Иймээс бид илүү тодорхой мэдээлэл авахын тулд НИТХ-ын 7011 0202 утсаар холбогдож, тодруулга авсан юм. Уг тодруулгад “Явган хүний замаар цахилгаан тээврийн хэрэгсэл явахыг хориглосон шийдвэр гараагүй. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаад судалж байгаа ч албан ёсоор баталж, шийдээгүй байна” гэсэн хариулт өглөө.
Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг суррон, мопед, скүүтерийг явган хүний замаар явуулахгүй байх асуудлыг хэлэлцэж байна.
Үргэлжлүүлэн баримт шалгах анхан шатны алхмын дагуу агуулгыг нягтлах аргыг ашиглаж, холбогдох түлхүүр үгсээр хайлт хийв. Хайлтын үр дүнд, 2026 оны 2 дугаар сарын 7-нд “Цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг хориглоно” гэх агуулгатай бичлэг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хуудсанд нийтлэгдсэн нь илэрлээ.
Дэлгэрүүлбэл, Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, суррон, мопед, скүүтерийн зохицуулалтын талаар хэлэлцсэн бичлэгтээ тус хэрэгслүүдийг явган хүний замаар явуулахгүй гэж дурдсан байна. Үүний тулд суррон, скүүтер, мопедыг замын хөвөөгөөр явуулах зохицуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай замын тэмдэг тэмдэглэгээний зураглалыг боловсруулах хэрэгтэйг онцолжээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан тээврийн хэрэгслүүдийг явган хүний замаар явахыг зогсоох зорилгоор ажлын хэсэг хэлэлцэж буй ч уг асуудлыг эцэслэж, шийдээгүй байгаа юм.
Эдгээр баримтуудаас дүгнэвэл, Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг суррон, мопед, скүүтерийг явган хүний замаар явуулахгүй байх асуудлыг хэлэлцэж байна. Гэвч одоогоор уг зохицуулалтыг бүрэн баталсан шийдвэр гараагүй байгаа юм.




