2026 оны 02 дугаар сарын 27-нд Tseren Enebish (архивласан хувилбар) нэртэй Facebook хаягаас “Лабораторын аргаар гаргасан мах идэхийг Идэр-Од олон нийтэд сурталчилж байсныг санаж байна уу? Энэ чинь хүний мах юм байна. Койн гэх хоосноос мөнгө олох санааг Эпштейн гаргасан ба 2017 онд Ерөнхийлөгч Баттулгын туслахад хэлж байж. Бүр Чингис нэртэй койн гаргах тухай ярьж байж” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 3,800 гаруй реакц, 404 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,300 гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Б.Идэр-Од лабораторын аргаар гаргаж авсан тахианы махны тухай мэдээлэл түгээснийг ямар ч баримтгүйгээр “хүний мах юм байна” гэжээ
Шалгасан мэдээлэлд дурдсан “лабораторийн мах идэхийг Идэр-Од олон нийтэд сурталчилж байсан” гэх мэдээллийн дагуу Ider-Od Bat-Erdene нэртэй хаягт түлхүүр үгээр хайхад 2022 оны 11 дүгээр сарын 18-нд оруулсан “Америкт албан ёсоор лабораторид ургуулсан тахианы махыг идэхэд аюулгүй гээд зарлалаа” гэх пост гарч ирж байна.

- Б.Идэр-Одын лабораторийн аргаар гаргаж авсан махны тухай пост. Энд хүний махны тухай дурдаагүй.
- Харин Цэрэн үүнийг ямар ч баримтгүйгээр “энэ бол хүний мах юм байна” гэж ярьжээ.
Лабораторын аргаар гаргаж авсан махыг олон улсад “lab-grown meat, cultured meat, cultivated meat, cell-cultivated meat” зэргээр нэрлэдэг байна.
Европын хүнсний мэдээллийн зөвлөл (EUFIC)-ийн сайтад “лабораторын аргаар гаргаж авсан мах гэж амьтны эсээс гаргаж авсан махыг хэлнэ” гэжээ. Цаашлаад үйлдвэрлэлийн явц нь амьтнаас бага хэмжээний эсийн дээж авах, түүнийг шим тэжээлээр баялаг орчинд өсгөх, улмаар булчин, өөх тос болон бусад эдийн бүтэц болгон зохион байгуулах зэрэг байна хэмээн тайлбарлажээ. Үйлдвэрлэлийн үйл явцыг ерөнхийдөө дөрвөн үе шатанд хувааж болно гэжээ. Тухайлбал:
- Амьд амьтнаас үүдэл эсийн дээж авах– Үүдэл эс нь бие махбод дахь төрөлжсөн бусад эсүүд (жишээлбэл, цус, элэг, булчингийн эс) болж хөгжих чадвартай эсүүд юм.
- Үүдэл эсийг биореакторт өсгөх– Эдгээр эсийг биореактор хэмээх том саванд байрлуулж, амьтны биед байдаг орчинтой төстэй нөхцөлийг бүрдүүлсэн, шим тэжээлээр баялаг өсгөврийн орчин (culture media)-д үржүүлдэг. Ингэснээр эсүүд олшрох боломжтой болдог.
- Эсийг төрөлжүүлэх– Өсгөврийн орчны найрлагыг өөрчилснөөр үүдэл эсүүд махны үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэг болох булчин, өөх тос, холбогч эдийн эсүүдэд ялгаран хөгжинө.
- Эсүүдийг зохион байгуулж “мах бүтээх”– Ялгаран хөгжсөн эсүүдийг салгаж, тодорхой бүтэц, хэлбэрт оруулан байрлуулдаг. Үүнийг “scaffolding” буюу тулгуур бүтэц ашиглах гэж нэрлэнэ. Тулгуур бүтэц нь идэж болох материал бөгөөд махны эсүүдийг хүссэн хэлбэрт (жишээлбэл, стейк, татсан мах) оруулахад дэмжлэг үзүүлдэг. Энэ нь зөвхөн эсүүдийг барьж тогтоохоос гадна шим тэжээлийг дамжуулж, цаашдын ялгарал, хөгжлийг дэмждэг байна.
