Search

Төрийн банкны логог ашиглан “Төсвийн банк” нэрээр залилан үйлдэж байна

#FactCheckByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1812

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“250 сая төгрөгийн шагналтай уралдаан зохион байгуулж байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нээгдээд удаагүй, Бенин улсаас нэг админ удирддаг хуудаснаас Төрийн банкны нэрийг барьж залилан үйлдэж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2026 оны 01 дүгээр сарын 26-нд Улсын банк нэртэй хуудаснаас “250 сая төгрөгийн шагналтай уралдаан зохион байгуулж байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 203 реакц, 581 сэтгэгдлээр идэвхжүүлж, 24 удаа цааш түгээсэн байна.

Сүүлийн үед банк, албан байгууллагын нэр барьж “шагнал, урамшуулал, мөнгөн тэтгэмж өгнө” гэх агуулга бүхий мэдээлэл түгээх үзэгдэл ихэссэн. Ингэхдээ хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, цаашлаад санхүүгийн залилан үйлдэж байна. Иймд мөнгө, шагнал, тэтгэмж өгнө гэх  санхүүгийн холбогдолтой мэдээллийг шалгах баримт шалгах анхан шатны аргыг хуваалцаж байна.

Нэгдүгээр алхам: Хаяг шалгах

Аливаа мэдээлэлд шууд итгэхээсээ өмнө хаягийг шалгаж хэвшээрэй. Улсын банк нэртэй хуудас нь нийт 71 дагагчтай, 2 пост нийтэлсэн, нүүр зурагтаа Төрийн банкны логог байршуулжээ. Хаяг шалгахдаа хуудасны ерөнхий мэдээлэл болон пэйжийн ил тод байдлыг(page transparency) шалгах нь зүйтэй. Улсын банк хуудас нь 2026 оны 01 дүгээр сарын 26-нд нээгдсэн ба Бенин улсаас нэг админ удирдаж байна. Үүнээс харвал нээсэн өдрөө “250 сая төгрөгийн шагнал өгнө” гэх агуулга бүхий пост нийтэлж, өөр пост оруулаагүй байна. Хэдий Улсын банк гэдэг нэртэй ч хаяг байршил, холбогдох дугаар, албан ёсны сайт, и-мэйл зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй, нээгдээд удаагүй, бусад байгууллагын лого ашигласан нь хуурамч хаяг болохыг илтгэж байна.

Төрийн банкны албан ёсны Facebook хуудас нь нийт 318 мянга гаруй дагагчтай ба 2012 оны 2 дугаар сард нээгдэж байжээ.

Хоёрдугаар алхам: Агуулгыг нягтлах

Хаяг, хуудсыг шалгасны дараа түгээсэн мэдээллийн агуулгыг нягтлаарай. Улсын банк хуудсыг шалгаж, хуурамч хаяг болохыг баталсан. Гаднын удирдлагатай хуурамч хаягаас ихэвчлэн үг, үсэг, найруулгын алдаатай мэдээлэл түгээдэг. Тухайлбал, шалгасан мэдээлэлд “Стат банк”, “Төсвийн банк” гэх Монгол Улсад байдаггүй аж ахуй нэгжийн нэр оруулсан байна. Мөн “Төсвийн банк хожих онцгой уралдаан”, “үнэгүй оролцоо” гэх найруулгын алдаатай, орчуулгын хэрэглүүр ашигласан мэт текст оруулжээ.

Шалгасан мэдээлэлд хэрэв уралдаанд оролцохыг хүсвэл “хувийн мессежээр дугаараа илгээнэ үү” хэмээн бичжээ. Энэ нь хувь чатаар холбогдохыг уриалж, хувийн мэдээллийг авах гэсэн оролдлого юм.

Гуравдугаар: Зургаар хайх, шалгах

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг сайтар ажиглавал баруун доод буланд Google Gemini хиймэл оюуны лого харагдаж байна. Зурагт албан байгууллагын лого, нэмэлт мэдээлэл огт байхгүй ба “хуртел” хэмээн алдаатай үг оруулжээ. Сүүлийн үед залилангийн шинжтэй мэдээлэлд хиймэл оюунаар бүтээсэн зураг хавсарган түгээх нь ихэссэн. Иймд аливаа зургийг сайтар ажиглаж, нягталж хэвшээрэй. Мөн зураг шалгахдаа Google Lens, Yandex, Bing зэрэг хэрэглүүр ашиглаж, зургийг эх хувилбарыг олох боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“250 сая төгрөгийн шагналтай уралдаан зохион байгуулж байна” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document