2022 онд анх АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-наас GOOD Meat болон Upside Foods компанид эсийн өсгөвөрлөсөн тахианы махыг АНУ-ын зах зээлд борлуулах урьдчилсан хяналт, зөвшөөрлийг олгосон байна. Цаашлаад 2023 оны 6-р сарын 30-нд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын алба (FSIS) эдгээр хоёр компанид лабораторын аргаар тахианы мах үйлдвэрлэх болон бүтээгдэхүүнээ “cell-cultivated chicken” гэж шошголох зөвшөөрлийг олгосон байна. Уг шинэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон шошгололтыг АНУ-ын Хүнс, эмийн захиргаа болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA) хамтран зохицуулдаг талаар АНУ-ын Конгрессын албан ёсны сайтад мэдээлжээ.
Үүний дараа бид Google хайлтын системд “lab-grown meat, human meat” зэрэг түлхүүр үгээр хайхад IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн AFP Fact Check, Lead Stories, Check Your Fact зэрэг баримт шалгах байгууллагууд “лабораторын мах бол хүний мах, хүний эсээр хийдэг” зэрэг мэдээллийг баримтаар шалгаж худал болохыг мэдээлж байжээ. Тухайлбал, 2023 оны 08 дугаар сарын 1-нд Lead Stories баримт шалгах байгууллага дээр дурдсан GOOD Meat, Upside Foods компанийн зөвшөөрлийн материалууд, FDA болон USDA-FSIS-ийн албан ёсны хамтын ажиллагааны гэрээ аль алинд нь хүний эс ашигласан тухай мэдээлэл байхгүйг онцолжээ.
Мөн Check Your Fact баримт шалгах байгууллага “лабораторын аргаар гаргаж авсан тахианы махыг хүний эсээр хийдэг” гэх мэдээллийг шалгахдаа АНУ-ын Хүнс, эмийн захиргааны төлөөлөгчөөс ирүүлсэн и-мэйлийг дурджээ. Тус тайлбарт:
“Лабораторын аргаар гаргаж авсан мах нь АНУ-ын Холбооны Хүнс, эмийн болон гоо сайхны тухай хууль, FDA-ийн холбогдох журамд заасан бусад бүх хүнсний адил хатуу шаардлагууд, тэр дундаа аюулгүй байдлын шаардлагыг хангах ёстой” гэжээ. Түүнчлэн “Human Food Made with Cultured Animal Cells Inventory” нэртэй жагсаалтад лабораторын аргаар гаргаж авсан маханд ашигласан тахианы эсийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтсан байгааг уг баримт шалгалтад мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар лабораторын аргаар гаргаж авсан тахианы махыг Сингапур болон АНУ-д зөвшөөрсөн байна. Харин Австрали, Шинэ Зеланд улсад лабораторын аргаар гаргаж авсан гахайн элэгний мах (quail foie gras)-ыг зөвшөөрөөд байгаа талаар Европын хүнсний мэдээллийн зөвлөлийн сайтад мэдээлжээ.
“Чингис” нэртэй койны тухай яриа Эпштэйний файл дахь имэйл дунд бий
АНУ-ын Хууль зүйн яамны сайт дахь Эпштэйн файл цэсээс “Genghis coin“ гэх түлхүүр үгээр хайхад 2017 оны 7 дугаар сарын 8-нд Жеффери Эпштэйнээс илгээсэн “Some might want to call it GENGHIS COIN” гэж бичсэн и-мэйл илэрцээр гарч ирсэн. Уг өгүүлбэрийг орчуулбал, “Зарим хүмүүс үүнийг Чингис койн гэж нэрлэхийг хүсэж магадгүй” гэсэн байна.
Цаашлаад 2017 оны 7 дугаар сарын 8-нд 10:33 AM, Эпштэйн “Монголын дижитал валют… Энэ нь дэлхий даяар их анхаарал татаж, сэтгэл хөдөлгөх болно” гэжээ.
Мөн 2017 оны 7 дугаар сарын 8-нд 6:01 AM, Ч. Ганбат “Маш их баярлалаа. Үнэхээр ажил одоо л эхэлж байна. Таны санаачилсан Монголын оффшор бүсийн төслийг хэрхэн урагшлуулах талаар надад мэдэгдээрэй” гэж бичсэн и-мэйлийн хэсгийг доор зургаар орууллаа.

Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, шалгасан бичлэгт дурдсан “лабораторын аргаар гаргаж авсан мах хүний мах юм байна” гэх мэдээлэл 2023 оноос эхлэн цахим орчинд түгснийг олон улсын баримт шалгах байгууллагууд худал болохыг нь мэдээлж байжээ. Харин “Чингис” нэртэй койны тухай яриа Эпштэйний файл дахь имэйл дунд байна.




